Уулыг энгэрээр нь, ойг бүхлээр нь өмчлөгчид
ЖАРГАЛАНТЫГ ЗОВЛОНД УНАГАСАН 52 БАЙРШИЛ
Жаргалант тосгоныхон газар өмчлөлийн шинэ байршлыг зарласнаас хойш хөдөлгөөнд оржээ. Долоон дүүргийн 52 байршлын хамгийн их талбайтай Сонгинохайрхан дүүрэг. 15 мянган га газрын 8018 га газар нь зөвхөн энэ дүүргийн нутаг дэвсгэрт хамаарчээ. Үүнээс 16 байршил нь Жаргалант тосгонд байна.
1977 онд Улаанбаатар хотыг сүүгээр хангах Партизан сангийн аж ахуй байгуулагдсан түүх нь Жаргалант тосгоны үүсэл. Хэдийгээр зах зээлийн үед сангийн аж ахуй татан буугдсан ч хотын хүн амыг сүүгээр хангах фермерүүд ажилласаар л байна. Одоогийн байдлаар 150 гаруй фермтэй. Томоохон сүүний үйлдвэрүүд өдөр бүр Жаргалантаас сүүгээ татдаг. Нэг ёсондоо энэ тосгоны саальчид нийслэлчүүд та бидний өдөр тутмын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг хангадаг. Тус хороо уугуул болон суугуул нь нийлээд 10 мянган хүн амтай, 50 орчим мянган малтай. Гэтэл хотын иргэдийн гэр бүлийн хэрэгцээнд газар олгох байршилд тосгоны 16 ам төлөвлөлтөд орчихсон нь малаа бэлчээх нутаггүй болох аюул тулгарсныг хотхоны захирагч Ш.Баасанжав онцлов. “Товлосон байршилд газар өгчихвөл манайх мал аж ахуйн бүс нутаг биш суурин газар болж мэдэх нь” хэмээн тэрээр зэмлэнгүй ярьж байна. Тэд өнгөрсөн сард малчдын зөвлөгөөн зохион байгуулж нийслэлийн удирдлагуудад учир байдлаа илэрхийлсэн өргөх бичиг явуулжээ. Хэрэв хотын иргэд тосгоны 16 амыг өмчилж эхэлбэл малчид 50 орчим мянган малаа хаашаа бэлчээх бол.
МАЛ БЭЛЧЭЭРЛЭДЭГ 13 АМНЫ 10-ЫГ ТОРЛОЖЭЭ
Энэ бол газраа өмчлөөгүй байгаа үед хотын удирдалгуудад дуулгаж буй тосгоныхны аж байдал юм. Харин нэгэнт өөрийн мэт өмчлөөд авчихсан, нутгийн уугуулуудыг золигт гаргасан тохиолдол тосгонд очмогч захаас харагдаж байлаа. Гүнт, Халзан мухар зэрэг олон амыг аль эрт хашаад барилга байшин барьж амжиж. Тэд нутгийн иргэд биш, хотын том компаниуд гэдгийг захын хүн хэлж байв. Ш.Баасанжав дарга Партизаны унаган хүүхэд болохоор нутгийнхаа бэлчээрийг хамгаалж, уулын амыг онгон байгалиар нь авч үлдэх хүсэлтэй нэгэн. Тиймээс тосгоны захирагчаар сонгогдсон үеэсээ уулын амуудыг чөлөөлөхөөр тэмцэж зорилгоо биелүүлсэн ч “газрын албаны зөвшөөрөлтэй”, “компанийн мэдлийнх” гэсэн тайлбар сонсоод буцах үе олонтаа гарчээ. Үүний нэг нь 21 дүгээр хорооны Шар хадны хэсэг гэнэ. Тиймээс биднийг тэр хэсэгт очихыг зөвлөж хэсгийн ахлагч С.Оюунгэрэлээр замчлуулав. Шар хадны хэсэгт 350 орчим хүн амын 127 өрх 4500 малтай аж төрдөг гэнэ. Газар нутгийнх нь хувьд урдуураа Улаанбаатар, баруун талаараа Баянчандмань, хойд болон зүүн талаараа Батсүмбэрийн нутгаар хязгаарлагддаг юм байна. Улсын баяр наадмаар морь уралдуулдаг Тарвагатайн ам хөндийг нь газар өмчлөлийн байршилд оруулчихсан байсныг тэрээр бухимдан хэлж байлаа. Харин Засаг даргатайгаа хамт тэмцсээр байгаад чөлөөлж авсан гэнэ.
