Ц.Шижир: Газар өмчлүүлэх ажил ирэх сард эхэлнэ

Нийслэлийн хэмжээнд гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлэх ажил удахгүй эхлэх гэж байна. Энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын ахлах мэргэжилтэн Ц.Шижирээс тодрууллаа.

-Нийслэлийн 52 байршилд газар өмчлүүлэх ажил хэзээ эхлэх вэ. Иргэд хүлээлттэй байна?

– Бэлтгэл ажил ерөнхийдөө дууссан. Энэ сарын 29-нд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар орж, журам нь батлагдана. Түүний дараагаас иргэдээс цахим хэлбэрээр өргөдлөө авч эхлэх юм. Цахим системээр өргөдөл хүлээн авах нь олон талын ач холбогдолтой. Ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрийн хуульд заасан бие төлөөлөгчөөр дамжуулан өргөдлөө ирүүлж болно. Бид ирэх зургадугаар сардаа багтан эхлэх болов уу гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Зарлагдсан байршлуудад ямар нэгэн өөрчлөлт орохгүй юу. Иргэд сонголтоо хийгээд эхэлсэн байна?

-Өөрчлөгдөхгүй. Эхний байршлаа зарлаад 15 хоног өргөдөл хүлээн авах юм. Өргөдөл хүлээн авах системээ хаасны дараа тухайн байршилд хэдэн хүн өргөдөл гаргасан, хэд нь өмчлөх боломжтой зэргийг нийтэд мэдээлэх юм. Машин нэрсийг түүх журмаар газар өмчлөгчийг тодруулах юм. Энэ нь иргэдэд чирэгдэл учруулахгүй мөн хэн нэгэнд давуу эрх олгохгүй сайн талтай.

-Тухайн иргэн газар өмчлөхөөр сонгогдлоо гэхэд газрыг нь хэд хоногийн дотор шийдэж өгөх боломжтой вэ. Уг нь хуулиндаа 90 хоног гэж заасан байдаг. Энэ тал дээр өөрчлөлт орсон уу?

-Хагас сарын хугацаанд багтаж, сонгогдсон иргэд газар өмчлөлийн гэрчилгээгээ авах боломжтой. Нэрс нь сонгогдсон иргэдэд гар утсаар нь юм уу, цахим хаягт нь "сонгогдлоо" гэсэн мэдээлэл очих юм. Газар өмчлөх эрх авсан иргэн ажлын арав хоногт багтан дүүргийнхээ Газрын албанд материалаа бүрдүүлж өгнө. Бид хагас сарын дотор газрыг нь өөрийнх нь өмчлөлд бүрэн шилжүүлнэ.

Т.САЙХАН

ЗУУНЫ МЭДЭЭ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button