Монгол хэл, бичгийн хичээлийн цагийг нэмэх ёстой

Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтын журамд нэмэлт өөрчлөлт орж шинэчлэн батлагдаж байгаа билээ. Жил ирэх тутам өсөн нэмэгдэж буй их, дээд сургуулийн сургалтын чанар элсэгчдийн сурлагын амжилтыг сайжруулах мөн үндэсний хэл, бичгийн соёлыг түгээн дэлгэрүүлэх Засгийн газрын бодлогын хүрээнд багагүй өөрчлөлт хийжээ. Үүнээс онцолбол энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтаас эхлэн их, дээд сургууль, коллежид элсэх хүсэлтэй бүхий л ерөнхий боловсролын сургууль төгсөгчид монгол хэл, бичгийн хичээлээр шалгалт өгч байхаар боллоо. Өөрөөр хэлбэл, инженер, техникийн мэргэжил эзэмших байсан ч зайлшгүй монгол хэл, бичгийн хичээлээр шалгалт өгөх үүрэгтэй болж байгаа юм. Гэхдээ монгол хэл, бичгийн шалгалтад тэнцээгүй бол их, дээд сургуульд элсэх боломжгүй болно гэсэн ойлголт байхгүй.  Уг шалгалтын дүн, оноо элсэлтийн ерөнхий шалгалтад ямар нэг байдлаар нөлөөлөхгүй. Хамгийн гол нь монгол хэлний шалгалт өгч байж элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах эрх авч байгаа юм. Харин энэ талаар иргэд ямар бодолтой байгааг сонслоо. 

\Баянгол дүүргийн иргэн Я.Баасанбат: Шалгалт авах хэрэг байна уу

-Ерөнхий боловсролын сур­гуулийн нэгдүгээр ангиас эхлээд л монгол хэлний хичээл заадаг. Харин ахлах ангид орохоор монгол бичгийн хичээл нэмж заадаг шүү дээ. Тийм болохоор заавал арваннэгдүгээр анги төгсөхөд монгол хэл бичгийн хичээлээр шалгалт авах хэрэггүй гэж бодож байна. Монгол хүн юм чинь эх хэлээрээ ярьж бичиж байгаа шүү дээ. Тийм болохоор л хэрэггүй гэж хэлж байгаа юм. Харин монгол хэлний чиглэлээр цаашид их дээд сургуульд сурах хүүхдүүд энэ хичээлээр дагнаад шалгалтаа өгөөд явахад буруудахгүй. Тиймээс бүх хүүхдээс гэж хавтгайруулах хэрэггүй. Тэдэнд энэ шалгалтаас өөр зүйлд бэлтгэх цаг хугацаа байх хэрэгтэй.

\Чингэлтэй дүүргийн иргэн Р.Бат-Эрдэнэ: Монгол хүн эх хэлээ төгс эзэмших ёстой

-Дэмжиж байгаа. Өнгөрсөн сард байх энэ талаар телевизээр ярьж байсан. Миний хувьд үүнийг зөв гэж бодож байгаа. Монгол хүн бүр эх хэлээ төгс эзэмших хэрэгтэй. Энэ нь нэг талаар өөрийн мэдлэгт нэмэр оруулж байгаа ч нөгөө талаар улсыхаа тусгаар тогтнолд үнэтэй хувь нэмэр оруулж байна гэж хэлж болно. Бидний үед монгол бичгийг гаргууд сайн эзэмшдэг байлаа. Гэтэл одоо үед монгол бичгээ битгий хэл монгол хэлээ мэдэхгүй хүүхэд маш олон болжээ. Тийм болохоор энэ шалгалтыг цаашид байнга авч байх ёстой. Ерөнхий боловсролын сургуулийн энэ хичээлд зарцуулах цагийг ч уртасгах нь зөв.

\Баянгол дүүргийн иргэн О.Намжилсүрэн: Энэ асуудлыг дэмжиж байгаа

-Миний хувьд СУИС-д сурдаг. Энэ сургуульд орохдоо монгол хэлний шалгалт өгч байсан. Манай ангийн зарим хүүхдүүдийн хувьд монгол хэлээр шалгалт өгөхгүй их дээд сургуульд орох боломж байсан болохоор заавал шалгалт өгөөгүй. Энэ жилээс эхлэн монгол хэл, бичгийн шалгалт өгүүлэх болсныг дуулсан. Үүнийг ч дэмжиж байгаа. Бид бүхэн л эх хэлээ бүрэн төгс эзэмших нь чухал. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Монгол хэлний үгийн сан хумигдаж байгаа” гэх мэт мэдээлэл их гарах болсон. Тийм болохоор үүнийг нэгдсэн бодлогоор анхаарч байгаад баяртай байна.

