Таван хүн тутмын нэг нь элэгний вирустэй
Манай улсын 10 мянган хүн тутамд 2714 хүн нь элэгний өвчнөөр өвчилж байна гэсэн судалгаа байдаг. Алтан амь авч одож буй энэ өвчлөл хүн амд чимээгүйхэн нүүрлэж байгааг статистик судалгаа харуулж байна. Таван хүн тутмын нэг нь элэгний вирустэй гарч буй нь манайд энэ өвчлөл өндөр байгааг нотолсоор байна. Элэгний В, С вирүс мэс засал, тариураар, A вирүс бохир гар буюу ариун цэвэр муу сахисанаас болдог гэдэг. Элэгний С вирүс бэлгийн замаар хүртэл дамжин халдварладгийг мэргэжилтнүүд сануулж байгаа юм. Элэгний эмгэг үүсгэгч есөн төрлийн вирүс байдгаас манай улсад тавыг нь тодорхойлдог гэж байна. Үүнээс В, С вирүсийн маркерийг голчлон тодорхойлдог байна.
Элэгний өвчлөл ихсэж буйн гол шалтгаан нь хорт зуршлаас болдог байна. Тухайлбал архи ихээр хэрэглэдэг хүний элэг нь архин дахь хатуулаг бодисыг задалж дийлдэггүй байна. Элэгний вирүсын гаралтай өвчлөлөөс гадна төрөлхийн эмгэгтэй хүүхдүүд төрөх нь их болсон байна. Төрөлхийн гажигтай хүүхдэд хэдхэн долоон хоногийн дотор элэг солих шаардлагатай гэнэ. Тиймээс манай улсад элэг шилжүүлэн суулгах хэрэгцээ гарч ирж байна. Үүнийг дагаад донорын асуудал хурцаар тавигддаг. Гадны орнуудад донорын асуудлыг төрийн бодлогоороо зохицуулдаг байна. Харин манайд энэ талын эрх зүйн орчин дутмаг байсаар байгааг ч хэлж байгаа юм.