Иргэдийн ухамсар муугаас зам засварын ажил удааширч байна
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зам засварын ажил эхэлдэг. Энэ хүрээнд Нийслэлийн авто замын газраас Улаанбаатар хотын хэмжээнд барих зам засвар, шинэчлэлийн ажлуудын төлөвлөгөөг гарган ажиллаж байгаа билээ.
Тэгвэл тус газраас өчигдөр зарим дүүргийн зам болон барилгын ажлын явц хэрхэн явагдаж байгааг танилцууллаа. Харин энэ удаагийн арга хэмжээ Өлзийт хорооллын замаас эхэлсэн юм.
Учир нь Концессийн гэрээгээр Өлзийт хорооллоос Биокомбинат, Шувуун фабрик хүртэлх 9.06 км авто замыг иж бүрэн шинэчлэх ажлыг эхлүүлээд байгаа юм. Энэхүү замыг гэрэлтүүлэг, ус зайлуулах суваг хоолой, явган хүний зам болон ногоон байгууламжтай гээд иж бүрэн шинэчилж барихаар ажиллаж байгаа аж. Замын гүйцэтгэгч компаниар “Ди Ар Жи” ХХК сонгогдож, ирэх арваннэгдүгээр сарын 30 хүртэл гэрээ байгуулсан байна.
Зам барилгын ажлын хүрээнд одоо ашиглаж байгаа замын хөдөлгөөнийг энэ сарын 21-нээс эхлэн арваннэгдүгээр сар хүртэл бүрэн хааж, тус замын урдуур гаргасан түр замаар тээврийн хэрэгслийг зорчуулахаар болоод байгаа юм.
Ингээд Өлзийт хорооллын замаас хот руу буцах замдаа Яармагийн гүүр, Нисэх, Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэл 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай танилцлаа. Өнгөрсөн 2012 оноос эхлэн хэрэгжүүлж буй дээрх замын ажлын явц 70 хувьтай явагдаж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар замын урд хэсэгт явган хүний дөрвөн метрийн өргөнтэй зам суурилуулж байгаа бөгөөд энэ сарын 21-нээс 20 хоногийн хугацаанд “Нүхт” цогцолбор руу эргэдэг уулзвараас Сонсголонгийн уулзвар хүртэлх гурван км авто замын хойд урсгалыг хааж, борооны ус зайлуулах хоолой, хашлага суурилуулах, өнгө хучилт, тэмдэг, тэмдэглэгээ хийх ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөөд ажиллаж байгаа аж. Үүнээс гадна замын хойд талд мөн явган хүний дөрвөн метр өргөн зам суурилуулахаар төлөвлөжээ.
Энэхүү замын эхлэл цэг буюу Яармагийн гүүрийн урдаас зүүн тийш бас нэгэн замын ажил хийгдэж байгаа аж. Тодруулбал Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэл тавигдах 17.6 км авто замын ажил энэ оны наймдугаар сарын 01-нд бүрэн дуусах гэрээтэй ажиллаж байгаа юм. Одоогоор замын зүүн эхлэл хэсэгт болох төмөр зам дээгүүр өнгөрөх гүүрийн ажил ид хийгдэж байгаа аж. Өөрөөр хэлбэл далан, суурийн ажлыг гүйцэтгэж, хучилт авахад бэлтгэж байгаа “ЭСТО” компанийн замчид шинэ замаа улсын баяр наадмаас өмнө хүлээлгэж өгөхөөр төлөвлөгөөт хугацаагаа шахан ажиллаж байгаа.
Харин Яармагийн гүүрийн баруун талд барьсан түр гүүрийг хоёр тийш холбох холбоос 0.5 км авто замын ажлын хувьд хашлага суурилуулах болон хучилтын ажил үлдээд байгаа талаар албаныхан хэллээ. “Наранбулаг Хан” ХХК уг замын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж, Туул голын хөвөөний том жалганд дүүргэлт хийж, далан суурийг бэлтгээд байгаа аж.
Хамгийн сүүлд Хувьсгалчдын гудамжны замыг өргөтгөн шинэчилж байгаа “Экспресс зам” ХХК-ийн ерөнхий инженер Г.Ганболдтой уулзлаа. Түүний ярианаас үзэхэд газар чөлөөлөлтийн асуудал хамгийн том бэрхшээл болоод байгаа талаар хэлж байв.
Учир нь тухайн замын өргөтгөлийн зурваст 70 гаруй айл өрхийн хашаа, байшин, Тэс петролиум шатахуун түгээх станц /бүтнээрээ/ чөлөөлөгдөөгүй үлджээ. Хувьсгалчдын гудамжны замын хөдөлгөөнийг энэ сарын 09-нөөс эхлэн нэг сарын хугацаатай хаасан бөгөөд зам нээхэд арван хэдхэнхоног үлдээд байгаа ч замын өргөтгөлийн хэсэгт газар чөлөөлөлт хийгдэхгүй байгаагаас шалтгаалж зам нээх хугацаа тодорхойгүй байдлаар хойшилж магадгүй болоод байгаа ажээ.
Өглөөний сонин
Б.Төрбат