О.Бурмаа 6 дахь удаагаа Улсын аварга боллоо

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн  өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэй: 55, 63, 75, эрэгтэй: 65, 86 кг-ын жингийн барилдаан болов.

Энэ өдөр О.Бурмаа зургаа дахь удаагаа, Б.Батмагнай, А.Батцэцэг, Б.Нямгэрэл, П.Өсөхбаяр нар анх удаагаа улсын аварга цол хүртлээ. Харин эрэгтэй 65 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай шувтаргын барилдаанд Гавьяат тамирчин Г.Мандахнаранг 3:2 онооны харьцаагаар ялж шуугиан тарилаа. Эмэгтэй 55 кг-ын жинд манай өсөж яваа хоёр идэр залуу бөх барилдаж, А.Батцэцэг өрсөлдөгчөө ялж П.Орхон хоёр дахь удаагаа аман хүзүүдэв.

86 кг-ын жинд П.Өсөхбаатар алтан медалийн төлөө О.Үйтүмэнтэй барилдахдаа 8 оноо дутуу явсан ч тамирчин хүний ялах хязгааргүй тэмүүллийг харуулж дараалан оноо авч хоёр онооны илүүгээр хожсон.

Өмнөх өдөр Ж.Чулуунбат таван удаа дараалан түрүүлж улсын аварга цолоо дархаллаа.

1999 онд болсон эмэгтэй чөлөөт бөхийн анхдугаар УАШТ-нд оролцож 44 кг-ын жинд хүрэл медаль авч байсан спортын мастер А.Чанцалнямаа УАШТ-д арав дахь удаагаа оролцож 75 кг-ын жинд хүрэл медаль хүртэж тэмцээн бүрээс медаль хүртэж нийтдээ 3 мөнгө, 7 хүрэл медаль авч шилдэг бөх болохоо дахин нотолж эмэгтэй бөхчүүддээ үлгэр жишээ боллоо.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button