Оношлогоо бүтэн жил үргэлжилнэ, харин татвар хураалт 31-нд дуусна

Нийслэлийн хэмжээнд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлыг төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил үргэлжилж байгаа. Татвар, төлбөр хураах ажлын эхний шат энэ сарын 31 хүртэл үргэлжлэх юм. Энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй бол эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг 2014 зургаадугаар сарын 10-24-ны хооронд зохион байгуулах аж.

Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг иргэдэд аль болох хүндрэл учруулахгүйгээр дүүргүүдийн татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан зохион байгуулж байгаа юм. Дүүргийн оношлогооны төв болон татвар хураах нэг цэгийн үйлчилгээ ажлын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд амралтын өдрүүдэд 09:00- 19:00 цагийн хооронд ажиллаж байна. Энэ сарын 1-ээс эхлэн нэг цэгийн үйлчилгээний тоог нэмж нийт 25 байршилд татвар, төлбөр хураах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа юм. Энэ бол зөвхөн татвар хураах л ажил. Цаана нь бас автомашинаа оношлуулах ажил байгаа. Гэхдээ өнөө жил татвар хураалтад багахан өөрчлөлт орж, зарим төлбөр нэмэгдэж байгаа.

 

Түүнээс гадна жил ирэх тусам нэмэгдэж байгаа автомашины тооноос хамаараад оношлогооны ажил ч дараалал ихтэй болсон. Мөн зарим жолооч нар оношлогоонд яаж орох, хэзээ очих, татвар хураалт нь ямар учиртай гэх мэт зүйлсийг мэдэхгүй, мэдээлэл багатай байгаа юм. Бүр зарим нь оношлогооны төвүүд хаана байрлаж байгааг ч мэдэхгүй явж байна. Тиймээс манай сурвалжлах хэсэг өчигдөр оношлогооны төвүүдээр орж сурвалжлага бэлтгэсэн юм. Мөн татварын талаар ч албаны хүмүүсээс тодруулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг зорилоо.

 

Анхаар, оношлогоо бүтэн жил үргэлжилнэ

 

Манай улс 1999 онд Авто тээврийн хуультай болж тээврийн хэрэгслээ жил бүр тоолж үзлэгт оруулсаар ирсэн. Жилээс жилд хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр автомашины тоо ихсэж байгаа. Тэр хэрээрээ ачаалал ихэсч, оношлогооны төвүүд ч дагаад хүн хүчээ нэмж, цагаа уртасгаж байгаа юм. 2014 оны авто тээврийн үзлэг оношлогоо өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлсэн. Ерөөс сүүлийн жилүүдэд нэгдүгээр сараас эхлээд  он дуустал үргэлжилдэг болсон. Хэдэн жилийн өмнө зуны урин дулаан цагт багтааж хийхээр хуйлруулдаг байлаа. Машин тэрэг ч багатай байсан болохоор амждаг байсна биз. Харин сүүлийн жилүүдэд автомашины тоо хэдэн зуун мянгад хүрсэн болохоор бүтэн жилийн турш, сар сараар нь оношлогоо хийхгүй бол амжихаа болиод байгаа. Энэ жил ч гэсэн үзлэг оношлогоо ном журмынхаа дагуу л үргэлжилж байна.

 

Манай сурвалжлах хэсэг юуны өмнө Сонгинохайрхан дүүрэгт байрлах оношлогооны төвөөр орлоо. “Монос”-ын хажуугаар Сонсголон чиглэлд явдаг замаар давхиад, эхний уулзвараар баруун эргээд явахаар аяндаа л самбар дээр бичээд заагаад өгчихсөн байна билээ. Мэдэхгүй хүмүүст нв мэдээлэл болог. Ерөөс Улаанбаатар хотод гурван оношлогооны төв байгаа юм. Нэг нь Сонсголон явах замд, нөгөө нь Гурвалжингийн гүүр даваад “Хөсөг ирейд”-ийн хажууд, гурав дахь нь Баянзүрхийн товчоон дээр. Биднийг Сонгинохайрхан дүүрэгт байрлах оношлогооны төв дээр очиход түм түжигнэж бум бужигнаж байлаа. Ерөөс тэндхийн оношлогооны төв хамгийн томдоо ордог юм байна. Гурван замаар зэрэг зэрэг машин оруулж, үзлэг, оношлогоогоо хийж байсан. Дараалал ч чамгүй их байлаа. Оношлогоо хийж байгаа хүмүүсээс нь жаал жуул юм асуусан ч дорвитой мэдээлэл өгсөнгүй. Ямар ч байсан урин дулааны улиралд, тэр дундаа 3-5 дугаар cap, намар 9-11 cap хүртэл оношлогоо нэлээд ачаалалтай байдаг аж. Учир нь зун хүмүүс амарч, зугаалаад явчихдаг бол өвлийн хүйтэнд барагтай хөдөлж өгдөггүй юм байх. Тиймдээ ч хамгийн боломжтой сарууддаа бөөнөөрөө ирдэг нь энэ аж. Одоогийн байдлаар тус төвөөр 500 гаруй машин оношлуулж байгаа юм байна.

