"Улаанбаатар төмөр зам" 79.5 сая төгрөгийн торгууль төлнө
Гаалийн ерөнхий газраас Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт гаалийн бүрдүүлэлтийн шалгалт явуулж, зарим импортын барааг гаальд мэдүүлэхгүйгээр татваргүй хилээр оруулдаг байсан зөрчил илрүүлсэн юм. Энэхүү зөрчилд Гаалийн ерөнхий газраас 79.5 сая төгрөгийн торгууль оногдуулаад байсан билээ.
Харин Гаалийн ерөнхий газрын улсын байцаагчдын шийтгэлийг “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг эсэргүүцэж, шат шатны шүүхээр асуудлыг хэлэлцэж ялагдсанаар эцэст нь Улсын дээд шүүхэд хандаад байсан юм. Тэгвэл уг маргааныг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэж, 79.5 сая төгрөгийн торгуулийг “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээр төлүүлэх шаардлагатай гэсэн шийдвэрийг гаргажээ. Ийнхүү шүүхийн шийдвэр Гаалийн ерөнхий газрын талд гарснаар “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг 79,5 сая төгрөгийн торгуулийг төлөхөөр боллоо.
П.УНДРАМ
Оллоо.мн