Н.Мөнхбат: Чингис бондын эх үүсвэрээс дэд бүтцийн төслүүдэд 1.1 их наяд орчим төгрөг зарцуулсан
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбаттай ярилцлаа.
-Хөгжлийн банк байгуулагдаад гурван жил боллоо. Гэтэл хүмүүсийн дунд бондын мөнгийг энд, тэнд тараадаг л гэсэн ойлголттой байх шиг байна. Хөгжлийн банкны үйл ажиллагааны гол бодлого нь юу юм бэ?
-Хөгжлийн банкны баримтлах гол бодлого нь эдийн засгийн өсөлтийг түргэтгэх. Одоогоор манай эдийн засаг бүрэн хүчин чадалдаа хүрч чадаагүй. Тиймээс бүрэн потенциалд нь хүргэхийн тулд санхүүгийн илүү их эх үүсвэрийг бэлэн болгож, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь бидний үүрэг. Энэ үүргийнхээ хүрээнд бид тодорхой төслүүдийг санхүүжүүлж байгаа.
Төсөл хэрэгжүүлэгчдээ урьж, санал бодлоо солилцон, цаашид ажиллах төлөвлөгөө болон одоогийн үйл явц, манайхаас авсан хөрөнгө оруулалтаа хэрхэн төлөх тухай ярилцсан. Тухайлбал “Тавантолгой” ХК-ийн цахилгаан станц л гэхэд ирэх оны аравдугаар сард санхүүжилтээ бүрэн төлөх боломжтой гэж байна.
Тиймээс тухайн аж ахуйн нэгж өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлсэн ч удаан хугацаанд хэрэгжих төслүүдийг бид сонгон хөрөнгө оруулж, богино хугацаанд буюу үе шатыг нь түргэтгэх боломж олгосон. Энэ нь манай банкны “Хөгжлийн санхүүжилт” гэдэг хөтөлбөрийн хүрээнд хийж буй ажлын үр дүн. Үүний нөлөөгөөр эдийн засгийн тодорхой өсөлт гарна.
Тавантолгойн цахилгаан станцыг хэзээ нэгэн цагт барина. Гэхдээ эдийн засгийн одоогийн нөхцөлд дотоодын цэвэр эх үүсвэрээр барина гэвэл маш урт хугацаа шаардана. Тиймээс бондын хөрөнгөөс шууд санхүүжүүлчихвэл төслийг хэрэгжүүлэх хугацаа ойртож байгаа юм. Бид 10, 20 жилийн турш хийх ажлаа өнөөдөр хийчихвэл дараагийн ажилдаа илүү хурдан орж, эдийн засгийн өсөлтөө илүү түргэтгэх боломж нээгдэж байгаа юм.
-Өнгөрсөн хугацаанд санхүүжүүлсэн төслүүдээс шилдэг тавыг нь шалгаруулсан гэсэн. Тэдгээрийг ямар шалгуураар сонгосон бэ?
-Бид анхдагчдыг тодруулах зорилт тавьсан. Бондын санхүүжилт орж ирээд, эдийн засагт шингээд удаагүй байна. Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг 2012 онд босгосон. Харин Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг мөн оны сүүлчээр оруулж ирсэн. Тэгэхээр бондуудын мөнгө манай эдийн засагт өнгөрөгч оны туршид буюу жил гаруй хугацаанд эргэлдэж байна. Гэхдээ ганцхан жил болсон гэхэд дөрөв, таван төсөл маань хэрэгжээд дуусчихлаа. Энэ утгаараа бид анхдагч төслүүдээ шалгаруулсан.
Үүнд бид Хөтөлийн “Цемент-Шохой” компанийн үйлдвэрийг оруулаагүй. Тус үйлдвэрийг үндэсний хэмжээний гэдэг утгаар нээлтэд нь Ерөнхий сайд оролцсон. Энэ тухай орон даяар тодорхой хэмжээний мэдээлэлтэй болсон байх. Гэтэл энэ үйлдвэр бидний зүгээс санхүүжүүлж байгаа олон төслүүдийн нэг шүү дээ.
