Бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан зарим хөшөө, баримлуудыг нүүлгэн шилжүүлнэ
Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны чиг хандлагыг тодорхойлох баримт бичгийн дагуу Жуулчны гудамжийн автозамыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөлт хийсэн. Энэ төлөвлөлттэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн 3-р хороо Жуулчны гудамжид байрлах Унагатай гүү, Сарлагтай хүү, зэс хөөмөл баримлуудыг Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу Чингэлтэй дүүргийн Самбуугийн гудамжны төгсгөл Гэсэр сүмийн уулзварт байрлуулахаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаас шийдвэрлэлээ. Үлдсэн 8 баримлуудыг шилжүүлэх хүртэл “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” хариуцан өөрийн байгууллагын хашаанд байрлуулж хадгалах юм байна.
Мөн БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэл сэн. Энэхүү төсөл хэрэгжиж дууссанаар 0.9 км урт, 1 чиглэлдээ 3 эгнээ нийт 6 эгнээ авто зам барихаас гадна Сэлбийн гүүрийг бүрэн шинэчилж нэг чиглэлдээ 3 эгнээтэй 0,74 у/метр гүүртэй болох юм. Мөн гэрэлтүүлэг, гэрэл дохио, ногоон байгууламж, тохижилтыг цогцоор нь шийднэ. Энэ ажилтай холбоотойгоор орчны тохижилт, байр зүйн хувьд Залуу Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөг шилжүүлэх шаардлага гарсан байна. Тиймээс хотын ерөнхий менежер Б.Бадрал түүний хүүтэй нь уулзан саналыг нь сонсоход баруун тийш шилжүүлэн өндөрсгөхийг зөвшөөрчээ. НИТХ-ын тэргүүлэгчидээс бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан залуу Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөг хуучин сууринаас баруун тийш шилжүүлэн, суурийг бага зэрэг өндөрлөж байрлуулахаар боллоо.
Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж төсөл”-ийн Хотын төв дэд төслийн хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3,4-р хорооллын эхлэл Л.Энэбишийн өргөн чөлөө, Ахуйн үйлчилгээний авто замын уулзварыг өргөтгөн шинэчлэнэ. Тиймээс Л.Энэбиш агсаны хөшөөг хуучин сууринаас нь зүүн урагш 10 м орчим шилжүүлэн цогцолбор байдлаар байршуулахаар боллоо.