Ардын намд зөвлөе, Ц.Нямдоржоос асуу

Намрын нэрмэлд цохиулж цамнасан согтуу шиг тал тал тийш үсчсэн Ц.Нямдоржийн хэрүүлийг өнгөрсөн долоо хоногийн турш ард түмэн зурагтаар үзлээ. Хүсэлтээ гаргаж сайдаас чөлөөлөгдсөн Х.Баттулгыг “…Солонгост сүйрсэн онгоцны ахмад шиг багаа хаяад зугтаж байна. Энэ бол Х.Баттулгын чаддаг ажил. ..”, “…Удахгүй ард түмэн чиний үнэн төрхийг олж мэднэ”, “… Ийм увайгүй этгээд сайдын ажлаа өгч байгаа нь зөв”, “… Энэ Засгийнханд хандаж хэлэхэд Х.Баттулгаас салж байгаад нь бас баяр хүргэе…” гэх мэтээр хэлсээр Байнгын хорооны хуралдааныг дуусгаж байгаа харагдав.

Маргааш нь пүрэв гаригийн чуулганы хурал дээр О.Баасанхүү гишүүн Х.Тэмүүжинийг огцруулах төслөө эргүүлэн татсныг мэдсэн Ц.Нямдорж дахиад л цамнаж гарлаа.  Тэрээр О.Баасанхүүг “…Оймсонд хавчуулагдаж үсрээд УИХ-д орж ирсэн хүн…” хэмээн нэрлэв. О.Баасанхүү  рүү дайрахтайгаа зэрэгцүүлэн хэдэн жилийн өмнө Л.Гүндалай Үйлдвэр худалдааны сайд байсан Б.Жаргалсайханыг огцруулна гэж байсныг ч дурдаад авна лээ.

Ийн өдөр дараалан агсам тавьж чуулганы танхимд хурц, шүүмж­лэлтэй гэхээсээ агсарсан согтуу үг урсган суусан Ц.Нямдорж гишүүн олон хүний уур унтууг хүргээд авах шиг болов. Уг нь тэр туршлагатай парламентч. Насаараа шахам УИХ-д суусан, бүр УИХ-ын дарга хүртэл байсан. Хэзээ, хаана, юу гэж дуугарахаа хамгийн сайн мэдэхээр хүн. Мэддэг ч байлаа. Харин энэ удаад тэр өөрийн мэдэлгүй л ингээд “урсгачихсан” бололтой юм.

Х.Баттулгын хувьд Ц.Нямдоржийн яг өнөөдрийн эвлэршгүй дайсан. Учир нь Х.Баттулга 2-3 жилийн өмнө Ц.Нямдоржийг айлын байр түрээслэж амьдардаг юм байна гээд олонд зарлачихсан. Энэнээс болж Ц.Нямдоржийн нэр хүнд навс унасан. Тиймээс тэр цагаас хойш “Женко” Х.Баттулгыг үзэхээ болиод байгаа. О.Баасанхүүд ч бас тэр тун дургүй.

Л.Гүндалай УИХ-д байхдаа Ц.Нямдоржтой бас л “үздэг” байсан. Энэ нь явсаар Ц.Нямдоржид үзэн ядуулах шалтгаан болжээ.

Уг нь Ц.Нямдоржийг нөгөөдүүл нь янз бүрээр хэлж амар заяаг нь үзүү­лэхгүй байгаа юм харагдаж үзэгддэггүй. Л.Гүндалай түүнийг тагнуулч, орондоо хууль засдаг энэ тэр гэхээ болиод зөндөө удаж байгаа. Сайд байхдаа яаж манаргаж явсан, хэн хэнтэй “дотно” харьцаатайг нь “Женко” Х.Баттулга ярьдаггүй. 2012 оны сонгуулиар хэний далбаан дор яаж явж, юунд хавчуулагдаад УИХ-д “үсрээд” орж ирснийг нь О.Баасанхүү бүр ч ярьдаггүй.

Харин мань Ц.Ням­дорж нэг л “зуусан” бол тавих дургүй ажээ. Бүр хорхойтой араандаа зуучихаад, эхнэр чавган­цын хэрүүлийн үгээр ч болов дийлж байж санаа­гаа амрааж, сэтгэлээ хуур­даг хүн бололтой. Гадаадаар үүнийг кайф гэнэ.