\Чингэлтэй дүүргийн иргэн Д.Алтанцэцэг: Монгол хэл, бичгийн хичээлийн цагийг нэмэх ёстой

-Энэ асуудлыг дэмжиж байгаа. Өнөөдрийн нийгэмд хүн бүхэн гадаад хэл сурах гэж хошуурч байна. Гэтэл үүний муу үр дагаврыг нэг их анзаарахгүй байх шиг байна. Үүний цаана монгол эх хэл маань л устаж үгүй болох гээд байна шүү дээ. Тийм болохоор ерөнхий боловсролын сургуульд монгол хэл, бичгийн цагийг нэмэхээс гадна их, дээд сургуульд ч гэсэн хичээлийн хөтөлбөрт заавал оруулах ёстой. Тэгж байж бид эх хэлээ аварч үлдэнэ. Өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа өндөр төлбөртэй гадаадын сургуульд  монгол хэлний хичээл ордоггүй гэж сонссон. Ийм байж болохгүй. Эх орондоо гадаад хэл эзэмшиж болох ч эх хэлээ орхиж болохгүй. Саяхан УИХ-ын хэдэн гишүүн Монгол хэлний тухай хуулийн төсөл өргөн барьсан байна билээ. Энэ бол маш зөв асуудал. Бид ингэж байж л эх хэл, эх орноо хамгаалж үлдэнэ.

\Сонгинохайрхан дүүргийн иргэн Х.Ганчөдөр: Их сургуульд орохдоо энэ чиглэлийн шалгалтыг өгч байх ёстой

-Мэдээж монгол хүн бүхэн монгол хэлээрээ зөв сайхан ярьж, бичдэг байх ёстой. Гэтэл сүүлийн үед энэ байдал алдагдсан гэхэд болно. Яах вэ ерөнхий боловсролын сургуульд энэ талаархи хичээл орж байгаа ч үр дүн маш муу болж байна. Хотын аль ч гудамжаар явахад монгол хэлээр бичсэн зар сурталчилгааны самбар, гадаах хаяг ховор болсон гэхэд нэг их худлаа ярьсан болохгүй л болов уу. Өнгөрсөн жилээс эхлээд хаяг рекламыг нэгдсэн стандартад оруулна гэсэн ч өнөөдөр хүртэл биеллээ олсон зүйл алга. Зүгээр ярих нэг хэрэг. Үүнийг ажил хэрэг болгох бүр өөр. Тийм болохоор дарга нар ярихаасаа илүүтэй ажлаа хиймээр байгаа юм. Тийм болохоор бид их сургуульд орохдоо энэ чиглэлийн шалгалтыг өгч байх нь зөв.

\Чингэлтэй дүүргийн иргэн Тогтох: Эх хэлээ үгүй хийж болохгүй

-Б.Ренчин гуайн “Монгол хэл” шүлгийг хүн бүхэн мэдэх байх. “Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ” гэж эхэлдэг. Үүнээс үзэхэд монгол хэл гэдэг ямар зүйл болохыг шууд хэлж өгч байгаа юм. Тийм учраас бид багаасаа л монгол хэл, бичгээ маш сайн сурах хэрэгтэй. Үүнийгээ ч их дээд сургуульд орохдоо бататгаж, шалгалт өгч байх нь зөв гэж боддог. Хүн бүрийн ярианы баялаг муудаж, гадаад үгийг монгол үг мэт хэрэглэх үзэгдэл сүүлийн жилүүдэд эрс их болсон. Яах вэ улс орон хөгжихийн хэрээр энэ мэт зүйл байж болох ч эх хэлээ үгүй хийж болохгүй. Тэр дундаа босоо монгол бичгийг хүн бүхэн сурч, уншиж, бичдэг байх ёстой. Гудамж талбайд байгаа хаяг, рекламны салбарыг ч хүртэл бүгдийг монгол хэлээр бичсэн байх шаардлагыг тавих хэрэгтэй юм шиг санагддаг.

Монголын мэдээ

Э.Пагма

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button