Монголын ард түмэн нэг санаатай нэгдмэл байж, улс орон минь хөгжинө

НИТХ-ын төлөөлөгч Д.Авирмэдтэй ярилцлаа.

 

-Таны хувьд нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон. Энэ хугацаанд тойрогтоо болоод нийслэлийн хэмжээнд ямар томоохон ажил амжуулсан талаар яриагаа эхэлье?

 

-Төлөөлөгч болоод хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд нэлээд олон асуудлыг удирдлагуудад тавьж, ажил хэрэг болгосон. Миний сонгогдсон тойрог маань нийслэлийн алслагдсан хороонд ордог учраас тэнд нийтийн тээвэр, гэрэлтүүлэг, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, худаг усны хангамж тааруу гээд ахуйн чанартай олон хүнд асуудал байдаг. Харин нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт “Алслагдсан дүүргүүдэд нийтийн тээврийн хүрэлцээг сайжруулах тухай” гэсэн заалтыг санаачлан оруулсан. Түүнээс хойш Тахилтын ам руу унаа явдаг болсон. Түүнчлэн тойрогтоо усан сангийн асуудлуудын тодорхой хувийг нь шийдэж өглөө. Мөн хур хог ихтэй гуу жалгуудыг цэвэрлэсэн гээд дурьдаад байвал нэлээд ажлуудыг амжууллаа. Дараагийн бас нэг чухал зүйл бол гэр хороололд гэрэлтүүлэг муу байдгаас олон сөрөг үр дагавар гардаг. Тиймээс энэ тал дээр тодорхой хэмжээний ажлууд хийхээр төлөвлөөд байна.

 

-Сонгинохайрхан дүүрэг нь хүн ам ихтэй, газар нутаг томтой ч томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж цөөн байдгаас болж татварын бааз муу хэмээдэг?

 

-Манай дүүргээс ИТХ-д сонгогдсон зургаан төлөөлөгч байдаг. Бид хэд улстөржихгүй нэг баг болон дүүргийнхээ иргэдийн дуу хоолой болох хэрэгтэй гэж ярилцсан. Ер нь дүүргүүдээс ганцхан манайх л нийслэлийн төсвөөс тусламж авдаг гэж хэлж болно. Бусад дүүргүүд харьцангуй биеэ даасан байдаг. Учир нь томоохон аж ахуйн нэгж, татвар төлөгчтэй учраас орж ирдэг орлого нь сайн байдаг. Тэгэхдээ манай дүүргийн XXXII хороонд “Авто худалдааны цогцолбор” байгуулагдахаар болсон. Энэ бол дүүргийн орлогыг нэмэгдүүлэх томоохон ажил болж байгаа. Мөн Сонгионхайрхан дүүрэгт байдаг томоохон аж ахуйн нэгжүүдийн татварын орлогыг дүүрэгтээ оруулдаг болох тал дээр ярилцаж байна. Ер нь бусад дүүргүүдийн адил нийслэлээс төсөв авдаггүй бие даа­сан төсөвтэй дүүрэг болгох тал дээр манай зургаан төлөөлөгч хамтран ажиллаж байна.

 

-Та тойргийнхоо иргэдтэй хэр уялдаа холбоотой ажиллаж байна. Иргэд НИТХ-ын төлөөлөгч дээр ямар асуудлаар голлон орж ирэх юм бэ?

 

-Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэй хамт явж, иргэдтэйгээ уулзсан. Тэд дээр хэлсэнчлэн нөгөө л сургууль, цэцэрлэг, гэрэлтүүлэг гээд л тавьдаг л асуудлаар голлоң санал хэлцгээж байна лээ. Бас нэг хүндрэлтэй зүйл гэвэл иргэд маань газар нь олгогдоогүй байхад гэр, хашаагаа бариад буучихсан байгаа тохиолдол маш олон байна. Тэд зөвшөөрөлгүй буусан учраас тог тавьж өгдөггүй. Тоггүй айлууд хүй нэгдлийн үеийн хүмүүс шиг амьдарч байгаа тохиолдол цөөнгүй байна. Ер нь гэр хорооллоор явж байхад дүүргийн хэмжээнд ядуурал их байгаа нь харагддаг.

