Р.Жигжид: Газрын тос боловсруулах үйлдвэр барих судалгааг олон талаас нь хийж байгаа

Уул уурхайн яам өнгөрсөн бямба гарагт нээлттэй ажилласан билээ. Энэ үеэр Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидээс цөөн асуултад хариулт авлаа.

-Нүүрснээс хий ялгаруулах асуудал одоогоор ямар явцтай байна вэ?

-Хүрэн нүүрснээс байгалийн шатдаг хий гаргах төсөл юм. Үүнийг хэрэгжүүлэх төслийн нэгжийг байгуулчихсан ажиллаж байна. Төслийн нэгж маань Хятадын талаас хоёр, гурван ч судалгааны багийг хүлээж авсан. Ерөнхийдөө ордуудынхаа байдалд туршилтын судалгааг хийсэн. Усны судалгааг бас хийж байна. Одоогийн байдлаар тавьж байгаа зорилго бол ирэх долдугаар сарын сүүл гэхэд урьдчилсан техник эдийн засгийн хүчин чадлаа боловсруулах чиглэл дээр ажиллаж байна.

-Байгалийн хийг манайх үйлдвэрлээд эхэлчих юм бол жилд гаргах хүчин чадлыг хэд байхаар тооцоолж байгаа вэ?

-Анх Ерөнхий сайдын айлчлах үеэр зурсан санамж бичгийн гол агуулгад жилд 15 тэрбум шоо метр хийг үйлдвэрлэх асуудал багтсан. Ингэхийн тулд нүүрсний өөрийнх нь чанараас хамаараад 50-80 сая тонн хийн нүүрсийг олборлож ашиглах төсөл байгаа юм. Энэ төслийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 30 тэрбум ам.доллар орно гэсэн тооцоо бий. Гэхдээ үүнийг зөвхөн ганц орд дээр хийчих асуудал биш.

Тэгэхээр ордоос олборлолт хийгээд нэгдсэн хоолой шугамаар түгээх, түүнийхээ тодорхой хэсгийг Монгол Улсын хэрэгцээнд болон нийслэлийн хэрэгцээг хангах, дийлэнх хэсгийг  БНХАУ руу экспортлох ерөнхий зорилготой. Үүнийг хэд хэдэн үе шаттайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа. Тухайлбал, бүтээн байгуулалтынхаа явцад 40 мянган хүн ажиллах том ажлын байр бий болох юм билээ. Тэгээд ажил нь жигдрээд ирэхээр 10 мянган хүн ажиллах хэмжээний том төсөл байгаа юм.

-Монгол Улсын хийн төвш­ний хэрэглээ ямар байна?

-Бид хоёр тэрбум шоо метрийг хэрэглэнэ гэсэн тооцоо гаргаад байна. Хийн хэрэглээг нийтлэг болгох, ард иргэд хийг өдөр тутамдаа хэрэглэдэг болгохын тулд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэвшүүлэх, дадлагажуулах ашиглаж сургах хэрэгтэй. Тэгэхийн тулд зөөврийн хийг ялангуяа агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд гэр хороолол гэх зэрэг агаарт утаа их гаргадаг хэсэг бүлэг хоол хийхдээ хийн зуухыг өргөнөөр хэрэглэдэг болох юм. Ийм маягаар шат дараатайгаар арга ажиллагааг хэвшүүлэх хэрэгтэй.

-Өнөөдөр газрын тос­ны үйлдвэрлэл нэлээд удаашралтай явагдаж байна. Яамны хэмжээнд ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа гэсэн. Ажил хэр урагштай байна вэ. Япон улсаас зээл авах асуудал юу болж байгаа бол?

-Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр барих чиглэлээр бид нэлээд судалж ажиллалаа. Шийдвэр тогтоол гарсан учраас түүний дагуу ажиллаж ирсэн. Та бүхэн мэдэж байгаа. Эхний удаад бид 10 гаруй төслийг яаман дээр судалж үзээд тэндээс Дархан газрын тос гэсэн төсөл харьцангуй нэлээд судлагдчихсан байсан юм. Хөрөнгө оруулалт аль, аль талынх нь нөхцөлд бусдаасаа илүү урагшаа ахисан төсөл байсан.

Түүнийх нь дагуу үргэлжлүүлж, Японы талтай нэлээд ажилласан. Гэхдээ хэд, хэдэн асуудал байна. Хөнгөлөлттэй зээл хэрэгжүүлэхийн тулд Японы тал Засгийн газраас баталгаа гаргуулна гэж хэлдэг. Манайх тэр болгонд баталгаа өгөөд байх боломж бас муухан байсан. Энэ бол стратегийн ач холбогдол бүхий төсөл болохын хувьд харилцан ярилцаж нэгдсэн ойлголцолд хүрэх гэж хичээлээ.

Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ урьдчилсан байдлаар бол 700 сая ам.доллар гэж яригдаж байсан. Сүүлийн үед зах зээлийн хөдөлгөөн юмны үнийн өсөлт зэргээс болоод нэлээд өсөх төлөвтэй болж ирсэн. Нөгөө талаас сүүлийн үед манайд олборлож  байгаа газрын тосны олборлолтын хэмжээ дорвитой нэмэгдэж байна. Цаашдаа ч нэмэгдэнэ. Тэгэхээр ерөөсөө Монгол Улсад олборлосон газрын тосон дээрээ шууд суурилж хийх нь зүйтэй гэсэн чиглэлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн. Тэгэхээр тал, талынх нь нөхцөл байдлыг бодолцоод энэ асуудлыг дахиж гүнзгийрүүлэн судлах шаардлагатай болоод байгаа юм.

-Газарзүйн байршлийн хувьд сонголт хийхэд арай эрт байна уу?

-Газарзүйн байршлийн сонголтыг хийхэд маш олон хүчин зүйлс нөлөөдөг юм байна билээ. Юуны өмнө бидний гол анхаарлаа хандуулж байгаа зүйл бол өөрийн олборлож байгаа орд, өөрийн түүхий эдээ яаж хангахаа бодох хэрэгтэй. Цаашлаад энэ үйлдвэрт их хэмжээний цахилгаан эрчим хүч хэрэглэнэ.

Их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлээд зах зээл рүү хүргэнэ. Тэгэхээр түгээх дэд бүтцээ сайн бодох хэрэгтэй болно. Дээр нь маш их ус хэрэглэдэг. Мөн  цэвэр, бохир усныхаа асуудлыг давхар бодолцох гэх мэт маш олон талаас нь судлах ёстой юм. Цаашлаад ажиллах хүчний асуудал байна. Энэ бүгдийг бодолцож байж шийднэ дээ. Тэгэхээр үйлдвэрлэлийн  хүчин чадал хаана, ямар хэмжээтэй байх вэ гэдэг нь шахагдаад ирнэ.

-Тэгэхээр Дарханд боломжгүй юм байна, тийм үү?

-Бас 100 хувь авч болохгүй байна. Тэр бол нэг төсөл. Олон газар яригдаад явж байна гэж ойлгох хэрэгтэй.

Монголын мэдээ

Б.Даваахүү

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button