Төсөв нь тасарсан тодотгол

Эдийн засгийн хямралаас яаж богино хугацаанд гарах вэ, Улсын төсвийг хэрхэн зөв оновчтой захиран зарцуулах вэ гэдэг өнөөдөр Монголчуудын хувьд номер нэг асуудал болоод байгаа.

2014 оны төсвөөр 31 сая тонн нүүрс олборлоно, валютын ханшийг 1384 төгрөгт барина гэх зэрэг тооцоо судалгаагүй тоо оруулж, түүнээ дагуулаад 240 гаруй обьектыг царцаах байдлаар буюу төсөв дээр мөнгө тавихгүйгээр, тодорхойгүй байдлаар баталсан. Төсвийг боловсруулж барихаасаа эхлээд хэлэлцүүлэх шатанд эрх баригч хүчин дэндүү хариуцлагагүй хандсан нь нэгэнт тодорхой болж, Монгол Улсын төсвийн нэгдсэн бодлого алдагдах эрсдэл үүсээд байгаа билээ.

Иймээс ч Засгийн газраас энэ алдаагаа засаж, залруулах үүднээс 10-аад хоногийн өмнө УИХ-аар 2014 оны төсвийн тодотголыг оруулж ирэн хэлэлцүүлсэн. Засгийн газар 2014 оны тавдугаар сараас 12 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд зарцуулахаар төлөвлөсөн зарим урсгал зардлыг 10-30 хувь бууруулахаар тооцож, нийт 40 орчим тэрбум төгрөгөөр батлагдсан төсвийн нийт урсгал зардлыг бууруулахаар  төсвийн тодотголын төсөлд тусгасан байсан.

Мөн үүнтэй зэрэгцээд “Эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоног”-ийг зарлаад байгаа.

Гэвч Засгийн газраас  боловсруулсан төсвийн тодотгол нь заримд нь таалагдсангүй. Ялангуяа УИХ дахь МАН-ын бүлэгт таалагдаагүйгээр барахгүй тэд уг төсвийн тодотголоо эргүүлэн татахыг сануулах боллоо.

Тэд Төсвийн тодотголыг  Засгийн газар  дэндүү хариуцлагагүй байдлаар оруулж ирсэн. Төсвийг хугацаанд нь батлахын тулд хүчилж баталсан, Чингис бонд, Самурай бонд, Хөгжлийн банкны  өрийг төсөвтөө суулгаагүй хэмээн ихэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Түүгээр ч барахгүй Засгийн газар эдийн засгаа аврах 100 хоногийг зарлачихсан хэрнээ энэ тогтоолоо төсвийн тодотголтойгоо уялдуулж өгөөгүй нь шүүмжлүүлэх бас нэгэн бай болж байна.

Иймээс МАН-ынхан төсвийн бүх тооцоо алдаатай худлаа байна. Өөрөөр хэлбэл, 30 хувийн алдаатай төсөв тодотголоор орж ирсэн гэж үзэж байгаа юм.

Гэтэл эдийн засагчид хийгээд зарим нэгэн улс төрчид 100 хоног буюу гурван сар гарангийн хугацаанд эдийн засгаа эрчимжүүлж хэвийн болгоно гэдэг бүтэшгүй зүйл хэмээн харж байна.

Учир нь энэ онд барьж дуусгах боломжтой гэж үзсэн барилгын төслүүд тодотголоор оруулж ирсэн. Гэвч төсвийн орлого өнөөдрийн байдлаар 400 орчим тэрбум төгрөгөөр тасарчихаад байгаа энэ нөхцөлд тодотголд тусгасан бүх объектыг бүгдийг нь санхүүжүүлнэ гэдэг хэцүү байгаа аж. Үүнээс гадна Засгийн газар энэ төслүүдээ бүрэн санхүүжүүлж ондоо багтаан ашиглалтад оруулъя гэвэл төрийн данхар бүтцээ цомхотгож тэндээс хэмнэсэн төсвөөрөө санхүүжүүлэхээс өөр арга байхгүй болж байх шиг байна.

Г.Аянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button