Монголчууд цахим түүх-Оршил
Эх орны түүх чинь чиний түүх
Эх орон чинь түүхгүй бол чи үгүй гэсэн үг
Сайн байцгаана уу?
Энэхүү Монголын түүхийн товч тоймыг анхааран сонсож буй та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсч талархахын ялдамд эх орныхоо агуу их түүхээр үргэлжид бахархан омогшиж түүний алтан хуудсанд өөрийн гэсэн бүлэг шад нэмэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж мэндчилье.
Би түүхч, түүхийн багш, архивын ажилтан хүн. Бодож байхад 1980-аад оны сүүлч 1990-ээд онд төрсөн залуус Монголынхоо түүхээс нэлээд хол хөндий өсч өндийсөн байдаг. Энд олон зүйл шалтгаан бий байх. Түүхч хүний хувьд бодоход хамгийн гол шалтгаан нь 1990-ээд оны үеэс эхлээд Монголын түүхийн хичээлийн үнэ цэнийг ихэд бууруулсанд оршино гэж би боддог юм. Энд төр засгийн ч алдаа бий, түүхчдийн ч алдаа бий. Нөгөө талаар тухайн үед манай залуус гадаад хэлний сургалттай сургуульд сурч боловсорч төгсөцгөөсөн. Энэ сургуулиудад Монголын эх түүхийн хичээлийг ер зааж байсангүй. Мөн энэ цаг үетэйгээ холбогдоод манай залуус, хүүхдүүд гадаадад сурч ажиллаж, амьдардаг болсон.
Энэ бүх шалтгаанууд энэ үеийн залуусыг эх түүхээсээ хол хөндий өсч өндийхөд хүргэсэн гэж би боддог. Би хэнд ч буруу өгөхийг төвдсөнгүй. Өөрийн бага ч гэсэн оролдлогоор энэ алдаа эндэгдлийг засахыг хичээж өөрийн толгойд буй мэдлэгийнхээ цар хэмжээнийхээ хүрээнд мэргэжлийнхээ ёс зүйг бодоод 1990-ээд оноос хойш төрсөн эрхэм Монгол дүү нартаа зориулж энэхүү CD түүхэн өгүүллийг хийж түгээхээр шийдсэн юм.
Тэгэхлээр эрхэм дүү нартаа зориулж өгүүлж буй миний энэхүү түүхэн тойм миний өөрийн хувь хүний бодол, ертөнцийг үзэх үзэл санаа нэвт шингээстэй нь ойлгомжтой учир та бүхэн авахыг нь авч хаяхыг нь хаяаарай. Миний өгүүлж байгаа бүхэн бас туйлын үнэн биш шүү.
Би зөвхөн та нарт зориулж та нарыг монголынхоо эх түүхийг хичээн үзэж судлаасай гэсэн үүднээс хийж байгаа учраас энэхүү хүлцэлийг би хэлж байгаа юм. Мөн миний өгүүлж буйтай санаа нийлэх эс нийлэх нь ч бас та бүхний бүрэн эрхийн хэрэг. Монголын түүх дэндүү их баялаг энэ монгол улсын түүхийг ярьж хөөрөхөд 30 цаг биш 300 жил ч багадна гэж би үздэг юм. Ийм учраас би бас та бүхнээс хүлцэл өчиж байгаа юм. Ямар хүлцэл гэхээр монголынхоо түүхийг маш их товчилсондоо, маш их тоймлон өгүүлж байгаадаа би та бүхний өмнө хүлцэл өчиж байна. Гэхдээ монгол улсын түүхийн мартаж үл болох явдал дээр л би ач холбогдол анхаарлаа хандуулсан гэдгээ та бүхэндээ уламжилья. Үүнийг та бүхэн минь ойлгоорой.