 

-Танай тойрогт цэцэрлэгийн хүрэлцээ муу талаар дурдагдаж байсан. Үүнийг нэмэгдүүлэх тал дээр ямар арга хэмжээ авч байна. Гэр цэцэрлэг нэлээдгүй байгуулах хэрэгтэй талаар ч яригдаж байсан?

 

-Манай дүүргийн I, II хороо маань тус бүр нэг, нэг цэцэрлэгтэй. Мөн II хороон дээр нь нэг гэр цэцэрлэг байгуулсан. Энэ төрлийн гэр цэцэрлэгүүдийг олшруулах, цаашдаа хүүхэд харах үйлчилгээний төслийг батлах хэрэгтэй. Ингэж байж цэцэрлэгийн хүүхдийн хүртээмж нэмэгдэнэ. Ингэхдээ галын аюулгүй байдал болон багшлах боловсон хүчин зэргийг сайтар хангах хэрэгтэй юм билээ. Зүгээр гэртээ ажилгүй суудаг эмэгтэйгээр хүүхэд харуулна гэдэг бол нөгөө талаас байж болохгүй зүйл. Учир нь хүүхдийн тэр цагаан цаас шиг сэтгэлд багш хүний үүрэг маш их нөлөөлж, улс орны ирээдүй болсон хүүхдүүд тэндээс л анхны боловсролоо олж авна шүү дээ. Сүүлийн үед цэцэрлэгийн багш хүүхэд зодсон талаар мэдээ их гарах болжээ. Тиймээс гэр цэцэрлэгийн асуудлыг ярихдаа сайн ба саар талыг нь сайн судлах хэрэгтэй. Энэ жил нийслэл дээр нэлээд олон цэцэрлэг, сургууль баригдахаар болсон ч газар олдохгүй байх тохиолдол байна.

 

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар ажилладаг хүний хувьд өнгөрсөн жил хэд хэдэн газартай уулзаж, ажил байдалтай нь танилцсан. Ингэхэд юу анзаарагдаж байсан гэхээр худалдан авах ажиллагааны газар тендерээ зарладаг. Гэтэл тэр нь зураг төсөлгүй, газаргүй байдаг. Ингээд л ажил удааширч он дамжин хийгдэхэд хүрдэг. Үүн дээрээс нэг зүйлийг хэлэхэд, нийслэлийн агентлагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй нь харагдаж байгаа юм.

 

-Төвлөрөл байгаа цагт дүрэм журам зайлшгүй байх шаардлагатай. Тиймээс ч өнгөр­сөн хугацаанд төлөөлөгчид олон журам баталлаа. Харин тэдгээрийн заримыг нь амьдралд хэрхэн уялдуулах юм гэдэг асуудал гардаг. Нэг үгээр бол амьдралд нийцэхгүй дүрэм журмууд батлагдаж байна гэх хүмүүс байна?

 

-Улаанбаатар хотыг өөрийндүрэм, журамтай болгох талаар яригдаж байсан. Дүрэм, журам гарч байна гэдэг бол ямар нэгэн хэм хэмжээг тогтоож байна гэсэн үг. Тэгэхдээ аливаа журмууд иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалсан байх шаардлагатай. Амьдралд нийцтэй байлгахын тулд гаргах гэж байгаа асуудлаа сайтар судалсан байх нь чухал. Түүнээс биш нийслэл өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж, асуудал хариуцаж байгаа дарга нар ажлаа хялбаршуулахын тулд журам гаргаж болохгүй юм. Манайхан маш олон дүрэм, журам баталсан ч их ажил хийж байгаа мэт харагдах гэж яаруу түргэн батлаад байх шиг санагдсан. Тухайлбал, саяхан баталсан ‘‘Ухаалаг Улаанбаатар” бол байх ёстой төсөл ч түүн дотор хэн, хэзээ, хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй зүйл заалтууд маш их орсон байгаа юм. Тухайн дүрэм, журмыг батлахдаа түүний цаадах сөрөг үр дагаврыг сайн судлаж үзэх хэрэгтэй. Аливаа журам батлагдсанаараа хүнд суртлуудыг арилгаж байх хэрэгтэй. Гэтэл манайд эсэргээрээ байх тохиолдол байгаад л асуудлын гол нь.

