Их хэмжээний мөнгө завшсан гэх “Либерти Партнес”-ийг шалгах сурагтай
Монголын хоёр дахь саалийн үнээ болсон “МИАТ” ХК-тай холбоотой дуулиан шуугиан тасрахгүй бололтой. Өмнө нь тус компанийн экс удирдлагууд дайны эрсдэлийн даатгал гэх нэрээр их хэмжээний мөнгө угаадаг байсан нь тогтоогдсон учраас холбогдох хүмүүс нь шүүхийн шийдвэрийн дагуу зохих ял зэмээ эдэлж буй билээ.
Гэтэл одоо тус компанитай холбоотой дахин нэг хэрэг дэгдэх бололтой. Тодруулбал тус компани “Либерти Партнерс” гэх зөвлөх үйлчилгээний компанид ихээхэн хэмжээний мөнгө төлж дээрх үйлчилгээг авч байжээ.
Ингээд Монгол Улс АНУ-ын “Боинг” онгоц худалдаж авсан түүхийг сөхье. Аливаа улс орны Засгийн газар өөрсдийн бүтээгдэхүүний экспортыг дэмжин ажилладаг. Тус улс Франц-Германы хамтарсан “Арибус”-тай нэлээд өрсөлддөгийн зэрэгцээ манай улсад гурван онгоц зарсан нь маш том амжилт аж. Тиймээс “МИАТ” ХК-нд буцалтгүй тусламж үзүүлэхээр шийджээ.
Өөрөөр хэлбэл гурван онгоц худалдаж авсан хэмээн тус компанид 400 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж энэ мөнгөөрөө “МИАТ”-ийн бизнес төлөвлөгөөг үнэгүй хийж өгөхөөр болсон аж. Үүнийгээ тэд өөрсдийн “Худалдаа, хөгжлийн агентлагаараа дамжуулж энэхүү туслалцааг үзүүлэхээр тохирч байжээ.
Тодруулбал АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байден 2011 оны наймдугаар сард манай улсад албан ёсны айлчлал хийхдээ шинээр авсан онгоцнуудын үйл ажиллагаа, арчилгааг тооцсон 400 мянган ам.долларын үнэтэй бизнес төлөвлөгөөг хийж өгөхөөр баталгаажуулж байсан байна.
Гэтэл АНУ-ын тусламжаар “МИАТ”-д бизнес төлөвлөгөө буюу зөвлөх үйлчилгээг үнэгүй хийж өгөх гэрээ хэлцэл аль хэдийнэ бий болчихоод байхад хуучнаар ЗТБХБЯ-наас тендер зохион байгуулж Хонгконгийн “Seabury”, мөн манай улсын “Либерти Партнерс” зэрэг компаниудаас өндөр өртөгтэйгээр зөвлөх үйлчилгээ авчээ.
Хамгийн гол нь тус улсын үнэгүй үзүүлэх үйлчилгээ манай улсын хэсэг бүлэг эрх мэдэлтнүүдэд таалагдаагүй учраас өндөр үнэ төлж дээрх зөвлөх үйлчилгээний багийг авсан гэсэн үг.
Түүнчлэн “Seabury” компанийн захирал Ян Фишер “МИАТ”-ийн ТУЗ-ийн даргын өмнөөс 2011 оны арваннэгдүгээр сард төлөвлөж өгсөн захидалдаа “АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлагийн мөнгийг өөртөө шилжүүлж өгөхийг хүсээд энэ хоёр төсөл яг адилхан зорилготой, адилхан бүтээгдэхүүн нийлүүлэх төсөл тул давхцалыг арилгах үүднээс ийнхүү бидэнд мөнгийг өгнө үү” гэсэн байжээ.
Эндээс харахад эрх мэдэлтнүүд болон “МИАТ”-ийн удирдлагууд санаатайгаар үргүй зардал гаргажээ гэж ойлгогдохоор байгаа юм.
Хууль зөрчин бусдад онгоцоо шилжүүлжээ
Мөн “МИАТ” ХК өөрсдийн дансанд бүртгэлтэй онгоцыг бусдад түр шилжүүлэн хэрэглүүлсэн байдаг.
Энэ нь тус компанийн худалдан борлуулахаар зөвшөөрөгдсөн 6.2 тэрбум төгрөгийн үнэтэй “Аэробус 310-300” онгоцыг ТӨХ-ны 2011 оны 684 дүгээр тогтоолоор ЗХЖШ-т зургаан сарын хугацаагаар түр шилжүүлэхээр болсон байна.
Уг нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд төрийн байгууллагуудын эзэмшилд байгаа хөрөнгийг түр шилжүүлэх тухай заалт байхгүй бөгөөд хөрөнгийг шилжүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж байхаар тус хуулийн 9.3-т тодорхой заасан байдаг. Гэтэл хууль дүрмийг зөрчин яагаад бусдад шилжүүлэв гэдэг нь ч асуудалтай.
Хэрэг хуучирдаггүй гэгчээр дээрх зөвлөх үйлчилгээний талаар өмнө нь нэг ч удаа яригдаж байгаагүй бол одоо эл асуудлыг сөхөж шалгах сурагтай. Манай улсын эдийн засагт гайгүй хувь нэмэр оруулах буцалтгүй тусламжийн үйлчилгээ байсаар атал хэн нэгэн эрх мэдэлтэй, мөнгөний хойноос улайрсан нөхдийн балгаар “МИАТ” ХК-ийн данснаас ихээхэн хэмжээний мөнгө гарч хувийн зөвлөх үйлчилгээний компанийн халаас руу орсон нь хэний ч анхаарлыг татна.
Товчхондоо “МИАТ” ХК-ийн зөвлөх үйлчилгээ мөнгө угаахын нэг хэлбэр үү гэж асуувал зохилтой.
Өмнө нь нь тус компанийн захирлууд иймэрхүү аргаар мөнгө тоншиж байгаад хэсэг хугацааны дараа булхай нь илчлэгдэж байсныг уншигчид санаж буй байх.
Өөрөөр хэлбэл дээрх удирдлагуудын мөнгө идэж уусан арга нь дайны эрсдлийн сан нэрээр мөнгө угаасантай утга нэгтэй гэж хэлэхээр байгаа юм.
Бид дараагийн дугаартаа үүнтэй холбоотой тус компанийн хүний нөөцийн асуудлын талаар мэдээлэх болно.
Өглөөний сонин
Р.Саруул