Миссүүдийн кинонд тоглох цувааг Ч.Содтуяа үргэлжлүүлнэ
1990-ээд оноос хойш уналтанд ороод байсан кино урлаг сүүлийн арваад жилийн дотор хөгжиж байна хэмээн ярих болсон. Гэхдээ учир мэдэх урлаг судлаачид кино урлаг бизнес тал руугаа хөгжиж байгаа нь бүтээлийн чанарыг алдагдуулж байна хэмээн шүүмжлэх болсон билээ. Энэ нь ч үнэний ортой.
Өдөр алгасахгүй төрөх шинэ кинонууд үйл явдал цөөтэй, зохиол муутай, жүжигчдийн ур чадвар дутуу дулимаг гэх мэт шүүмжлэлийг араасаа дагуулдаг. Ялангуяа шинэ кино дэлгэцэнд гарсны дараа жүжигчдийн ур чадвар бүр ч их яригдаг. Учир нь сүүлийн үеийн кино хэтэрхий загвар, царай зүс хөөж мэргэжлийн жүжигчин гэхээс илүүтэй загвар өмсөгч, миссүүдийг киноныхоо гол дүрд тоглуулж байгаа нь уран бүтээлийн чанарыг алдагдуулж байна. Тиймдээ ч моод хөөсөн Монголын кино урлаг хөгжихгүй байна хэмээн ярих болсон. Гэсэн ч миссүүдийн кинонд тоглох цуваа үргэлжилсээр байна. Энэ удаад “Азийн модель” агентлагийн тэргүүн мисс Ч.Содтуяа бүжигчин бүсгүйн тухай өгүүлэх нэгэн киноны гол дүрд тоглохоор болжээ.