Хүн төрөлхтөний түүхэнд дэлхийн хэмжээний улс байгуулсан улс орон гарын таван хуруун дотор байдаг. Тэдний дотроос хамгийн агуу их эзэнт гүрэн байгуулсан нь зөвхөн бидний монголчууд шүү. Тэгэхлээр Монголын түүхийг ярина гэдэг дэлхийн түүхийг хүүрнэнэ гэсэн үг. Ийм учраас эрхэм мэргэн дүү нартаа агуу их энэ баялаг түүхээ цаашид гүнзгийрүүлэн үзэж, уншиж, судлах сэдэл санаа төрж их түүхийн цус, нулимс, хөлс ханхалсан их өвөг дээдсийнхээ ариун онгыг хүндлэн биширч явахын санаа бодлыг суулгаж чадвал ахынх нь ашдын зорилго биелэнэ. Үүний тулд л би энэхүү түүхийг хүүрнэн өгүүлж байгаа юм шүү.
Би мэргэн дүү нарт зориулж өгүүлэх сэдвээ гурван хэсэгт хуваасан юм.
Нэгдүгээр бүлэг хэсэг нь: Монголын эртний үеийн түүхийн товч
Хоёрдугаар бүлэг хэсэг нь: Монголын дундад үеийн түүх
Гуравдугаар бүлэг хэсэг нь: Монголын ойрхи үеийн түүх гэсэн гурван бүлэг хэсэг байх юм.
Нэгдүгээр бүлэг хэсэгт монгол нутагт чулуун зэвсгийн олдвор олдсон үеэс эхлээд төв ази хэмээх газар нутагт нүүдэлчдийн агуу их гүрэн Хүннү улс байгуулагдах үеийг энд хамааран өгүүлэх юм. Цаг хугацааны хувьд дэндүү агуу үе. Сая орчим жилийн түүх. Цаг тооллын хувьд нийтийн тооллын өмнөх 800 мянгаас нийтийн тооллын өмнөх 209 он гэсэн үе юм.
Хоёрдугаар бүлэг хэсэгт бол Хүннү үеэс эхэлсэн Монголын төрт улс их эзэн Чингис хааны үеэс бадран мандаж, ялан дийлж дэлхийн эзэнт улс байгуулж байснаа бууран доройтоод харь манжийн улсад дагаар орох үеийг хамаарна. Цаг хугацааны хувьд бас л их хугацаа. 1800 жил гаруйн түүх энд өгүүлэгдэх юм. Тооллын хувьд бол нийтийн тооллын өмнөх 209 оноос нийтийн тооллын 1691 он хүртэлх хугацаа энд хамаарч байгаа юм.
Гуравдугаар бүлэг хэсэгт Монголын ойрхи үеийн түүх гэсэн хэсэгт манж чин гүрний эрхшээлд орсон үеэс эхлээд эдүгээ бидний үе хүртэлх түүхийг энд хамааруулж өгүүлэхээр төлөвлөсөн. Цаг тооллын хувьд бол 1691 оноос 1990-ээд оны үеийг энд хамааруулж байгаа юм. Нийтдээ цаг хугацааны хувьд энд 300 гаруй жилийн түүх өгүүлэгдэнэ. Гэхдээ энэ сүүлийн гуравдугаар үед хамгийн их анхаарал хандуулж олон олон зангилаа асуудал хүмүүсийн түүх, болсон үйл явдлын учир шалтгааныг сөхөн тавина. Яагаад гэхээр түүхэн үе нь тийм юм. Энэ 300 гаруйхан жилийн үед түүхэндээ монголчууд асар их зовлон зүдгүүр амссан. Тийм учраас энэ үеийг бид онцгойлон задалж цаашид ярих болно. Өдий гэхдээ монголчууд дэлхийн эзэнт гүрний энд улсаа байгуулж байснаа өчүүхэн жижиг Монгол болтлоо ядарч доройтсон ч гэсэн их мэргэдийн хэлснээр ядарч доройтоод хог ухаж явсан ч язартлаа баяжаад хаад ноёд болсон ч гагцхүү би монгол хүн гэж хэлж чаддаг байх ёстой. Үүний тулд л бид түүхээ үзэх ёстой.Бид түүхээрээ бахархах ёстой. Үүний тулд л ах нь дүү нарыгаа энэ өнгөрсөн түүхрүү хөтөлж байгаа юм шүү. За ингээд эрхэм дүү нарыгаа агуу их Монголынхоо их түүхийн аян замд гарахыг хүсэж байна.