Шилдгийн шилдэг гран-при шагналыг “Кихот ноён” жүжгийн уран бүтээлчид хүртлээ
Драмын урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадам 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Сонгодог урлагийн шилдгүүд хуран чуулсан энэ үдэш энэ жил уран бүтээлээрээ хамгийн шилдэг нь байж чадсан цөөн хэдэн уран бүтээлчид “Муза” бурханыг гардаж авсан. Драмын урлагийнхан энэ жил маш олон гайхалтай бүтээлүүдийг үзэгчиддээ хүргэсэн нь шүүгчдийн ажлыг нэлээд хүндрүүлж байсныг тэд наадмын үеэр хэлж байсан юм. Энэхүү наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтад драм, дуулалт, хүүхдийн, нэг хүний жүжгийн төрлөөр 36 бүтээл оролцсоноос хоёрдугаар шатанд 20 жүжиг, 80 гаруй уран бүтээлч өрсөлдсөн юм. Энэ удаагийн наадмыг олон улсын хүрээнд зохион байгуулж буй тул ӨМӨЗО, Тува, Египет, Серби улсын уран бүтээлчид бүтээлээ ирүүлсэн нь наадмын цар хүрээ болоод чанар чансааг илтгэж байсан. “Гэгээн Муза”-2014 наадмын улаан хивсний ёслол “Чингис” хааны талбайд 19 цагаас эхэлж 21 цагт шагнал гардуулах үйл ажиллагаа эхэлсэн. Дуулалт, Драмын, Хүүхдийн, Ганц хүний гэсэн төрлүүдэд шилдгүүдийг шалгаруулан алдаршуулсан билээ. Тэгвэл энэ жилийн наадмын нэг онцлог бол орон нутгийн театрууд маш амжилттай оролцож олон олон шилдэгийн шагналыг авсан явдал байлаа. Тодруулбал Дорнод аймгийн хөгжимт драмын театрынхан дуулалт жүжгийн төрөлд эрэгтэй эмэгтэй гол дүрийн шагналыг авсан нь том амжилт байлаа. Түүнчлэн Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрынхан хүүхдийн жүжгийн төрөлд дөрвөн шагнал авсан нь бас л том амжилт боллоо. Ингээд энэ үдэш “Муза” гардаж авсан шилдгүүдийг танилцуулъя:
Дуулалт жүжгийн төрөлд
Тайзны шилдэг зураач Ариунболд Дөш “Монгол шатрын домог” /ӨМӨЗО/
Шилдэг эрэгтэй туслах дүр Г.Ууганбаатар “Гоолингоо” /Сэлэнгийн долгио чуулга/
Шилдэг хөгжмийн зохиолч Дорноо “Монгол шатрын домог” /ӨМӨЗО/
Шилдэг эмэгтэй туслах дүр МУГЖ Б.Сарантуяа “Ромео Жульета”
Шилдэг эрэгтэй гол дүр Одсүрэн “Ван хүний үр” /Дорнод аймгийн хөгжимт драмын театр/
Шилдэг зохиолч С.Баярсайхан “Гоолингоо” /Сэлэнгийн долгио чуулга/
Шилдэг эмэгтэй гол дүр Н.Ариунчимэг “Ван хүний үр” /Дорнод аймгийн хөгжимт драмын театр/
Шилдэг найруулагч Г.Навчинхуар “Монгол шатрын домог” /ӨМӨЗО/
Хүүхдийн жүжгийн төрөлд
Шилдэг эмэгтэй туслах дүр Болортуяа “Муурын байшин”/Сүхбаатар аймгийн Жаахан шарга театр/
Шилдэг тайзны зураач Галбадрах “Муурын байшин”/Сүхбаатар аймгийн Жаахан шарга театр/
Шилдэг хөгжмийн зохиолч Ч.Мөнхжаргал “Муурын байшин”/Сүхбаатар аймгийн Жаахан шарга театр/
Шилдэг эрэгтэй туслах дүр Б.Отгонбат “Норовын намтар” /УДЭТ/
Шилдэг эрэгтэй гол дүр А.Чингүүн “Норовын намтар”/УДЭТ/
Шилдэг эмэгтэй гол дүр А.Тодгэрэл “Муурын байшин” /Сүхбаатар аймгийн Жаахан шарга театр/
Шилдэг найруулагч Ч.Түвшин “Норовын намтар” /УДЭТ/
Нэг хүний жүжгийн төрөлд
Шилдэг эмэгтэй жүжигчин Л.Эрдэнэ-Очир”Солиорол” /Black Box/
Шилдэг эрэгтэй гол дүр Г.Мөнхжаргал / Black Box/
Шилдэг зохиолч Б.Галаарид “Тэнгэрийн аялгуу”
Шилдэг зураач С.Мягмар “Краппийн сүүлчийн бичлэг”/ Black Box/
Шилдэг найруулагч Д.Сангибат /Тэнгэрийн аялгуу/
Драмын жүжгийн төрөл
Шилдэг хөгжмийн зохиолч “Х-ТҮЦ” продакшны бүтээл “Сэрүүн хасын нууц” жүжгээр Оки буюу Одбаяр
Шилдэг зураач “Кихот ноён” жүжгээр УДЭТ-ын зураач С.Ариунболд
Шилдэг эрэгтэй туслах дүр УДЭТ-ын бүтээл “Кихот ноён” Санчо Пансагийн дүрээр Г.Амгаланбаатар
Шилдэг эмэгтэй туслах дүр “Сэрүүн хасын нууц” жүжгийн Луо авхайн дүрээр Төрийн соёрхолт Н.Сувд
Шилдэг эрэгтэй гол дүр “Кихот ноён” жүжгийн Кихотын дүрээр Гавьяат жүжигчин С.Жаргалсайхан
Шилдэг эмэгтэй гол дүр “Сэрүүн хасын нууц” жүжгийн Сюэкогийн дүрээр Гавьяат жүжигчин И.Одончимэг
Шилдэг найруулагч “Кихот ноён” жүжгээр УДЭТ-ын найруулагч Б.Баатар.
Шилдгийн шилдэг уран бүтээл УДЭТ-ын бүтээл “Кихот ноён” жүжгийн уран бүтээлчид тус тус шилдгээр шалгарч Муза гардаж авлаа.
Мөн ССАЖЯамны сайд Ц.Оюунгэрэлийн нэрэмжит “Шилдэг залуу уран бүтээлч” шагналыг “Наташагийн мөрөөдөл” жүжгээр УДЭТ-ын залуу жүжигчин н.Одонтуяа гардсан бол Хүндэт “Муза”-г МУГЖ Норолхуад гардуулан өгсөн юм.