Н.Батбаяр сайд нэн яаралтай хэлэлцүүлэхээр хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-ын даргад өргөн барив.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор манай улсын эдийн засаг хурдтай өсч байгаа. Гэтэл өнөөдрийн тендерийн тогтолцоогоор төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих төслүүд цаг хугацаандаа хэрэгждэггүй, нийтэд үр ашиг багатай байна. Энэ нь Засгийн газрын хурдтай, шуурхай, үр ашигтай, олонхид чиглэсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байна. Иймд Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн бодлого, түүний дотор төсвийн хөрөнгө оруулалтын оновчтой болон үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхтэй уялдуулан одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа төсөл санаачлагч УИХ-ын даргад танилцуулав.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар тухайн тендерт гарсан гомдол, түүнийг шийдвэрлэх хугацаанаас шалтгаалан төсөл, арга хэмжээ цаг хугацаандаа хэрэгжихгүй уддаг байдал арилна гэж Эдийн засгийн хөгжлийн сайд онцлон тэмдэглэв.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button