 

-Таны хувьд НИТХ-д цөөнхийн бүлгийг төлөөлдөг. Зарим асуудал дээр хэт улстөржих хандлага харагддаг. Энэ тал дээр таны байр суурийг сонсох гэсэн юм?

 

-Өнөөдөр бидний хувьд хамгийн эмгэнэлтэй зүйл бол энэ л асуудал байна шүү дээ. Намын тогтолцоотой учраас хаана, хаанаа улстөржсөн байдалтай өнөөдрийг хүрлээ. Ер нь Монголын ард түмэн нэгдмэл байх хэрэгтэй. Нэг санаатай, нэгдмэл байж л улс орон хөгжинө гэж боддог. Ялангуяа иргэдийг төлөөлж суугаа төлөөлөгч бид нам ярихгүй байх хэрэгтэй. Цаашдаа иргэдийн төлөөлөгч нарыг намаас биш иргэдийн дундаас тодорхой шалгуур тавиад л сонгодог болох хэрэгтэй. Ингээгүйгээс болоод иргэдийн хүсэл сонирхол гэхээсээ илүү нэр төдий ажлуудыг маш их хийж байна. Бүх асуудлыг улстөржүүлж, нэг л их ажил хийж байгаа мэт харагдаад байхаас биш хөрсөн дээр бууж, иргэдэд үр өгөөжөө өгч байгаа ажлууд маш цөөхөн байна гэж болохоор байна.

 

-Зуны улиралд нийслэл хот маань өнгөө засч өнгөрсөн жилээс эхлэн цэцэрлэгжүүлэлтийн ажил их хийсэн. Гэтэл зарим нэг нь үүнийг хэт үрэлгэн төсөл гэх нь бий. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

 

-Төсвийн зарлагын дэд хорооны хувьд ч, цөөнхийн бүлгийн төлөөлөгчийн хувьд ч ногоон уут, цэцэр­лэгжүүлэлтийн ажил дээр эсрэг байр суурьтай байгаа. Хогны ногоон уутыг таван тэрбумаар тарааж байна. Гялгар уут гэдэг нь байгаль дээр зуун жил устаж, үгүй болохгүй байсаар л байдаг. Мөн уут нь өөрөө хог болоод л гадуур хийсч байна. Тиймээс бид энэ асуудал дээр дахин санал оруулж хэлэлцээд иргэдээс санал авсан. Гэсэн ч иргэд дэмжиж байна гээд л хариу гараад ирсэн. Тэгэхдээ энэ саналд хэдэн хүн оролцож хаана явуулсан нь тодорхойгүй учраас миний хувьд итгэл муутай байгаа. Хогны уутыг хэрэглэж заншихын тулд иргэдийнхээ зан үйлийг өөрчлөх ёстой. Ухамсарт нь нөлөөлж чадаагүй байж зүгээр уут тараагаад яах юм бэ.

 

Тэрний оронд өдий төдий цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа багачууддаа нэг ч гэсэн цэцэрлэг бариад өгвөл илүү үр дүнтэй боловуу. Цэцэрлэгжүүлэлтийн ажил ч гэсэн үнэхээр үрэлгэн төсөв. 7-8 тэрбумаар цэцэрлэгжүүлэхээр болсон. Үүний оронд иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх тал дээр тодорхой ажлууд хийх хэрэгтэй шүү дээ. Зөвхөн төвийн хэдэн дүүргүүдэд цэцэг тариад, тэр нь гурван cap ургаад л дуусна. Гурван сарын дотор 7-8 тэрбум төгрөгийг газрын хөрсөнд булсантай ялгаа нь юу байна.

 

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хийгдэж эхнээсээ бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Танай намын бүлгээс энэ ажилтай газар дээр нь явж танилцсан уу?

