Хийн хоолойг Монголоор дамжуулах асуудал нааштай байх нь
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-д айлчилж, үр дүнд нь хоёр улсын хооронд хэдэн арав, магадгүй зуугаар тоологдох хэмжээний гэрээ хэлцэл байгуулагдах нь тодорхой боллоо. “Баруун тийшээ” харсан байсан ОХУ-ын байгалийн хийн хоолой урагшаа, БНХАУ-ыг чиглэх нь тодорхой болов. Хоёр хөршийн харилцаа ийнхүү огцом дулаарах нь Монгол Улсад хэрхэн нөлөөлөх вэ. Түүхийн урт хугацааны явцад монголчууд хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай байсан нь ч бий, ээдрээтэй байсан ч үе байгаа. Хоёр хөрш нийлж байгаад автономит эрхтэй хоцроож байсан түүхээс үүдэн хоёр хөрш сүжрэх нь Монголд ашиггүй гэж үздэг хүн олон бий. Гэхдээ одоо дэлхийн улс орнууд 20 дугаар зуун шиг дайн хийхээ больсон. Эдийн засаг, цэрэг зэвсгийн хүчээ нэмэгдүүлж, баараггүй араанд нь хийж, гарцгүй болгон буулгаж авахыг хичээж байна. Бид энэ нөхцөлд өөрсдийн бодлогыг явуулахаас өөр замгүй.
Хэрвээ Монгол Улс ОХУ- Хятад гэсэн гинжин холбоосын дунд орохыг хүсч л байгаа бол хоёр хөрш рүүгээ хандсан бодлогыг явуулах ёстой болж байна. Өмнө нь бид “БНХАУ “биднээс эрчим хүчний нүүрс авахгүй байж болно, гэхдээ коксыг бол ямар ч тохиолдолд авна” гэж бардам хэлдэг байсан. Тэгвэл одоо Украины хямралын нөлөөгөөр баруун Европыг хангаж байсан эрчим хүчний асар том урсгал БНХАУ-ыг чиглэлээ. Урди хөршийн хувьд энэ бол “тэнгэрийн умдаг атгалаа” л гэсэн үг. Бидний хувьд харин хүчирхэг өрсөлдөгчтэй нүүр тулах болох нь.
…Хоёр хөрш нийлж байгаад автономит эрхтэй хоцроож байсан түүхээс үүдэн хоёр хөрш сүжрэх нь Монголд ашиггүй гэж үздэг хүн олон бий. Гэхдээ одоо дэлхийн улс орнууд 20 дугаар зуун шиг дайн хийхээ больсон. Эдийн засаг, цэрэг зэвсгийн хүчээ нэмэгдүүлж, баараггүй араанд нь хийж, гарцгүй болгон буулгаж авахыг хичээж байна. Бид энэ нөхиөлд өөрсдийн бодлогыг явуулахаас өөр замгүй…
Хятадын хамгийн их хүн амтай 20 хотын 16 нь чулуун нүүрснээс эрчим хуч гаргадаг гэсэн ОУЭХА-ийн судалгаа байдаг. БНХАУ хулэмжийн хий хамгийн их ялгаруулдаг орнуудын эхний гуравт бичигддэг хэр нь Киотогийн протоколд нэгдэхээс татгалзсаар байгаа. Үүнээс болж БНХАУ-ын нэр хүнд олон улсад буурч байгаагаас гадна хамгийн чухал зорилго буюу “Үсрэнгүй хөгжилтэй орон” гэсэн имижтэй болох хүсэлд нь сөргөөр нөлөөлж байгаа юм. Хэдийгээр дэлхийн хоёр дахь том эдийн засаг гэж тооцогдож байгаа ч нүүрс хэрэглэдэгээсээ болж хөгжил буурай, хоцрогдсон гэсэн имижийг хүссэн хүсээгүй зүүж буй. Тиймээс хятадууд чулуун нүүрсний хэрэглээгээ байгалийн хийгээр орлуулахаар зүтгэж байгаа юм. Хятадын байгалийн хийн хэрэглээ одоогоор ХБНГУ-ынхтай ойролцоо боловч 2035 он гэхэд Европын холбооны орнуудың нийт хэрэглээнд дөхөж очих “гэрэлтсэн ирээдүйтэй”.