Хэдийгээр цар хүрээгээр дээрх үйлдвэртэй адил, том биш ч эдийн засгийн үр ашиг нь адилхан зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтын төслүүд нь хэрэгжээд үр дүнгээ өгөөд эхэлж байна. Хэрэгжээд дууссан эсвэл дуусах шатандаа орсон, хар үгээр хэлбэл “бат араандаа” орсон төслүүдийг шалгаруулсан.
-Чингис бондын эргэн төлөлтийн асуудалд иргэд төдийгүй улстөрч, эдийн засагч, судлаачид шүүмжлэлтэй хандаж байгаа. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ бол яах аргагүй байх ёстой, зөв болгоомжлол. Бид бондын хөрөнгийг зайлшгүй эргэн төлөх ёстой. Үүний тулд бид заавал эдийн засгийн үр ашигтай төслүүдэд хөрөнгө оруулах ёстой. Тухайлбал Чингис бонд гаргах зөвшөөрлийг Засгийн газарт олгосон УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоолд нийгмийн халамж болон улсын төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулахгүй гээд тодорхой заачихсан. Яг тэр заасан хүрээндээ бид эдийн засгийн үр ашигтай төслүүдийг санхүүжүүлж байна.
Мөн бусад төслүүдээ аваад явахын тулд заавал барьж байгуулах ёстой суурь дэд бүтцийн төслүүдээ санхүүжүүлж байна. Нөгөө талаасаа өөрийн гэсэн мөнгөн орлогоороо эргэн төлөлтөө хангах төслүүдийг санхүүжүүлж байгаа. Энэ болгоомжлол Чингис бонд дээр илүү яригддаг. Үүнээс үзэхэд Чингис бондын нийт эх үүсвэрээс ойролцоогоор 1.1 их наяд орчим төгрөгийг дэд бүтцийн төслүүдэд зарцуулсан. Үлдсэн хөрөнгийг буюу дийлэнх хэсгийг нь төслийнхөө орлогоос өөрөө өөрийгөө нөхөх боломжтойд оруулсан.
-Дэд бүтэц буюу аймгуудын төвийн авто замын ажлын эргэн төлөлт нь удаан гэж ярьдаг. Эргэн төлөлтийг чухам ямар замаар хийх вэ?
-Дэд бүтцийн төслүүдэд оруулсан хөрөнгө оруулалтын эргэн төлөлт удаан байдаг учраас 1.1 их наяд төгрөгөө бид 2022 онд төлөхөөр болсон. Тэгэхээр 2022 онд энэ мөнгийг манай улсын төсөв төлж дийлэх эсэхэд тодорхой төсөөлөл, судалгаа хийж үзэхэд боломжтой гэж гарсан. Яг 2014 оны үед үзэхэд улсын нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалтын зардал нь хоёр их наяд төгрөг гарсан. Энэ мөнгө 2022 онд эдийн засгийн өсөлтөө дагаад өсөх болов уу гэсэн бодолтой байгаа.
Нөгөөтэйгүүр аймгуудын төвийн хатуу хучилттай замуудын хөрөнгө оруулалт улсын төсөвт суугаад, үүнээсээ төлөх шаардлагатай. Учир нь эдийн засгийн үр ашиг нь татвараар орж ирдэг. Энэ нь дэд бүтцийн онцлог шүү дээ. Зам барьсан бол түүнийг ашиглаж байгаа компаниуд илүү их татвар төлнө. Яагаад гэвэл тэд илүү их бүтээгдэхүүн борлуулах боломжтой. Тэгснээр орлого нь татвараар дамжиж, улсын төсөвт ордог учраас улсын төсвөөс төлнө.
