Н.Батцэрэг: Өрийн менежментийг хариуцдаг байгууллагатай болох ёстой
УИХ-ын гишүүн, “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн дарга Н.Батцэрэгтэй цаг үеийн асуудлаар ярилцаа.
-Бүлгийн хуралдаанд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг оролцуулсан нь Гэмт хэргийн тухай болон Зөрчлийн тухай хуулийн төсөлтэй холбоотой юу. Энэ хуулиудын ач холбогдол нь юу вэ?
-Энэ долоо хоногийн байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх юм. Тиймээс санаачлагч Хууль зүйн сайдаас дэлгэрэнгүй мэдээлэл авсан. Гэмт хэргийн холбогдолтой хуулийн төсөл гэдэг бол нийгэм, эдийн засгийн харилцаа, улстөрийн суурь хуулиудын нэг гэж бусад орнуудад үздэг. Өөрөөр хэлбэл олон нийтийн анхаарлын төвд байж, маш нухацтай урт удаан хугацаанд хэлэлцэгдэн батлагддаг. Тиймээс бид бүлгийн хуралдааны үеэр санал бодлоо нэгтгэхийн тулд сайдыг оролцуулсан хэрэг.
Бидний ойлгож буйгаар энэ удаагийн төслөөр Монгол Улсад чухам юуг гэмт хэрэг гэж үзэх, гэмт хэрэг хийсэн нь тогтоогдвол ялын бодлогыг хэрхэн явуулах, хэрвээ гэмт хэргээс чөлөөлсөн бол дараа нь ямар хариуцлага хүлээлгэж болох зэргийг тодорхой болгох юм. Түүнчлэн одоогийн Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж нэрлэгдэж байгаа 42 заалт үгүй болно. Өөрөөр хэлбэл төсөл энэ хэвээрээ батлагдвал тухайн 42 заалт гэмт хэрэг биш болж хувирна. Ингэснээр эдгээр заалтуудаар ял эдэлж байгаа хүмүүс суллагдах болоомжтой болно.
-Мэдээж нийгмийн өөрчлөлтөд нийцэхгүй байгаа учраас гэсэн тайлбар хийгддэг болохоор шинэ заалтууд ч орж ирж байгаа байх аа?
-Тиймээ. Шинээр 28 гэмт хэрэг заалт болон нэмэгдэж байгаа. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн төсөлд тусгаснаар өмнө нь гэмт хэрэгт тооцож байсан үйлдлүүдийг зөрчил гэхээр болж байгаа юм. Тухайлбал, танхайн сэдэлтэй гэдэг нэрийн дор маш олон гэмт хэрэг байсныг одоо зөрчилд тооцно. Мөн одоогийн хуулиар хүнийг цагдан хорьдог, баривчлан саатуулдаг байсан. Шинэ төслөөр эдгээрийг эрс багасгаж, эдийн засгийн заалтуудыг өргөнөөр ашиглахаар оруулсан байгаа.
-Гэмт хэргийн тухай хуулийг өргөн барьж байгаатай холбоотойгоор одоо ял эдэлж байгаа хоригдлуудыг суллах боломжтой гэж байна. Тэгвэл “Өршөөлийн тухай хууль”-ийг татаж авах уу?
-Тэр асуудлыг хууль санаачлагчид нь мэднэ. Гэхдээ би хууль санаачлагч гишүүдийн нэг болох Ц.Оюунбатаартай ярилцахад хуулийн төслөө татаж авах бодолгүй байгаагаа хэлсэн. Түүнчлэн дээр хэлсэнчлэн Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль маш удаан хэлэлцэгдэнэ. Энэ ондоо багтаж хэлэлцэгдэх эсэх асуудал, бүр намрын чуулганаар амжихгүй байх ч магадлалтай. Тиймээс гишүүдийн өргөн барьсан “Өршөөлийн тухай хууль” явдгаараа явна гэж харж байгаа. Ц.Оюунбаатар гишүүн хаврын чуулгандаа багтаж гарвал их сайн гэж үзэж байгаа. Учир нь ял эдлэж байгаа хүмүүс урин дулаан цагт суллагдсанаар нийгэмтэйгээ дасан зохицоход дөхөмтэй байдаг юм билээ. Хэрвээ хүйтний улиралд суллагдвал ах, дүү муутай, найз нөхөд багатай хүмүүс эргээд эрсдэлтэй байдалд орох асуудал үүсдэг. Тиймээс манай бүлэг хаврын чуулганд багтааж энэ хуулийг батлуулна гэсэн байр сууриндаа хэвээр байгаа.
