Хилээр хууль бус бараа оруулахыг завджээ
ХХЕГ-ын Хилийн тагнуулын газарт Дорноговь аймаг дахь Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар эд зүйл нэвтрүүлж болзошгүй гэх мэдээлэл иржээ. Уг мэдээллийн дагуу энэ сарын 16-ны өдөр БНХАУ-ын талаас нэвтэрсэн 57-17 ДГО улсын дугаартай ХОВО маркийн автомашинд хилчид нарийвчилсан үзлэг шалгалт хийсэн байна.
Шалгалтаар барилгын материалын зориулалтын цавуу, ургамал хамгааллын зориулалтаар ашигладаг гэх нэр, гарал үүсэл нь тодорхойгүй хуурай нунтаг бодис 43 хайрцаг /504 кг/, цагаан хуванцар савлагаатай нэр шошгогүй, шингэн, хурц үнэртэй химийн бодис 1000 хайрцаг буюу 1000 ширхэг, ургамалын үр гэх хоёр төрлийн нийт 148 шуудай эд зүйлийг гаалийн бүрдүүлэлтэнд тусгалгүйгээр тээврийн хэрэгслийн ачаан доор нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Замын-Үүдийн дахь Хилийн 0108 дугаар ангийн Хилийн тагнуулын тасгийн илрүүлсэн дээрх ачааг Монгол Улсын иргэн Г.Багахүү хүлээн авч, гаалийн бүрдүүлэлтэнд тусгалгүй нуун оруулж ирсэн байна.
П.УНДРАМ
Оллоо.мн