Дөрвөн их наяд гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал улсын төсөв дээр бий болох боломжтой болчихвол дэд бүтцийн төслүүдэд зарцуулсан мөнгөө эргэн төлөх бүрэн боломжтой болно. Энэ суурь дэд бүтэц маань өөр дээрээ тодорхой хэмжээний мөнгөн орлогогүй. Гэсэн хэдий ч түүнд тулгуурлаад шинэ үйлдвэр, эдийн засгийн бүтцүүд бий болдог. Зам барихгүйгээр бид аймгуудыг үйлдвэржүүлж чадахгүй.
Тухайлбал Баянхонгор аймаг хатуу хучилттай замтай боллоо гэж бодоход тэнд сүүний үйлдвэр байгуулчихна. Хэрвээ хатуу хучилттай замгүй бол сүүний үйлдвэр бүтээгдэхүүнээ хаашаа, хэрхэн гаргах вэ гэдэг нь асуудалтай.
-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг бондын хөрөнгөөс санхүүжүүлсэн эсэхэд олон нийт янз бүрийн байр суурьтай байдаг. Та тодорхой тайлбар өгөөч?
-Олон нийтэд зарим мэдээлэл буруу тараад байна. Яах вэ, бидний зүгээс олон нийтэд мэдээллээ түгээж чадахгүй байж болох юм. Гэхдээ Хөгжлийн банкны зүгээс энэ хөтөлбөрийг бондын хөрөнгөөр санхүүжүүлээгүй.
Тодруулбал нэг ч төгрөг ороогүй. Манай банк үүнийг санхүүжүүлэх ч боломжгүй. Яагаад гэвэл анхнаасаа зорилго нь өөр. Бид дунд, урт хугацаанд хэрэгжих ёстой төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдийг л санхүүжүүлдэг. Тэгэхээр бүх санхүүжилт амьдрал дээр хэрэгжиж, гарт баригдаж, нүдэнд үзэгдэх төслүүдэд зарцуулагдана.
Эргэн төлөлтийн тухайд бондын анхны эргэн төлөлтүүд 2017 онд хийгдэнэ. Энэ бол Хөгжлийн банкнаас гаргасан 580 сая ам.долларын бондын эргэн төлөлт. Үүнтэй холбоотойгоор 2017 онд ойролцоогоор 520 орчим тэрбум төгрөг улсын төсвөөс төлөгдөнө. Үлдсэн хэсэг нь төслүүдээс өөрсдөөс нь гарах юм. Өөрийн гэсэн мөнгөн орлоготой төслүүд маань 2017 онд эргэн төлөлтөө хангачихна гэсэн үг. Үүнд өргөтгөл хийгдэж байгаа ТЭЦ-III, IV ТӨХК, “Эрдэнэс Таван Толгой” ХК-д хийсэн хөрөнгө оруулалт зэргийг нэрлэж болно. Эд бүгд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ борлуулаад, борлуулалтын орлого авдаг төслүүд.
Тиймээс эдгээр төслүүд өөрөө өөрийнхөө эргэн төлөлтийг хангаад төлчихнө. Энэ эргэн төлөлтүүд ихэвчлэн 2017 болон 2022 онд, тодорхой хэсэг нь 2018 онд хийгдэнэ. Мөн энэ онд Чингис бондын 1.5 тэрбум ам.доллараас 500 сая ам.долларын эргэн төлөлт хийгдэнэ. Үүнийг бидний зүгээс улсын төсвөөс эргэн төлөгдөх шаардлагатай нэг ч төсөлд зарцуулаагүй. Дандаа өөрөө өөрөөсөө төлөх төслүүдэд оруулсан.
Тухайлбал “БҮК-1”-ийг нэрлэж болно. Энэ бол цэвэр өөрийн борлуулалттай, арилжааны үр ашигтай. Тэгэхээр авсан зээлээ буцаагаад 2018 онд төлчихнө. Харин Чингис бондын анхны 500 сая ам.долларын эргэн төлөлтийн нэг ч төгрөг улсын төсвөөс хийгдэхгүй. Цэвэр зээл авсан төслүүдээсээ төлөгдөнө.
Өглөөний сонин
М.Санчир