Х.Тэмүүжин: “Дээрээс” гэдэг эзэнгүй үгийн ард хууль зөрчих, хүний эрх, эрх чөлөөг гишгэдэг хандлага байна
Хүний эрхийн дэд хороо өчигдөр хуралдаж, цагдан хорих байгууллагад хүний эрх ямар байгаа талаар хэлэлцэж, Хуульзүйн сайд Х.Тэмүүжин, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж нарын мэдээллийг сонссон. Мөн хорих байгууллагын эмнэлгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Ядамдорж мэдээлэл хийсэн юм.
Харин үүний дараа УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хорих ангид хүний эрх зөрчигдөж байгаа эсэх талаар УИХ-аас ажлын хэсэг гаргаж ажиллах горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн учраас ажлын хэсэг байгуулахыг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Мөн гишүүдийн хэлсэн санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороонд сануулах зүйтэй гэж зарим гишүүд үзсэн юм.
ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж:
-Хүний эрхийн үндэсний комисс өнгөрөгч онд нийт 650 гомдол, санал хүлээж авч шийдвэрлэсний 289 нь хорих буюу цагдан хорих байгууллагад хоригдож байгаа хүмүүсээс ирсэн. Харин он гарснаас хойш нийт 282 гомдол хүлээн авсны 134 нь хорих анги болон цагдан хорих байгууллагад хоригдогсдоос ирсэн байна. Энэ тоо цаашид өсөх хандлагатай байгаа. Сүүлийн жилүүдэд ирж байгаа гомдол эрүүдэн шүүх, нэр төрийг нь доромжлох, ёс бус харьцаж байна гэх өнгө аястай болсон. Уг нь манай байгууллага хорих ангиудад байнгын шалгалт, сургалт зохион байгуулдаг. Энэ жил 25 хорих ангид сургалт хийхийн тулд Чехийн байгууллагаас санхүүжилтийг нь гаргуулахаар болсон. Мөн Хүний эрхий үндэсний комиссоос мөрдөн байцаалтыг камертай хийе гэдэг санал гаргасан.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Урьдчилан хорих төвд саатуулагдаж байгаа хүмүүстэй уулзах гэхээр АТГ-аас асуу гэдэг. Энэ байдал хэзээ өөрчлөгдөх вэ? Өчигдөр Дархан-Уул аймгийн хориход хүн нас барлаа гэсэн. Хүн эмчлүүлье гэхэд дээрээс эмчилж болохгүй гэдэг үүрэг өглөө гэж байна. Хэн үүрэг өгсөн юм бэ? Хууль бусаар хоригдож байгаа асуудалд прокурор ямар хяналт тавьж байна вэ?
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр:
-Мөрдөн байцаагч тантай эвгүй харьцсан асуудалд хариуцлага тооцсон. Гэхдээ та ганцаарчилж уулзах гэсэн санал тавьсан байна лээ. 2014 он гараад 114 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. 22 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Найман сар шалгаад, тогтоож чадаагүй байгаа хэргийн тухайд шалгаж дуусаагүй учраас одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Урьдчилан хорих төв яаж ажиллаад байна. Хүн эмчлүүлье гэхээр дээрээс үүрэг өгсөн гээд эмчилгээ хийгээгүй гэсэн мэдээллийг хэвлэлээс авлаа. Эмчилгээ авч чадалгүй нас барсан гэж би ойлгосон. Дээрээс гэж хэнийг хэлээд байгаа юм бэ. Ерөнхийлөгч юм уу, Авлигатай тэмцэх газар, Хууль зүйн сайд уу эсвэл Д.Ядамдорж дарга та ийм үүрэг өгсөн үү. Нас барсан хүний өмнөөс ШШГЕГ ямар хариуцлага хүлээх юм. Хууль зүйн сайд та уучлал гуйгаад, огцорч болохгүй юу. Хэдэн хүний амь цусаар төлөгдөх албан тушаал юм бэ. Бас онц ноцтой гэмт хэрэгтэн орголоо гэсэн мэдээлэл ч бий.
ШШГЕГ-ын дарга Д.Ядамдорж:
-Саяны хүн нас барсан тохиолдол бол үнэхээр харамсалтай юм болсон. Дээрээс үүрэг даалгавар өгөөгүй. Миний зүгээс болон бусад байгууллагаас ч өгөөгүй. Тухайн хүн “ажил мэргэжлээ өөрийн итгэл үнэмшлээр хариуцлага хүлээнэ” гэж эмч, цэргийн тангараг өргөсөн, дадлага туршлагатай эмч. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарахаар мэргэжлийн алдаа юу, хариуцлагын алдаа юу гэдэг нь тогтоогдож шат, шатандаа хариуцлага тооцогдох байх. Хариуцлагаас мултрах гэж оролдохгүй.
Шууд ба шууд бусаар хариуцлага хүлээх асуудал байвал би бэлэн. Д.Амарсайхан агсны нас барсан нь гэнэтийн харамсалтай зүйл болсон. Үдээс өмнө 12 цагт төрсөн ах нь ирж уулзсан. Бичлэг нь байгаа. Инээж хөхөрч, баяр хөөртэй байсан. Үдээс хойш 15 цагт өмгөөлөгч нь ирээд уулзах гэсэн. Энэ үед Чандмань, Анхбаяр, Энхбат гэж дөрвөн хүн хамт байлцсан. Ороод хоёр минут болоод гэнэт суун туссан. Ухаан алдах үед нь Анхбаяр массаж иллэг хийж, арай гэж эргээд ухаан оруулсан. Гэнэт ухаан оруутаа “Үхэх нь, ёо ёо” гээд дахиад суусан.
