“Railbus” үйлчилгээнд гарснаар замын ачаалал 30 хувь буурна
Сүүлийн жилүүдэд авто машины тоо өсөхийн хэрээр нийслэлийн замын түгжрэл ихсэх болсон. Энэ үед нийслэлийн Засаг даргын санаачилгаар хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран нийслэлийн дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь хүн тээвэрт ашиглах зориулалт бүхий RA-2 загварын “Railbus”-ыг Амгалан-Толгойт чиглэлд ирэх сарын 6-наас эхлэн нийтийн үйлчилгээнд оруулахаар төлөвлөж байгаа аж. Үүнтэй холбогдуулж өнгөрсөн баасан гарагт энэхүү анхны түүхэн үйл явдлын нээлтийн үйл ажиллагаа болсон юм. Төмөр замын анхны автобусны зорчигчид нь Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Зам тээврийн сайд А.Гансүх болоод бусад албаны хүмүүс байв. “RA-2” загварын автобус нь нийт 136 хүний суудалтай бөгөөд 250-300 хүн зорчих боломжтой.
Мөн анхны зорчигчдоо суулган Толгойт өртөөг зорьж, 12:00 цагт Улаанбаатар төмөр замын буудлаас хөдөлж 10 минутын дотор Толгойт өртөөнд хүрсэн юм.
Тус автобус нь нэг замтай үед өдөрт гурван удаа, хос замтай үед зургаан удаа 100 км цагийн хурдтай Толгойт-Амгалан чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих аж.
Нөгөөтэйгүүр дээрх ажлын хүрээнд дөрвөн байршилд шинээр нам тавцант зогсоол ашиглалтад оруулж, хуучин нэг зогсоол засварлахад зориулан 300 сая төгрөгийг нийслэлээс шийдвэрлээд байгаа билээ.
Түүнчлэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс хотын дундуур шинээр төмөр зам барих ажлыг 2014-2015 онд 18.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн байна.
Харин энэ оны тухайд Хархорин-Толгойт өртөө чиглэлд төмөр зам барьж хүлээлгэн өгөхөөр ажлаа эхлүүлээд байгаа юм. Нөгөөтэйгүүр евро стандартад нийцсэн энэхүү “Railbus” нь манай орны хувьд цаашид цоо шинэ зорчигч тээврийн төрөл болон хөгжих боломж нээгдэж байгаа юм.
“Улаанбаатар төмөр зам”-ынхан энэхүү үйлчилгээг нээхийн тулд 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг өөрөөсөө гарган, 3.7 км төмөр замын шинэ шугам барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Ингээд зогсохгүй ирэх он гэхэд шугам “Улаанбаатар-Амгалан” хооронд үргэлжлүүлэн баригдаж “Амгалан-Толгойт” гэсэн “railbus” шугам бүрнээр ашиглалтад орох аж.
Ингэснээр нийслэлийн зорчигч тээврийн сүлжээний ачааллыг бууруулах зорилтын хэрэгжилтэд томоохон хувь нэмэр оруулна гэж албаныхан үзэж байна.
Э.Бат-Үүл: Зургаан зогсоолыг шийднэ
Энэхүү түүхэн явдлын үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Нэлээд дээхнээс ярьсан ажил биелэлээ олсон нь нэг талаар сайн. Нөгөө талаар одоо зогсоолын асуудал яригдах байх л даа. Энэ асуудлыг автобус явж эхлэх хугацаанаас өмнө дуусгаж амжих болов уу?
-Мэдээж ирэх сарын 6-наас өмнө амжуулж зогсоолуудаа хийхээр төлөвлөж байна. Энэхүү ажлын хүрээнд эхний ээлжинд нийт зургаан зогсоолын асуудлыг шийдвэрлэх юм.
-Үйлчилгээний төлбөр, явах цагийн хуваарь зэрэг нь тодорхой болсон уу?
-Төмөр замын гол тэнхлэг шугам дээгүүр олон улсын тээвэр яваад байгаа учир өдөрт гуравхан цагийн үйлчилгээ үзүүлэх боломжтой байна. Хос төмөр зам тавьчих юм бол өдөрт зургаагаас доошгүй тээвэрлэлт хийгээд байж болох юм. Л.Гансүх сайдын хэлж байгаагаар ахиад нэг “railbus” авна гэсэн. Ингээд хоёр “railbus” зорьж, солбиод яваад байна гэсэн үг. Хэрэв ингэвэл бид төмөр замын үйлчилгээг хангалттай хүргэж чадахаар болж байна гэж ойлгож болох юм.
-Хос төмөр зам хэдийгээр бэлэн болох вэ?
-Төмөр замынхан богино хугацаанд Толгойтоос эхлүүлээд хийж байна. Ингээд үзэхээр хоёр жилийн хугацаанд хийж дуусгахаар төлөвлөж байна.
-Төмөр замын автобусыг оруулж ирж байгаа шалтгаан нь замын ачааллыг бууруулах. Ингэснээр нийслэлийн замын ачаалал хэдэн хувиар буурна гэж тооцоолж байна вэ?
-Замын түгжрэл 30 хувиар буурна гэж мэргэжилтнүүд хэлээд байгаа. 30 хувь гэдэг асар өндөр тоо. Мөн маш том дэвшил юм.
-Тэгэхээр дэд бүтэц шийдэгдэхээр зам дагуу хөгжил ирдэг гэдэг. Зогсоол, замыг нь тавьснаар ийм байж чадах болов уу?
-Ямартай ч ингэснээр хотын зах, гэр хороолол гэх ойлголт байхгүй болно. Яагаад гэхээр хүмүүс үүнийгээ дагаад л суурьшлын бүсээ нэмэгдүүлэх бололцоотой болчихно.
Тухайлбал 20 минут давхиад л хүмүүсийг Толгойт, Нарантуулд хүргэчихдэг нийтийн тээвэр байж байхад хотын зах гэдэг ойлголт байхгүй болно. Тэгэхээр шинэ суурьшлын бүсээ тодорхойлоод барилгажуулж эхэлж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэнд үйлчилгээ эрхлэх хүмүүс маш хурдан үйлчилгээтэй нийтийн тээврээр холбогдчихно.
Ер нь нийтийн тээврээ дагаж хот хөгждөг. Төмөр замаа дагаад худалдаа үйлчилгээ бүх зүйл очно. Нөгөөтэйгүүр өөрийн чинь хэлснээр бид зам дагуух тохижилтын ажилд анхаарах болно.
Өглөөний сонин
М.Санчир