Хоёр хүүхдээ шатаагаад зугтжээ
Булган аймгийн Орхон суманд олныг цочирдуулам онц хэрцгий гэмт хэрэг гарчээ. Амьдралынх нь утга учир, аз жаргал болсон бяцхан үрсээ машинд хийгээд шатаасан аймшигт хэргийг эцэг нь болох Ё гэгч үйлдсэн гэнэ. Хэргийн талаар Булган аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн орлогч, ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Ж.Ганбаяраас тодрууллаа.
–Танай аймагт бяцхан хөвгүүдээ шатааж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан гэв үү. Хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас нарийвчилсан тодорхой зүйл ярих боломжгүй. Энэ сарын 15-нд Орхон сумын нэгдүгээр баг Хөшөөт гэдэг газарт амьдардаг Ё гэгч нь эхнэртэйгээ маргалдсаны дараа таван нас, 10 сартай хоёр хүүгээ машиндаа хийж байгаад шатаасан байгаа. Хэргийг манай бие бүрэлдэхүүн шалгаж тогтоогоод мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлээд явж байна.
–Эцэг болох Ё гэгч нь амиа хорлохоор завдсан гэсэн үү?
-Гэмт хэрэг үйлдэхээс өмнө хөвгүүдээ машиндаа суулгаад гэрээсээ зайдуу явсан байдаг. Бидний тооцож буйгаар Ё нь хөвгүүдээ шатааж, өөрөө хамт амиа хорлох гэж санаа сэдэлтэй байсан юм шиг байна. Гэвч машин шатаж эхлэх үед нь өөрөө цонхоо хагалж гарчихаад хөвгүүдээ аврах нэг ч алхам хийгээгүй бололтой. Ё-г саатуулан шалгаж байна.
–Ё ямар ажил хийдэг хүн бэ?
-Малчин. Дөрвөн хүүхэдтэй юм билээ. Гэр бүлийн маргаанаас болж хоёр бага хүүхдээ шатааж хөнөөсөн аймшигт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Ер нь орон нутаг төдийгүй улсын хэмжээнд уурын мунхагаас болж гэмт хэрэг үйлдэх амиа хорлох гэсэн үйлдэл гарч байна. Манай цагдаагийн газрын дэргэд гэмт хэргийн гаралтад дүн шинжилгээ хийж судлах баг ажиллаж байгаа. Бид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийнхаа бүх сумдад зөвлөмж хүргүүлээд байна.
Д.ГЭРЭЛ
ЗУУНЫ МЭДЭЭ