Манай эмч нар дөрвөн минутын дараа очиж, түргэн тусламжийнхныг иртэл хиймэл амьсгал хийсэн. Үнэхээр амь насыг нь аварч чадаагүй.
Онц ноцтой ялтан оргоогүй. Эмнэлэгт олгойны хагалгаа хийлгэсэн оргодол оргосныг баривчилсан. Уржигдар орой /ням гараг/ Дархан-Уул аймгийн хорих ангид 25 жилийн ялтай хоригдол нас барсан. Аймгийн нэгдсэн эмнэлгийнхэн гурван цаг гаруй тусламж үзүүлээд амийг нь аварч чадаагүй. Өмнө нь 2-3 удаа эмнэлэгт хэвтсэн. 50 настай, хугацааныхаа найман жилийн ялыг эдэлчихсэн хүн байсан.
ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж:
-Талийгаачийг гадуур байцааж болоогүй юм уу. Оргон зайлж болзошгүй гээд саатуулсан гэсэн. Хил, гаалиар цахим систем нэвтэрчихсэн байхад яаж оргон зайлах юм. Монголдоо оргон зайлаад хаачих юм билээ. Тэр дундаа олон нийтэд танил болсон хүн хаашаа оргох вэ дээ.
Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд:
-Прокурорын байгууллага хуулийн дагуу хяналтын чиг үүргээ хэрэгжүүлээд явж байна. Хяналтын явцад хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг илрүүлээд явж байгаа. Хүн нас барсан асуудалд эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас хэн нэг хүнд хариуцлага тооцох асуудал ярих нь эрт.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин:
-Хорих байгууллага, цагдан хорих байгууллагын нөхцөл байдал өмнөх жилүүдийнхээс дээшилж байна. Гэхдээ дутагдалтай зүйл бий. Барилга, байгууламж муу, хорих байгууллагын үйл ажиллагаа явуулж байгаа орчин дутагдалтай. Цагдан хоригдож байгаа иргэд нар, агаар үзэж, харах боломжгүй. Энэ нь хүний эрхийн нөхцөл байдал талаасаа агааржуулалтаас эхлээд, эрүүл мэндэд нь ч сөрөг нөлөөтэй.
Цагдан хорих байгууллагыг хэсүүлэн хорих нь эрүүдэн шүүх шинжтэй байна гээд хэргийн харьяаллын хүрээнд цагдан хорьдог байя гэж байгаа. Цагдан хорих байгууллагад иргэнийг барьж, хорьчихоод, гүйцэтгэх ажиллагаа явуулна гэдэг нь зөрчилтэй. Тиймээс хууль тогтоомжийн хүрээнд нягтлахыг ШШГЕГ-т өгсөн. Цагдан хоригдож байгаатай холбоотой байцаалтын журмаас давсан асуудал хөндөгдсөн юм биш биз гэдэг асуудал гарсан.
Эмчийн ярилцлагад “дээрээс өгсөн чиглэл” гэж байсан хэрнээ албан ёсны тайлбарт нь алга. Дээрээс гэдэг эзэнгүй үгийн цаана хууль зөрчих, хүний эрх, эрх чөлөөг давж гишгэдэг хандлага байна. Энэ чиглэл аман хэлбэртэй байгаа бол түүнийг таслан зогсооно.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:
-Сая Д.Ядамдорж хурандаа санаандгүй зүйл боллоо гэж хэлж байна. Гэхдээ хүний амь нас гэдэг чинь юугаар ч сольшгүй зүйл шүү дээ. Хүний амь яригдаж байгаа үед бид арай өөр өнцгөөс харах ёстой. Ялангуяа гэм буруугаа шийдүүлэх гээд төрийн хамгаалалтад байгаа хүний хувьд бүр онцгой байх ёстой. Хүний эрх зөрчигдөж байгаа энэ бүхэн юунаас болоод байна вэ. Хуульдаа юу эсвэл хууль хэрэгжүүлэгч байгууллагадаа байна уу. Хэрвээ хуульд байгаа бол та бүхэн энэ шинэтгэлд хэрхэн оролцож байна вэ.
Харин хэрэгжүүлэгчдээ байгаа бол бид энд хуулиар далайлгадаг, айлгаж, сүрдүүлдэг тохиолдолд хариуцлагын асуудлыг ярих ёстой. Өнөөдөр АТГ сүр дуулиантайгаар маш олон хүнийг барьж, хорьж байна. Гэсэн хэдий ч үр дүн нь төдийлэн гарахгүй байна. Нэг хүнийг хорьлоо л гэнэ, нөгөөх нь удахгүй гарчихна. Хэрвээ ингээд гаргах л юм бол барих хэрэг байна уу.
Ер нь яагаад юун түрүүнд барих, хорих арга хэмжээ аваад байдаг юм бэ. Оргон зайлж болзошгүй буюу хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулж болзошгүй гэдэг үндэслэлээр л барьдаг.
АТГ бол албан тушаалтантай холбоотой хэргийг шалгадаг. Тэр үүднээсээ тэдэнд сүрийг үзүүлдэг. Өнөөдөр АТГ соён гэгээрүүлэх ажлаа хийж чадаж байгаа юм уу. Уг нь соён гэгээрүүлэх ажлыг хийлгэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд энэ газрыг байгуулсан. Тэгвэл одоо АТГ гэдэг гурван үсэгтэй газар “ард түмнийг гэсгээх” байгууллага ч гэнэ үү янз бүрийн “муу” нэртэй болчихсон. Үндсэндээ албан тушаалтнуудыг ангуучилдаг газар болж хувирсан.
Өглөөний сонин
М.Санчир