Газрыг үнэлэмжтэй болгож, эдийн засагт дэмжлэг болъё
Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн даалгавраа биелүүлэхээр, шангаа татчихаад байгаа. Хүлээж суугаа хүнд бол 100 хоног буюу гурван сар гаруй хугацаа бол урт л байх. Харин хийж, бүтээхээр зүтгэж буй хүнд бол харвасан сум шиг л өнгөрөх биз.
Юутай ч Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд ажлуудаа багцалж амжжээ. Үүнд нь уул уурхай ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, бизнесийг дэмжих, барилга, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, орон нутгийн эдийн засгийн чадавхийг өсгөх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төсөв мөнгөний бодлогын талаар авах арга хэмжээ гээд 71 асуудлыг багтаан төлөвлөсөн байна. Эдгээрийгээ хийж, хэрэгжүүлэхийн тулд Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн зөвлөлийг хүртэл байгуулаад байгаа.
Гэвч аливаа том ажил хэзээд жижиг асуудлаас эхэлдэг зарчмаар бид засгийг хүлээн суух биш, зах зухаас нь эдийн засгийг эрчимжүүлэх ажилд гар бие оролцмоор санагдах. Ингэхийн тулд энэ биед минь төрөөс үнэ төлбөргүй олгосон 0.7 хүртэлх га газраа эдийн засгийн эргэлтэд оруулчихвал ч багагүй нэмэр болох байх даа.
Уг нь 2002 онд анх “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль батлагдсан. Үүнээс хойш 10 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэн бүр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийслэлд 0.7 хүртэлх га газар өмчлөх эрхтэй болсон. Харамсалтай нь иргэд өмчтэй, бүр үл хөдлөх хөрөнгөтэй болсон ч эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй болохоор үхмэл хөрөнгө гэж нэрлэхээс наахнуур байгаа.
Тиймдээ ч банкнаас зээл авъя гэхээр газрыг нь дангаар нь барьцаанд авахгүй. Хотын төвд ойр, дэд бүтцэд холбогдох боломжтой энэ, тэр гэж элдвээр рекламдаж байж арайхийн барьцаанд тавилаа гэхэд үнэлгээ нь ч доогуур. Гэтэл бусад улс, гүрэнд бол хамгийн үнэ цэнтэй, үл хөдлөх хөрөнгө нь газар байдаг.
Тэр байтугай БНСУ-д л гэхэд бүх насаараа үхэн хатан зүтгэж байж ердөө л “ясаа тавих” газартай болдог хөгшчүүл олон байдаг тухай монголчууд байнга ярьдаг. Харин манайд бол тухайн газар дэд бүтэцтэй холбогдсон эсвэл холбогдох боломжтой тохиолдолд үнэлэгдэж, эзнээ “баярлуулдаг” зарчим илүү үйлчлээд байх шиг.
Газрыг гайгүй сайн үнэлэмжтэй болгоё
Уг нь газрыг үнэ цэнтэй болгох боломж олон бий. Тухайлбал газрын арилжааны идэвхийг нэмэгдүүлэх, дангаар нь банкны барьцаанд үнэлдэг болгох, орон сууц, оффисын зориулалтаар өртөг шингээн борлуулах, дэд бүтцийг хөгжүүлж, авто замын сүлжээг нэмэгдүүлэх зэргээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлбэл эдийн засгийн зарчмаараа иргэдийн газар үнэлэгдэх боломж бүрдэнэ.
Газрыг үнэд оруулах энгийн нэгэн жишээ авч үзье. Хэрвээ 1 га талбайд 200 айлын орон сууц барина гэж үзвэл нийт 300 сая төгрөгийн газрын өртөг шинээр бий болно. Үндсэндээ нэг га талбай гэдэг нь нийтдээ 14 хүнд /10000/700/ хуваарилагдана. Иймд нэг хүнд ногдох орон сууцны барилгаас бий болж байгаа газрын өртөг 21 сая 400 мянган төгрөг /300 сая төгрөг/14 хүн/ болж байна. Мэдээж энд байршил чухал нөлөө үзүүлнэ. Олны хэлдгээр боломжийн гэж нэрлэгддэг газар бол 21 сая 400 төгрөгт хүрч байгаа. Харин хотоос зайдуу газрууд үүнээс хоёр дахин бага үнэлгээтэй буюу 10 сая төгрөг. Энэ хэмжээний үнэлгээтэй газраа барьцаанд тавилаа гэхэд 70 орчим хувиар нь үнэлүүлэн, 7 сая хүртэлх төгрөгийн зээл авах боломжтой болно. Энэ бол ердөө л жишээ.
Хэрвээ ийн газар дангаараа үнэд орсон тохиолдолд үндэсний баялаг шууд өснө. Зөвхөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээ 4.700 км2 гэж үзвэл газарт нийтдээ 30 гаруй их наяд төгрөгийн үнэ цэн хадгалагдсаар байна. Энэ их үндэсний баялгийг нийтээр эдийн засгийн эргэлтэд идэвхтэй оруулах шаардлагатай. Тэгж байж л үр өгөөжийг ард иргэд хүртэх бололцоо бүрдэнэ.
Монгол Улсын иргэний хувьд өмчлөх өөрийн газраа эдийн засгийн эргэлтэд оруулснаар амьдрал ахуйд нь томоохон дэмжлэг болох юм. Хэрэгжүүлээд эхэлбэл монголчууд бүгд үл хөдлөх хөрөнгөөрөө “хөлжиж”, хөгжлийн гараагаа эхлүүлэх боломжтой болно гэсэн үг.
Өглөөний сонин
Б.Төгөлдөр