Бүтцийн өөрчлөлт хийхийг дэмжив

 Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог тус комиссын хуралдааныг өнөөдөр хийлгэж комиссын үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журамд зохих өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцүүлэв.

 

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж эцэслэн шийдвэрлүүлэх, Төсвийн хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Улсын комиссын дүрэмд өөрчлөлт оруулах,”Том төрөөс ухаалаг төр рүү” зарчмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд комиссын дэргэдэх Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн Судалгааны төвийн бүтцэд өөрчлөлт оруулах зэрэг арга хэмжээг  авч хэрэгжүүлэх шаардлагатай байна" хэмээн  хуралдааны үеэр тус Комиссын нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн  онцлон хэллээ.

Тэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг нэн яаралтай шийдвэрлүүлэх үндэслэл, шаардлагын талаар ярихдаа, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулах тухай өргөдөл гаргах хугацаа, нөхөх олговор нэхэмжлэх нэхэмжлэл гаргах хугацаа 3 удаа сунгагдаж улмаар 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон билээ. Хуулийн төсөлд дээрх хугацааг сунгах, зарим нэр томъёоны ойлголт болон эрх үүргийг тодорхой болгох, нөхөх олговрын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг шаардлагыг харгалзан  Улсын комиссоос байгуулсан ажлын хэсэг хуулийн төсөл боловсруулсаныг Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлээд байгаа тухай танилцуулав.

Комиссын нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн дээрх зорилтын хүрээнд даруй хэрэгжүүлэх ажлын талаар дурдахдаа, юуны өмнө Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивт шалгагдаагүй үлдсэн хэрэг байгаа эсэхийг нягтлан шалгаж, тэдгээрийг цагаатгаж дуусгах, Улсын Ерөнхий Прокурорын газраас  шалгах ажлыг  нь зогсоосон 1000 гаруй хүнтэй холбоотой  хэргийг дахин хянан үзэж цагаатгах эсэхийг эцэслэн шийдвэрлэх, аймгууд дахь архив, түүний дотор тэдгээрийн шүүхийн архивт шалгагдаагүй үлдсэн байж болзошгүй улс төрийн хэлмэгдүүлэлттэй холбоотой, цагаатгагдаагүй хэрэг байгаа эсэхийг салбар комиссоор шалгуулах талаар ярив.

 

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын Комиссын дүрэмд өөрчлөлт оруулахыг  Комиссын гишүүд дэмжсэнээр  өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button