Сэлбэ голыг сэхээх ажил хоёр жилийн дараа дуусна

Нийслэл хотын дундуур долгиолон урсдаг байсан Сэлбэ гол өдгөө хатаж ширгээд сүүлийн хэдэн жилд бороо орох цагаар булингартсан хог шороотойгоо хутгалдан урсдаг дүр зураг харагдах болсон. Харин хур бороо бага гантай жилд хуурай сайр харлан харагддаг нь нууц биш.

Тиймээс Сэлбэ голын урсцыг нэмэгдүүлж ойр орчимд нь амралт чөлөөт цагийн ногоон байгууламж барина хэмээн өмнөх засгийн газрын үед сүр дуулиантайгаар мэдэгдэж тууз хайчлан ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажилд таван тэрбум гаруй төгрөг шаардлагатайг хэмээн түүнийг нь ч  шийдэж байсан. Үүнийг сонссон нийслэлийн иргэд Монгол орны хаа сайгүй хариуцлагагуй уул уурхайн балгаар гол мөрөн ширгэж байхад ганц ч гэсэн голыг сэргээх болсонд  талархан хүлээн авч байсан билээ. 

Гэтэл энэ ажил эхлээд багагүй хугацаа өнгөрсөн ч сэргээд урсаад байгаа гол харагдах нь бүү хэл хажууд нь барьж байгуулах ногоон байгууламж төгөл нь ч алга. Анх төсөлөө танилцуулахдаа зүлэгтэй ногоон байгууламжтай явган хүний гол замтай, гол уруугаа буудаг 13 шат бүхий гарцтай, өвлийн улиралд гулгах талбайтай амралт зугаалгын орчин болохоос гадна хөрсний ус, гадаргын усыг нь ч давхар шийдэх гарцыг олсон хэмээж байсан.

Тэгвэл Сэлбэ голыг гурван хэсэг  болгон тохижуулах загвар нь гарсан. Эхний  тохижилтыг зургаадугаар сараас өмнө дуусгаж,  ашиглалтад оруулах бол үүний дараа  Арслантай гүүр,  Замын цагдаагийн газар хүртэлх ажлыг хийх юм байна. Үүнд 20 орчим  тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаард лагатай  байгаа аж. Энэ мөнгө төсөвт суугаагүй тул ажил нь  хэзээ эхэлж, дуусах нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. Замын цагдаагийн газраас цааш Дунд голыг  бага багаар тохижуулах ажлыг 2016 оноос өмнө  дуусгах юм байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button