Эхлээд амар амгалан болъё

“Сайхан амьдрал гэж яг юу вэ. Хүмүүс үүнд сэтгэл амар амьдрах гэж л хариулдаг. Сэтгэл амар байхын тулд өөрийн бизнестэй эсвэл баталгаатай ажлын байртай, тэр нь цалин сайтай байх нь хамгийн гол юм. Тэгвэл улам мэрийн ажиллаж, амжилт гаргадаг. Харин цалин муутай, баталгаагүй газар мэрийх хүсэл төрдөггүй. Улмаар ажлаа тасалж, үл хүндэтгэж эхэлнэ. Ар гэрт нь эхнэр нь гачигдлын талаар үглэнэ, өөрөө найзуудтайгаа архи ууж эхэлдэг. Тэгсээр архичин болчихсон байдаг” гэж нэгэн архинд донтоод гарсан хүн ярьж билээ. Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөн өчигдөр болсон. Зөвлөгөөний үеэр өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд нийслэлд 10 хүн амиа хорлосон тухай мэдээллэж байна лээ. Амьдрал ямар байгаагийн нотолгоо шүү дээ.

 

Дэлхийн өндөр хөгжсөн орнуудтай бид өөрсдийгөө жишиж тэднээс дарга нар туршлага судлаад ирдэг. Ирээд “Бидэнд зам гүүр, барилга дутуу байна”, “Хөрөнгө босгож томоохон бүтээн  байгуулалтуудаа хөгжүүлэх хэрэгтэй” гэх мэтээр хэвлэлүүдэд ярьдаг. Гэвч энэ зөвхөн өнгөн тал нь л юм. Хичнээн тохилог орчинд амьдарлаа гээд орлого нэмэгдэхгүй бол иргэдэд амьдрал нь сайхан санагдахгүй дээ. Тиймдээ ч манайхан гаднын улсад очиж хар бор ажлыг нь нугалж өгцгөөж байгаа. Яагаад гэвэл тэнд тэдний хөдөлмөрийг зохих ёсоор нь үнэлж, илүү цагийг нь шударгаар төлж байна. Манай төрийн түшээд бүтээн байгуулалтад биш иргэдийнхээ орлогод жаахан санаа тавиад бизнесийнхнийг элдэв татварын дарамтнаас чөлөөлөөд хэсэг явуулбал байдал өөрчлөгдөх юм биш байгаа. Төгрөгийн ханш үнэгүйдэж иргэдийн худалдан авах чадвар буурсаар байхад нөгөө л бүтээн байгуулалтуудаа л голлон яриад байна шүү дээ, Тарчиг ядуу хүмүүсийг бүтээн байгуулалтаар сайхан амьдруулах гэсэн зорилго нь эсрэгээр эргээд баахан дээрмийн бүлгийн бөөгнөрөл, завхайрал болчихсон жишиг дэлхийн улс орнуудад байдаг шүү дээ.

Нийслэл таймс

Ж.Энх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button