Ц.Оюунбаатар: Сэжигтэн болон ялтнуудын эрхийг төр хариуцах ёстой
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар нар өнөөдөр хүний эрхийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Д.Ганбат гишүүн “461-р хорих ангид хоригдож байгаад амь насаа алдсан иргэн А нь эмнэлгийн тусламж авч чадаагүй. Одоогийн байдлаар холбогдох хууль, хяналтын байгууллага шалгаж байна. Ер нь хорих байгууллагад хүний эрх зөрчигдсөөр байгаа. 2014 он гарсаар 5 хүн хорих байранд амь насаа алдсан тохиолдол гарсан юм. Тэдний нэг нь Малайз улсын иргэн байжээ. Цаашид Гэмт хэргийн тухай хууль, Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг батлуулж хүний эрхийн асуудлыг цэгцэлнэ” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Хорих байранд хоригдож байгаа, нийгмээс тусгаарлагдсан, эрх нь хязгаарлагдмал байгаа сэжигтэн болон ялтнуудын эрхийг төр хариуцах ёстой. Гэвч тэдний эрхийг зөрчсөөр байна. Иймээс Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороо, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран хүний эрхийн асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллана” гэв. Мөн албан үүрэгтээ хариуцлагагүй, хайнга хандаж хүний амь насанд хүрсэн албан тушаалтануудад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэдгийг хэлсэн.
П.УНДРАМ
Оллоо.мн