Ц.Нямдоржийн өс хонзонгоо кайфтайгаар авсан энэ өдрүүдэд Монгол Улсад олныг цочирдуулсан нэгэн харамсалтай юм болсон нь Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан Урьдчилан хорих төвд амьсгал хураасан явдал юм. Одоогийн байдлаар олон удаагийн хүсэлтийг нь огоорч “Таныг битгий эмчил гэж дээрээс тушаасан…” гээд гэдийж суусан шоронгийн ерөнхий эмчид эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл бий. Түүнээс биш ерөнхий эмчид хэн гэдэг эрхэм дээрээс үүрэг өгсөн нь бүрхэг хэвээр л байна. Чухамдаа хэргийн гол зангилаа нь тэрхүү “дээрх” хүн юм. Хэрэгт хяналт тавьж байсан прокурор О.Сарангэрэл үү, эсвэл хамт шалгагдаж байсан эрхмүүд үү гэдгийг удахгүй тогтоох биз гэж найдъя.

Ер нь Д.Амарсайхан агсны хэрэг олон нуугдмал хаагдмал, хуулийнхны хэлээр бугшмалыг илчлэх байх. Ил болсон дээрх бол нэгээхэн хэсэг нь. Бодоод үз дээ, яахаараа тангараг өргөсөн эмч хүн “Таныг эмчлэхгүй, битгий эмчил гэж дээрээс тушаасан…” гээд сууж байна вэ. Тэр үүрэг тушаал өгсөн хүн нь Эрүүл мэндийн яам хавиас биш гэдэг нь тодорхой. Эмч бол эмч. Эмч бол шоронгийн ажилтан, эсвэл мөрдөн байцаагч, прокурор, шүүгч биш. Эмч бол өвчтөнийг ялгах учиргүй. Магадгүй, тэр өргөст торны цаана сууж байгаа олон зуун залууст хүн сэтгэлээр ханддаг, зөөлөн эерүү харагддаг цорын ганц хүн нь эмч байх нь лавтай. Харамсалтай нь мань эмч тэгсэнгүй. Хонины арьс нөмөрсөн гэдэг шиг…

Яг үнэндээ Д.Амар­сайханы амь хохирсон энэ хэргийн цаана ердөө л хуулийн байгууллага дахь бугшсан холбоо сүлбээ, танил талаа харсан тушаал шийдвэрүүд байгаа нь илэрч байгаа юм. Үхээгүй л болохоос хэчнээн хүнийг битгий эмчил гэсэн тушаал шоронгийн эмчид ирдэг бол. Тэр эмчийн дээрээс ирсэн тушаалын хэдийг нь хэрхэн биелүүлсэн бол. Олон асуулт байна.

Хуулийн байгууллага дахь шинэчлэлийн талаар их ярьж байгаа. Шинэчлэгдэх юм огт байхгүй мэт PR, тархи угаасан мэдээлэл ямар ч их явав даа. Гэтэл байна аа. Шинэчлэх шаардлагатай юмнууд. Байх байхдаа хүний амиар нааддаг гажиг тогтолцоо газар авсан нь ил болж байна. Хууль бол хүний эрхийг баталгаажуулах гэж л байдаг. Бусдаас нь хамгаалах гэж, хооронд нь зохицуулах гэж… Гэтэл  түүнийг хэрэгжүүлэгчид нь өөрт ашигтай хэрэгсэл болгоод ашиглачихаар хэн хамгаалагдаж, хэн хэнийг зохицуулах вэ дээ.

Гэхдээ ийм л болчихож. Хамгийн гол нь ийм байдал зөвхөн өнөөдөр үүсээд, илэрч байгаа юм биш. Ужгирсан, бугшсан үзэгдэл. Өөрөөр хэлбэл, хэдэн жилийн өмнө үүссэн, байсаар ирсэн, одоо байгаа зүйл. Харин ирээдүйд байж болохгүй тогтолцоо. Тиймээс үүнийг хамгийн сайн мэдэх хүн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд насаараа шахам хийсэн Ц.Нямдорж гишүүн. Энэ хүн Монголын хууль зүйн салбарыг сүүлийн 10 гаруй жилд хаанчилсан. 2002 онд батлагдаад өнөөг хүртэл хэрэглэж байгаа хуулиуд ч түүнээр овоглон “амьдарсаар” байгаа. Хуулийн салбарын гавьяаг өмчилдөг шигээ гайг нь үүрэх зориг Ц.Нямдоржид байх учиртай. Тиймийн учир нам нь ч бас “бай”-гаа зөв хараалах хэрэгтэй. Д.Амарсайханы үхлээр энэ нам улс төрийн шоу маягтай зүйл хийгээд эхэллээ. Янз бүрийн арга хэмжээ зохиогоод л. Бас Ерөнхий сайдад шаардах бичиг хүргүүлсэн. Ингэ­хийн оронд сайд асан Ц.Ням­дорждоо шаардлага өгч, Ц.Нямдоржоосоо яа­гаад гэж асуугаач гэж МАН-ын дарга нарт зөвлөе.

Б.ДАМДИН-ОЧИР

ЗУУНЫ МЭДЭЭ

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button