Хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслүүдийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулсан юм.

Хуулийн төсөлд материаллаг шинж, босго тогтоосон хэмжигдэхүүнээс зайлсхийж, гэмт үйлдлийг шууд тоочих замаар хууль зүйн техник ашиглаж, ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийг ангилахгүйгээр гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруу, учруулсан хохирол, хор уршгийн шинжийг харгалзан үзэхээр зохицуулалт оруулсан байна.

Шүүхээс энэ хуулийн тусгай ангид хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах өргөн боломжтой, хорих ялын дээд болон доод хэмжээг сунгаж, харьцангуй уян хатан байдлаар хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр гэмт хэргийн ангилал, шүүхээс оногдуулсан ял хоорондоо уялдаагүй, хатуу хязгаарын хүрээнд гэм буруугийн шинжид тохирдоггүй гэсэн шүүмжлэл арилж, шударгаар хэргийг шийдвэрлэхэд дөхөм болно гэж үзжээ.

“Бүлэглэн” болон “урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг” гэсэн тодорхойлолтыг өөрчилж, хамтран оролцогч буюу зохион байгуулагч, захиалагч, хатгагч, хамжигч, гүйцэтгэгч гэсэн томъёоллын заримыг нэгтгэх, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн тохиолдолд хуулийн төсөлд заасан ялын төрөл хэмжээ, хязгаарын хүрээнд илүү чанга ял оногдуулдаг байх бодлогыг баримталсан аж.

Ял, шийтгэл нь гарцаагүй байх ёстой боловч давтан гэмт явдлын шалтгаан байх ёсгүй байдлыг харгалзан сонгон хэрэглэх боломжтой хянан харгалзах арга хэмжээ болох тэнсэж хянан харгалзах, хүмүүжүүлж хянан харгалзах, эмчилж хянан харгалзах, хүүхдэд хүлээлгэх хариуцлагын төрлийг шинээр хуулийн төсөлд тусгасан байна.

Үүний дараа Зөрчлийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөл нь 16 бүлэгтэй бөгөөд хуулийн төслийн Ерөнхий ангид зарчмын шинжтэй зүйлүүдийг Гэмт хэргийн тухай хуулийн ерөнхий ангитай уялдуулан тусгажээ.

Хуулийн төсөлд албадлагын арга хэмжээг орлого, эд зүйл хураах, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах, эд зүйл, хэрэгслийг орлуулан хураах, хохирол, нөхөн төлбөр гаргуулах, албадан эмчлэх, нийтэд тустай ажил хийлгэх гэсэн зургаан төрөлтэй байхаар тусгажээ.

Сайд Х.Тэмүүжингийн тайлбарласнаар, хүнийг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж, хуулийн байгууллагад хуурамч мэдүүлэг өгсөн бол гүтгэсэн гэмт хэрэгт тооцогдон зохих шийтгэлээ хүлээх бөгөөд хэвлэл мэдээллийг хэрэгслээр таамаглаж буй зүйлийнхээ талаар үзэл бодлоо илэрхийлсэн бол гүтгэсэн хэмээн үзэхгүй юм байна. Хүүхэд шийтгэх гэдгийг аав ээж нь хүүхдээ загнах зандрах гэж ойлгож болохгүй гэж сайд хэллээ. Сүүлийн үед сургууль, цэцэрлэгийн багш, насанд хүрэгчид хүүхдэд хүсэл зорилгоо тулган, түүнийгээ шийтгэх байдлаар гүйцэлдүүлэх явдал гарах болсон тул ийм зүйлчлэлийг төсөлд оруулж өгсөн юм байна. Хууль бусаар халамж үйлчилгээ авах үйлдэл нь нэг төрлийн залилангийн хэрэг бөгөөд үүнээс болж бусад хүмүүсийн эрх ашиг хохирч байдаг гэж тэрбээр мөн тайлбарлалаа.

Дээрх хоёр хуулийн бүх зүйл, заалт нь хүний хувь заяатай холбоотой учир тодорхой хугацаа гарган, мэргэжлийн хүмүүстэй судалж үзэх нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлж байлаа. Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ шийдвэр дэмжигдвэл хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй хэмээн гишүүдийн олонх үзэж байлаа.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button