 

Энэ мэт мэдээллийг авсаны дараа бид Баянзүрх дүүрэгт байрлах Авто оношлогоо төв дээр очлоо. Энэхүү төв Сонгинохайрхан дүүргийнхнийг бодвол арай жижиг, хоёр замаар машин оруулж байсан юм. Тус оношлогооны төвийн оношлогч инженер н.Ганхуягтай уулзаж, зарим мэдээллийг авсан юм. Баянзүрхийн оношлогооны төв­өөр өдөрт 300-350 машин ордог аж. Тэрбээр “3-6 сард хүмүүс машинаа үзлэгт оруулах нь их байдаг. Жолооч нарт анхааруулж хэлэхэд, үзлэг оношлогоо бүтэн жил үргэлжилнэ. Зарим хүмүүс энэ сарын 31-нд дуусах юм шиг санаад, татвар хураах ажилтай холиод байх шиг байна. Та өнгөрсөн жил үзлэгтээ есдүгээр сард орсон бол тэр сардаа л орох ёстой. Одоо бол өнгөрсөн жил тавдугаар сард үзлэгт орсон машин л ирж байгаа юм. Үүнийгээ сайн мэдэхгүй тавдугаар сард оношлогоонд орох гээд ачаалал үүсгээд явж байгаа хүмүүс байна. Бид хэлж яриад, ойлгуулаад явж байгаа. Оношлогоог авто инженерүүд хийдэг. Одоогоор хоёр ээлжээр ажлын өдөр өглөө 08:00-20:00 цаг хүртэл, харин амралтын өдөр өглөө 09:00- 19:00 цаг хүртэл ажиллаж байна. Уртасгасан цагаар ажиллаж байгаа болохоор дараалал үүсээд, жолооч нар удаан хүлээж бухимдахгүй, ачаалал багатай байгаа” хэмээн ярьсан юм.

 

…Энэ сарын 1 -ээс эхлэн нэг цэгийн үйлчилгээний тоог нэмж нийт 25 байршилд татвар, төлбөр хураах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа юм. Энэ бол зөвхөн татвар хураах л ажил. Цаана нь бас автомашинаа оношлуулах ажил байгаа. Гэхдээ өнөө жил татвар хураалтад багахан өөрчлөлт орж, зарим төлбөр нэмэгдэж байгаа. Түүнээс гадна жил ирэх тусам нэмэгдэж байгаа автомашины тооноос хамаараад оношлогооны ажил ч дараалал ихтэй болсон. Мөн зарим жолооч нар оношлогоонд яаж орох, хэзээ очих, татвар хураалт нь ямар учиртай гэх мэт зүйлсийг мэдэхгүй, мэдээлэл багатай байгаа юм. Бүр зарим нь оношлогооны төвүүд хаана байрлаж байгааг ч мэдэхгүй явж байна…

 

Жолооч та оношлогоонд орсон сараа мэдэж байгаа биз

 

Жолооч та өнгөрсөн жил хэддүгээр сард оношлогоонд орсоноо мэдэж байгаа биз. Дахиад сануулахад, өнгөрсөн жил та долдугаар сард, эсвэл наймдугаар сард оношлогоонд орсон бол өнөө жил тэр сардаа л орно. Тэгэхээр тав, эсвэл зургадугаар сард давхиж очоод, өөртөө ч, өрөөлд ч ажил удаад байх хэрэггүй. Зарим нэг жолооч оношлогоонд орсон сараа мэдэхгүй давхиж очоод байгаа юм билээ.

 

