Дахиад үйлчилгээний төвүүд шатахгүй гэх баталгаа алга

Томоохон захууд болон үйлчилгээний төвд гал гарсан хэрэг явдлыг бүгдийг нь тоочвол барагдахгүй. “Ист”, “Нарлаг” төв, “Анун” төвийн агуулах шатсан гээд өч төчнөөн жишээ дурьдаж болж байна. Агуулах энэ тэр бол яах вэ, нэг байгууллага хохирно. Харин зах, худалдаа үйлчилгээний төвүүд шатвал маш олон иргэн, түрээслэгч хохирч байгаа. Түрүү түрүүчийн хохирогчдын хохирол бүрэн барагдаагүй хэвээрээ байсаар л байна. Тийм байхад зах, худалдааны төвүүд ар араасаа цуварч шатсаар байгаа нь юу хэлээд байна вэ. Гал гарах болгонд л цахилгаанаас болсон гэдэг дүгнэлт гардаг. Яах вэ, цахилгаан массласан тохиолдол бий л байх. Гэхдээ бүх галын шалтгаан цахилгааны жижиг сажиг массаас болоод байна гэхээр бас л эргэлзээтэй.

 

Үүний цаана тухайн худалдааны төвийн барилга, байшинг барьсан материал энэ тэртэй ч бас холбоотой. Ер нь бол худалдааны төвийн галын аюулгүй байдлыг тухайн байгууллага хариуцаж хашуулах үүрэгтэй. Энэ ажлаа нөхдүүд хийхгүй байна. Түрээсээ нэмж, ашиг орлого олох талаар л бодоод, улайраад байхаас биш галын аюулгүй байдлаа хангаагүй болж таарах гээд байна. Ядаж байхад нийслэлд байгаа томоохон худалдааны төвийн олонхи нь шатах материалаар баригдсан байдаг гэдгийг албаны хүмүүс хэлээд байгаа. Тодорхой хэлбэл, сэндвичэн хавтангаар барьсан гэсэн үг л дээ. Ийм барилгад гал гарвал маш хурдан тархдаг. “Бөмбөгөр”, “Нарантуул”, “Барс-2” гээд шатсан захууд бүгд л сэндвичэн хавтангаар барьсан байсан нь энэ бүхнийг батлаад байна. Дээрээс нь худалдааны төвүүд цахилгааны галын аюулгүй байдал хангаагүй байгааг ч албаны хүмүүс ярьж байна. Олон цайны газар нэг дор байрлаж шатдаг шингэрүүлсэн хий ашигладаг. Энэ мэтийг худалдааны төвийн удирдлагууд тооцохгүйгээр ашиг орлогоо бодоод байгаа нь гал гарах, хурдан тархах нөхцөл болоод байгаа гэдгийг ч дээр доргүй ярьж байна.

 

Харамсалтай нь энэ бүхнийг мэдсээр байгаа мөртлөө зах болон үйлчилгээний байгууллагууд энэ байдлыг огт тоохгүй хэвээр байгаа. Байдал энэ хэвээр үргэлжилбэл өөр зах, худалдааны төв шатахгүй гэсэн баталгаа алга. Бид галын дөл өөдөө хэмээн бэлэгшээж суусаар байтал бүх зах шатаад, наймаа хийж амьдрах гэж зүтгэж байгаа иргэд хохироод л дуусах нь. Уг нь холбогдох байгууллагуудаас зах, худалдааны төвүүдэд маш олон удаа шалгалт хийдэг юм билээ. “Нарантуул” худалдааны төвд гал гарсантай холбогдуулаад Монгол Улсын Шадар сайдын баталсан төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт ч хийсэн байгаа юм. “Барс-2” захад гэхэд 2011 оны дөрөвдүгээр сард, есдүгээр сард ч мөн мэдэгдэл өгч байсан юм байна. Мөн 2012 оны таван сард албан шаардлага өгч, 2013 оны хоёрдугаар сард үйл ажиллагааг нь зогсоосон гэж байгаа.

 

Түүнээс сарын дараа мөн албан шаардлага өгсөн аж. Улмаар есдүгээр сард нь үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан төдийгүй нэг удаа захиргааны арга хэмжээ авч 250 мянган төгрөгөөр торгож байсан аж. Гэтэл зөрчлөө арилгахгүй байсаар байгаад гал алдаж, олон түрээслэгчийн үйлийг үзэх шахсан. Азаар лангуу руу ороогүй нь тэдний зол болж. Өнөөдөр гал гарах нэг том шалтгаан нь энэ. Уг нь мэргэжлийн байгууллагууд нь шалгаад, шаардаад, торгоод байхад зөрчлөө арилгадаггүй. Ядаж байхад торгууль нь чимххэн болохоор авч хэлэлцдэггүй байх л даа. Түүнээс биш цаг тухайд нь нөхцөл байдлаа үнэлээд, цахилгааны асуудлаа шалгаад явбал гал гарах эрсдэл буурна шүү дээ. Тэгэхгүй ашиг орлогоо л бодож, улайран зүтгэсээр эцэстээ үнс нурамтай л үлдэж байна. Төр засаг, холбогдох байгууллагууд цаашид торгуулиа нэмж, дорвитой арга хэмжээ авахгүй бол “галын дөл өөдөө” хэмээн бэлэгшээсээр л суух болох нь.

Монголын мэдээ

Н.Пунцагболд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button