Хэсгийнх нь иргэдийн амьдрал, малын бэлчээрийн тухай ярилцсаар бид Өргөннүүр гэх аманд очлоо. Малаа бэлчээрлүүлдэг 13 амных нь 10-ыг гадны хүмүүс торложээ. Бэл орчмоос хөндлөн татсан торон хашаа хоёр уулыг давжээ. Уулын дунд хэсэгт томхон шар барилга байна. Холгүй дөрвөн гэр, олон жил болсон бололтой машин хэртэй гуалин мод, дэргэд нь хэсэгхэн газрыг торлосноос өөр нүдэнд торох зүйлгүй байв. Хэсгийн ахлагчийн хэлснээр байшинд манаач нь амьдардаг гэснээр түүнтэй уулзсан юм. Манаачийнхаар бол Өргөннүүр аманд 20 га талбайг эзэд нь авсан гэнэ. “Үр Эрдэнэ” гэх компанийн мэдлийн газар бөгөөд тэнд амьдраад долоон жил болжээ. Уулын аманд ферм байгуулж, мод үржүүлэг, амралтын газар бий болгохоор хашсан тухай ч ярилаа. Манаач эр 30 орчим үхэр малладаг бөгөөд хашсан уулынхаа хоёр энгэрээс өвсөө бэлдээд тэндээ бэлчээрлүүлдэг гэнэ. Бас худаг гаргаад амьдрах нөхцлөө бүрэн шийджээ. Гэтэл Шар хадны хэсэгт олон жил амьдарсан малчид Сэлэнгээс өвсөө татдаг, компанийн хашиж авсан талбай нь зөвшөөрөлтэй гэснээс хоёр дахин их байгаа гэдгийг хэсгийн ахлагч сүүлд нэмж хэлэв. Уг нь “Үр эрдэнэ” компанийн хашиж авсан уулын хоёр энгэрт гурван айлын хадлангийн талбай байжээ. Энэ тухай 21 дүгээр хорооны малчин С.Авирмэд шоронжсон хөдөө гэж нэрлэсээр ийн ярьсан юм.
С.Авирмэд: ХҮН БИШ МАЛ ШОРОНЖЧИХЛОО
-Сүүлийн үед газрын асуудал их бэрх болжээ. Мал бэлчих газар байхгүй. Хөрөнгөтэй, мөнгөтэй, танил талтай нь ам амаар нь, уул уулаар нь торлодог. Бидний бэлчээр 10 км дотор эргэлддэг. Гэтэл бэлчээрийн 70 хувийг нь торлоод авчихлаа. Муугаар хэлэхэд хүн шоронжно гэдэг шиг мал шоронжоод бэлчих нутаггүй боллоо.
-Та бүхэн уулын амыг хаших үед нь зогсоож болсонгүй юу?
-Тэртээ тэргүй компанийн газар гээд л буцаадаг. Өнгөрсөн жил хойд амнаас /Өргөн нүүр/ хадлан бэлдэх гэтэл бөөн юм болсон. Хуучин тэнд гурван айлын хадлангийн талбай байсан юм. Торлочихсон учраас өвсөө хадаж чадаагүй. Байгаль хамгаалагчтай очоод ч тоогоогүй.
С.Авирмэд малчны хадлангийн талбай байсан Өргөн нүүр амны цаад уулын энгэрийг бас л торлосон угтав. Шинэдаваа, Нацагдорж гэх энэхүү зэргэлдээ хоёр амыг өнгөрсөн жил нэг компани хашчихсан байснаа нэгийг нь өөр компанид 100 саяар зарсан гэнэ. Өндөр үнээр худалдаж авсан компани уулын амаа төмөр хашаагаар тойруулж эхэлжээ. Хоёр амнаас урагш хоёр км орчимд бас нэг ам нь Согоот. Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд албан тушаалтай хэмээн өөрийгөө тодотгосон иргэн Согоотын аманд буга, согоо үржүүлэхээр битүүлж авчээ. Нутгийнхны хэлж буйгаар тэнд нь гарын таван хуруунд багтахтай үгүйтэй буга, согоо байдаг бөгөөд үүнийг далимдуулж хоёр, гурван давхар хаус барьсныг эгдүүцэн ярьцгааж байв. Ийм маягаар явбал эзэнтэй болсон 10 амыг мөдхөн гүйцэх шинжтэй болов. Гэтэл эзэнгүй үлдсэн гурвыг хэзээ мөдгүй хаших болсныг С.Оюунгэрэл ахлагч дуулгалаа. Түүний зааснаар Яст гэх аманд нь трансматор босгож, хашаа татахаар газар ухжээ. Ойн байцаагч, цагдаагаас өөрцгүй болсон хэсгийн ахлагч эмэгтэй нутгийнхаа ийм дүр зургийг үзүүлж явахдаа ихэд эмзэглэж байлаа. Компаниудын газрын зөвшөөрөл ганц, хоёрхон га-д багтаж байхад уулын амыг тэр чигээр, ойд модыг бүхлээр нь торлоод авчихсан нь хэн хүнд илхэн харагдаж байлаа. Үүнээс болж нутгийн 4500 тооны мал нь зөвхөн торлогдсон уулын хөндийд л ээрэгдэж өнждөг болжээ.
Б.ЭНХЗАЯА
ЗУУНЫ МЭДЭЭ