Жолооч нар оношлогоонд орохын  өмнө  жолоочийн хариуцлагын даатгал автомашины даатгал, татвараа төлсөн байхаас гадна автомашиныхаа өнгө үзэмж болон бусад зүйлүүдийг бүрэн хангасан байх хэрэгтэй аж. Хэрвээ та өнгөрсөн оны хэддүгээр сард оношлогоонд  орсоноо мэдэхгүй бол Авто тээврийн газрын сайт руу орж, арлын болон улсын дугаараа бичиж, автомашинаа хэзээ оношлогоонд орсон cap өдрийг харах боломжтой юм. Автомашины ерөнхий байдал иж бүрдлийн үзлэгт түүний гаднах өнгө, үзэмж, улсын дугаар, техникийн бичиг баримт, ерөнхий иж бүрдэл зэргийг шалгах ажилбарууд багтаах аж. Мөн гэрэлтүүлэг, цахилгаан системийн ажиллагааг шалгахад, их гэрэл эргэх дохионы гэрэл болон гэрэл шилжүүлүүр зэргийг үзлэг хийж, шалгах ба хянах самбарын заагч багажны ажиллагаа, дуут дохио болон цахилгаан дамжуулах багажны бүрэн бүтэн байдал, аккумляторын техникийн байдлыг ажиллуулж үздэг юм байна. Бид оношлогч инженер н.Ганхуягаас үзлэг, оношлогоонд орж байгаа машин ямар доголдолтой байгаа, оношлогоонд машинаа оруулах гэж байгаа жолооч нарт юу гэж зөвлөхийг асуусан. Тэрбээр “Бид ирж байгаа жолоочийн тээврийн хэрэгслийг үзэж оношлоод тэнцэхгүй бол ийм доголдол байна. Тийм тийм засвар үйлчилгээ хийлгээд хүрээд ир гээд явуулдаг. Ихэнх нь миний машины тэр нь болохоо байсан байна, үүнийг засъя баярлалаа гээд л явдаг. Оношлуулж ирээд дахиад оношлогоонд орж байна.

 

Ерөнхийдөө манай улсад гадаадын орнуудаас насжилт өндөртэй машин орж ирж байгаа. Тийм болохоор дугуйны тавилт, тормоз муутай, утаа ихтэй байдаг. Түүнээс гадна галын хор, ослын тэмдэг, эмийн сан гээд иж бүрдэл байх хэрэгтэй. Түүнийгээ авахыг жолооч нарт сануулж байгаа. Дараа дараачийн үзлэгт орохоор ирэх жолооч нарт хандаж хэлэхэд, тээврийн хэрэгслээ сайхан угаагаад, цэвэрлэчих хэрэгтэй. Түүнээс гадна жолооч нар миний машины тэр нь болохгүй байгаа даа гэж мэддэг. Түүнийгээ өөрөө үзээд, болохгүй бол авто засварын мэргэжлийн хүмүүст үзүүлж засуулсан ч болно. Манайхаас гадна тээврийн хэрэгслийн засварын газрууд иж бүрэн оношлогоотой болчихсон шүү дээ. Тэр газруудаар үйлчлүүлж, машинаа засуулаад, болохгүй байгааг нь янзлаад ирвэл зүгээр байгаа юм. Түүнийхээ дараа манай дээр ирээд, өөр засчихаар юм байвал мэдээд, зүгээр байвал оношлогоондоо орчихоод л явчих хэрэгтэй. Ер нь оношлогоонд орно гэдэг чинь тээврийн хэрэгслийн бүрэн байдлаа хангаж, аюулгүй байна л гэсэн үг” хэмээн хэлсэн юм.

 

Татвар хураалт дуусахад 10 хоног үлдлээ

 

Нийслэлийи хэмжээнд автотээрийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил үзлэг, оношлогооноос огт өөр гэдгийг жолооч нар минь яс махандаа шингэтэл ойлгоод авчих хэрэгтэй байна. Дээрээс нь татвар хураах ажил энэ сарны 31-нээр дуусгавар болох ют. Хэрвээ та татвараа төлөхгүй бол замын цагдаа нар замын хөдөлгөөнд оролцож байхад чинь зогсоогоод, дүрэм журмын дагуу арга хэмжээ авах болно. Өнөө жил татварын хэмжээнд бага ззрэг өөрчлөлт орсон. Мөн татвар төлснийг гэрчлэх гурвалжин наалт өгөхөө болъж байгаа. Манай сурвалжлах хэсэг Сухбаатар дүүргийн татварын хэлтсээр орж, Сухбаатар дүүргийн татварын хэлтсийн Автотээвэр хариуцсан татварын улсын байцаагч Ц.Батболдоос дэлгэрэнгүй мэдээлэл авсан.

 

-Нийслэлийн хэмжээнд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам аршгласны төлбөр хураах ажил энэ сарын 31-нд дуусна. Одоогийн байдлаар Сүхбаатар дүүргийн хэмжээнд энэ ажил ямархуу өрнөж байна вэ?