 

-Манай намын бүлгийн төлөөлөгч нар энэ ажилтай танилцсан. Энэ ажил дээр иргэд маш итгэлгүй байна. Тодруулбал, тухайн газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хариуцан хийж байгаа компаниуд санхүүгийн хувьд чадавхитай байна уу, үгүй юу гэдэг тал дээр эргэлзээтэй байгаа харагдсан. Нөгөө төлөөр газар чөлөөлөлтөнд орсон айлын иргэд маань очих газаргүй байна. Үүнээс харахад гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам боловсруулалт муутай, түүхий журам батлагдсан нь харагдаж байгаа юм. Жишээлбэл, журмандаа тухайн иргэнийг амьдарч байсан газрынх нь ойролцоох газарт амьдруулах тухай заалт оруулж өгөх хэрэгтэй байсан. Ингээгүй улмаас 100 айлд амьдарч, хүүхэд нь тэнд сурдаг, ажил нь мөн тэр хавьд байдаг байсан бол газар чөлөөлөлтөнд орсноор хаа байсан хотын нөгөө захад очиходхүрч байна шүүдээ.Өөр нэг асуудал бол иргэн, компани хоёр газрын үнэлгээн дээрээ тохиролцож чадахгүй байна.

 

-Нийслэл санхүүгийн асуудлыг шийдэхийн тулд бонд гаргах талаар яригдаж байна. Нэг талаараа эдийн засаг асуудалтай байгаа энэ үед зөв хэмээн ярьж байгаа ч зарим нь өрийн хямрал үүснэ хэмээж байна?

 

-Шуудхан хэлэхэд бонд гэдэг бол өр. Нийслэл ашигтай ажиллаж байж бондны мөнгөө буцааж төлөх ёстой. Гэтэл өнөөдөр манайх бонд босгоод юунд зарцуулах юм түүнийг эргэн төлөх ямар төсөлт хөтөлбөр байгаа зэрэг нь тодорхойгүй байгаа. Бондыг зөвхөн бүтээн байгуулалтын ажилд зарцуулчихвал үр хойчдоо үлдээх маш том өр л болно.

 

-Нийлэлд томоохон бүтээн байгуулалтын ажил хийхэд зайлшгүй мөнгө шаардлагатай байгаа шүү дээ?

 

-2008 оны нийслэлийн төсвийг харахад 140-200 тэрбумд л баригдаж байсан. Тэгвэл өнөөдөр нийслэлийн төсөв нэг их наядаар хэмжигдэж байна. Энэ төсвөөр төр, хувийн хэвшлийн түншлэлээ сайжруулж бүтээн байгуулалтын ажлыг хийх хэрэгтэй. Бүх ажилд төр оролцоод байвал дийлэхгүй. Эдийн засаг тэлж байгаа үед бонд авах бол зөв. Тэгэхдээ эдийн засаг хумигдаж, гадаад хөрөнгө оруулалт багасч, уул уурхай зогсож байгаа өнөөгийн энэ үед бонд босгох нь буцаад эдийн засагтаа авчирч байгаа маш том өр юм.

 

-Тэгвэл нийслэл метротой болох талаар яригдаж байна. Энэ бол саяас дээш хүн амтай хотын нийтийн тээвэрт томоохон ажил байх?

 

-Метро төсөл дээр Жайка байгууллага ажиллаж байна. Олон улсын жишээг харахад метро барих төсөл бол маш өндөр өртөгтэй байдаг юм байна билээ. Ойролцоогоор 1.5 тэрбум ам.доллараар босгоно гэсэн үг. Эргээд зардлаа нөхөх хугацаа нь бараг 100-н жил шаардагдна. Дэлхий нийтэд ажиллаж байгаа ямар ч метро алдагдалтай ажилладаг, түүнийг нь төр нөхдөг. Ингээд бодохоор бид нийтийн тээврийг хөгжүүлэх өөр маш олон арга зүйг судлаж үзэх хэрэгтэй байх гэж боддог.

 

Нийслэл таймс

М.Янжинлхам

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button