В.Путин өчигдөр Шанхайд Ши Жинпинтэй уулзах үедээ “ОХУ-аас БНХАУ-д нийлүүлж байгаа байгалийн хийг импортын татвараас чөлөөлж өгөх”- ийг хүссэн нь энэ байдлаа мэдэрч байгаагийн шинж. Хятадууд ч энэ саналд нааштай хандахаа илэрхийлээд байна. Хоёр удирдагчийн уулзалтаар бас нэгэн том гэрээ эцэслэн шийдэгдэхээр болж байгаа нь “Газпром”-БНХАУ-ын хооронд яригдаж байгаа 30 жилийн хугацаатай 38 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх гэрээ. Эрчим хүчний сайд Анатолий Яновский нь энэ сарын 12-ны өдөр ’’Гэрээ 98 хувь бэлэн болсон. Ойрын өдрүүдэд бүрэн бэлэн болно” гэсэн бол “Газпром”-ын захирал Алексей Миллер “Гэрээ В.Путины айлч- лалын үеэр батлагдана” гэсэн мэдэгдэл хийсэн байгаа. Ингэснээр хятадуудын эрчим хүчний тодорхой хэсгийг байгалийн хийгээр хангадаг болж, эрчим хүчний нүүрсний хэрэглээ буурна. Гэхдээ манай ордууд БНХАУ-тай газар нутгийн хувьд ойр мужуудыг хангах боломжоо хадгалах болов уу.
Хоёр улсын хоорондын яриа хэлэлцээрийг анхааралтай ажиглах нэг шалтгаан бидэнд байгаа нь Байгаль далайн хойд талд байрлах Ковыктынское, Юрубчено Тохомское, Собинско Пайгинское ордуудаас татах байгалийн хийн хоолойг манай улсаар дайруулах эсэх тухай асуудал. Одоогоор ОХУ БНХАУ руу баруун талаас Горно Алтайск, зүүн талаар Дальнереченск, Владивосток гэсэн гурван газраар хоолой татах боломжтой байгаа. Оросуудын хувьд энэ боломжуудаа нэмэгдүүлэх сонирхолтой байгаа. Жишээлбэл, Чаяндинскийн ордыг ашиглахад Скьордино руу, цаашлаад БНХАУ руу оруулах бас нэг боломж гарч ирэх юм. В.Путин Ши Жинпинтэй уулзахдаа энэ энэ асуудлыг орхигдуулаагүй. Уулзалтын үеэр “Оросын байгалийн хийг Хятад улсад нийлүүлэх асуудлыг яаравчлуулах, ОХУ дахь нефть болон байгалийн хийн ордуудыг хамтарч эзэмших, мөн БНХАУ-д эрчим хүч нийлүүлэх зорилгоор ОХУ-д өндөр хүчин чадалтай цахилгаан станцуудыг барьж эхлэх” зэрэг асуудаууд багтсан тухай хоёр хөршийн цахим сонинуудад мэдээлж байна.
Дээр дурьдсан Ковыктынское, Юрубчено Тохомское, Собинско Пайгинское зэрэг ордуудад БНХАУ-ын ашиг сонирхол орж ирэх нь тодорхой болж байна. Байгалийн хийгээ БНХАУ-д хүргэхээр аажим, аажмаар урагшилж байсан оросууд Баруун Европ байгалийн хийгээ АНУ болон бусад улсуудаас хангах арга зам эрэлхийлж эхлэхийг зүгээр хараад сууж тэвчсэнгүй, нийлээд бушуухан барьчихья гэж байгаа нь илт. Ингэснээр, Монголоор байгалийн хийн хоолой дамжих асуудал наашлах сайн талтай. Энэ асуудал 2000- аад оны дунд үеэс л яригдаж байсан ч ОХУ нэгэнт баруун цутгалын хийн хоолойгоо тавиад эхэлчихсэн байсан учир төдийлөн хүч гаргалгүй байсаар өдийг хүргэсэн. Харин одоо тэдний сонирхол нэгэнт Хятад руу чиглэсэн болохоор “Монголоор дамжуулах юм уу, үгүй юу” гэсэн асуултын хариу тун удахгүй гарах нь.
Монголын мэдээ
Б.Усгал