 

-Тавдугаар сарын 18-ны байдлаар мэдээлэл өгөхөд, Автотээврийн албаны татварын хувь 31-ны өдрийн байдлаар авах татварын төлөвлөгөө хоёр тэрбум 74 сая төгрөг. Одоогийн байдлаар тэрбум 71 сая төгрөг хураагдаж, 51.6 хувьтай явж байна. Харин агаарын бохирдлын татварын хувьд 67 сая 448 мянган төгрөг хураах төлөвлөгөөтэйгөөс 58 сая 570 мянган төгрөг орсноор 86.8 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Зам ашиглалтын татварын хувь 942 сая төгрөг хураах төлөвлөгөөтэйгээс одоогоор 424 сая 259 мянган төгрөг хураагдаж, 45.4 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

 

-31-ний өдрөөр татвар ху­раах ажил дуусна. 10 хоног үлдсэн гэсэн үг. Энэ хугацаанд татвар хураалтын ажил дуусах уу?

 

-Өнгөрсөн жилийнхийг бодвол идэвх тааруу байна. Тиймээс дүүргийн зүгээс аж ахуй нэгжүүдээ дуудаж, шахаж байгаа. Иргэдийн хувьд, Сүхбаатар дүүргийн 20 хороон дээр өдөрлөг зохион байгуулж байна. Тэр хүрээнд татвар хураах, үзлэг оношлогоонд оруулах ажлаа хийж байгаа. Мөн хорооны хэсгийн ахлагч нараар нь шахуулж байгаа хаалгыг цохиж, татвараа төлсөн эсэхийг нь асууж, сануулж, зар сурталчилгааны хуудас тараасан.

-Татвараа төлөөгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй гэж байгаа шүү дээ. Ямар нэг байдлаар төлөөгүй бол хугацаа сунгах уу?

 

-Хугацаа сунгах гэсэн ойлголт байхгүй. Хуулийн хугацаа нь тавдугаар сарын 31-ний өдрөөр дуусдаг. Харин хяналтын шатны арга хэмжээ гэж явагддаг. Зургадугаар сарын 10-24-ний хооронд явуулна. Нэг ёсондоо цагдаатайгаа хамтраад бичиг баримт хураах, торгох арга хэмжээ эхэлнэ гэсэн үг.

 

-Татвар төлсөн гэсэн гурвалжин наалт өгөхгүй байгаа. Төлбөр төлсөн гэдгайг нь яаж баталж, цагдаа нар нь ямар байдлаар мэдэх вэ. Хүмүүс их гайхаж, энэ талаар лавлаж байгаа?

 

-Энэ жилээс замын цагдаа нар автогридэр гэдэг төхөөрөмжтэй болсон. Бид татвар хураалтаа дуусгаад, зургадугаар сарын 3-ны дотор төлбөр төлсөн мэдээллийнхээ баазыг тэр төхөөрөмж рүү нь суулгаж өгөх юм. Төлбөрөө төлсөн, төлөөгүйгээр нь ялгаад суулгаж өгнө. Түүний дараа цагдаа нар камержуулалтын системээрээ төлбөрөө төлөөгүй машиныг нь хайж олоод төхөөрөмжөөрөө шалгаад, хариуцлагаа тооцоод явчих юм. Татвараа төлсөн хүмүүсийг цагдаа зогсоогоод, шалгах юм шигээр хүмүүс буруу ойлгоод байгаа. Тийм зүйл байхгүй. Зөвхөн төлбөрөө төлөөгүй хүмүүстэй харьцаад л явчихна. Тиймээс гурвалжин наалт өгөх шаардлагагүй гэж үзсэн.

 

-Татвар хураалтын мөнгөн дүн дээр өөрчлөлт орсон юм уу. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

 

-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувьд өөрчлөгдсөн зүйл байхгүй. Агаарын бохирдлын татвар мөн хэвээрээ байгаа. Харин энэ жилээс зам ашиглалтын төлбөр гэж нэмэгдэж орж ирсэн. Өнгөрсөн гуравдугаар сарын 1-ээс хууль, журам нь гарсан. Тийм болохоор хүмүүс мэдээлэл багатай байгаа болов уу. Ямар учиртай вэ гэхээр, УБ серитэй дугаартай машин зам ашигласны төлбөрөө төлнө. Хөдөө орон нутагт байгаа ч гэсэн хамаагүй УБ серитэй л бол зам ашигласны төлбөрөө төлнө. Тухайлбал, компани нь хотод байгаа мөртлөө машин Өмнөговьд уурхайд явдаг байж болно шүү дээ. Тийм байсан ч хамаагүй зам ашигласны төлбөрөө төлнө. Хэрвээ манайх хот руу огт орж ирдэггүй. Тэндээ байдаг гэвэл Автотээврийн газраас механизмын дугаараа авах хэрэгтэй. Нэг бол хөдөө орон нутгийн дугаараа авна. Тэгж байж зам ашигласны төлбөр төлөхгүй байж болно. Бусад тохиолдолд бүгд төлөх учиртай.

Монголын мэдээ

Н.Пунцагболд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button