-УИХ гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах саналаа татаж авсан. Энэ асуудлаар бүлэг дээр ярилцсан уу. Төрөөр тоглож байна гэх үгийг дагуулаад байгаа шүү дээ?
-О.Баасанхүү гишүүн Хууль зүйн сайдыг огцруулах санал оруулахдаа бүлгийн гишүүдтэй ярилцаж хэлэлцээгүй. Асуудалд хувь гишүүний байр сууринаас хандсан. Саналаа татахдаа ч мөн зөвшилцөж, хэлэлцээгүй. Бидний хувьд өөрийнхөө хүрээнд энэ асуудлыг хийсэн гэж ойлгож байгаа.
-МАХН АН-тай хийсэн санамж бичигт аль нэг сайдыг огцруулахгүй гэсэн зүйл заалт байгаа юм биш үү?
-“Шударга ёс эвсэл” хоёр намаас бүрддэг гэдгийг бүгд мэдэж байгаа. МАХН АН-ын тухайд санамж бичиг байгуулсан гэдгийг МҮАН мэдэж байгаа. Хоёр намын удирдлагууд энэ талаар хэлсэн. Бид тохиролцоо нь нууц эсвэл буруу гэж үзсэн зүйлгүй.
-Энэ долоо хоногийн бас нэг чухал хуулийн төсөл бол Өрийн удирдлагын тухай. Гэхдээ өрийн хэмжээг ДНБ-ий 70 хувьтай тэнцвэл үндэсний аюулгүй байдлын асуудалд сөргөөр нөлөөлнө гэж үзэх нь бий. Энэ асуудалд танай бүлгээс өрийг нэмэгдүүлэх эрсдлийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Бүлгийн гишүүд Өрийн удирдлагын тухай хуулийн талаар хэлэлцэж, дэмжихээр болсон. Хэдийгээр “Өр” гэдэг нэртэй ч хэрэгтэй зээлээ гаднаас аваад эдийн засгаа эрчимжүүлэх нь зүйтэй.
Мөн энэ хуультай холбогдуулан гадны шууд хөрөнгө оруулалт татахаас илүүтэйгээр гадаад зах зээлээс хөрөнгө босгох, зээл авах байдлаар явбал илүү үр дүнтэй. Хэрвээ гадны хөрөнгө оруулалтыг босгож, зээл авч чадвал өөрсдөдөө баялгийг үлдээх болно. Өөрөөр хэлбэл өрийн босгыг өндөрсгөх нь Үндэсний аюулгүй байдалд шууд хохиролтойгоор нөлөөлнө гэж үзэхгүй байгаа. Гол санаа нь гадаад санхүүгийн байдал дээр Засгийн газрын зээл авах, мөнгө босгох үйлдэл нь эдийн засгийн өсөлтийг хангах, хүлээгдэж байгаа олон төсөл хөтөлбөрийг хэрхэн санхүүжүүлж байгаа талаасаа зөв байх ёстой. Эрсдэлд орохгүй байх үүднээс өрийн менежементийг хариуцдаг байгууллагатай болох учиртай. Энэ байгууллага нь эргээд ажлаа тайлагнадаг байх хэрэгтэй.
Өглөөний сонин
Ж.Нарангэрэл