Хуулиар дархлагдсан лицензийн наймаа

Монгол Улсын газрын доор баялгийг баталгаажуулсан төрийн тамгатай албан бичгийг ил далдаар  хэн нэгэндээ зарах, худалдахыг лицензний наймаа гэж бид ярьдаг. Одоогоос арваад жилийн өмнө лицензний наймаагаар гаршсан этгээдүүд үйлдвэрлэл явуулж, үйлчилгээ эрхлэхийн зовлонгүйгээр амархан баяждаг байлаа. Гүрэн дамжсан энэхүү наймаа сүүлдээ хэт хавтгайрч, албан тушаалтнууд ч үүнд гар бие оролцдог гэх хардлага олон нийтэд төрөх болсон юм. 

Ашигт малтмалын эрэл хайгуул хийнэ, ашиглана олборлоно хэмээн авсан тусгай зөвшөөрлөө подхийсэн үнээр цааш нааш нь борлуулахын эсрэг  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-аар батлуулсан бий.  Улсын тэргүүний зүгээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эмх замбараагүй олгох, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид шилжүүлэх, цааш дамжуулан худалдах нь хэт хавтгайрсан.

Энэ нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд  нөлөөлж болохуйц хэмжээнд хүрээд байгаа гэж үзэн үүнийг цэгцлэх, зөрчил дутагдлыг нь арилгахаар дээрх хуулийг санаачилсан ч үр дүнгээ өгсөн гэхэд хэцүүхэн байна.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн дагуу Ашигт малтмалын газраас  шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа ч лицензны наймааг устгаж чадахгүй байна. Учир нь Ашигт малтмалын хуулийн 49.1, 49.2 заалтад  тусгай зөвшөөрлийг шилжүүлж болно хэмээн цагаан цаасан дээр хараар дурайтал бичээстэй байх.

Нэгэнтээ л тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хуульчилаад өгсөн болохоор цагдаагийнхан ч , Ашигт малтмалын газар ч лицензний наймааг хорьж, цагдах эрхгүй. Жишээ нь, иргэн Дорж хайгуулын гэх нэрээр авсан лицензээ Ивандаа ч юм уу, эсвэл ноён Лид хэчнээн төгрөгөөр зарах нь түүний хэрэг. Тэгэхээр хуульд өөрчлөлт оруулаагүй цагт тусгай зөвшөөрлийг найцаалцах асуудлыг цэгцэлнэ хэмээн саналтгүй нь.

Одоогийн мөрдөж байгаа Ашигт малтмалын хуулийн гол үндэс нь 1997 онд УИХ-аар батлагдсан юм. Тэр үед гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хуульд суулгаж өгсөн аж. Ингэхдээ Канад, Австрали зэрэг гадаадын зөвлөхүүдийг авч ажиллуулжээ. Тиймээс энэ хуульд цоорхой гарсан, зарим нэгэн зүйл нь гадаадын иргэдийн эрх ашгийг хамгаалсан, тэдэнд нэн тааламжтай нөхцлийг тусгасан гэж зарим хүн үзэж байна. Өөрөөр хэлбэл, тэд энэ хуулийг үндсээр нь өөрчлөх ёстой гэдэг саналыг гаргаж байгаа юм.

Тухайлбал, Ашигт малтмалын хуулийн 27.1.6, 28.2, 29, 30 дугаар заалтыг хасч буюу хүчингүй болгох шаардлагатай гэнэ. Түүний оронд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо бусдад шилжүүлэхийг хориглосон гэрээ хийх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байна. Мөн тус хуульд 49.12 дугаар заалтыг шинээр бий болгож, хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад хэсэгчлэн болон нийтэд нь шилжүүлэхийг хориглоно. Харин тухайн талбайд үр ашигтай нь нотлогдсон ордын нөөц тогтоогдсон бол хууль тогтоомжид нийцүүлэн зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч болно гэж өөрчлөх хэрэгтэй хэмээн зарим эдийн засагч үзэж байна. Мөн ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж шинэчлэхдээ дээрх хуулийн цоорхойг нөхөж ард түмний баялгийг ашиглахгүй байлгаасай билээ.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button