Орон нутгийн хүүхдүүдийг хэн хамгаалах вэ

Монгол Улсад хүүхдийн гэх тодотголтой хууль тогтоомж, төсөл хөтөлбөр, эрхзүйн акт хангалттай бий. Гэтэл хүүхдийн эрх зөрчигдсөөр буй нь хууль хэрэгжихгүй байгаагийн тод илрэл гэлтэй. Гэхдээ нэг үеэ бодвол нийслэлд хүүхдийн эрх хамгааллын талаар бага ч болов ажил хийгдэж байгаа гэж хэлж болно.

 

Тухайлбал, нийслэлийн Цагдаагийн газрын дэргэд Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс гэж шинээр байгуулагдсан. Мөн хуучнаар “Хүүхэд хамгаалал хаяг тогтоох төв”-ийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөн зохион байгуулж, засвар шинэчлэл хийж “Түр хамгаалах байр” болгосон гэх мэтчилэн хамгааллын ажил хийгдэж байгаа.

 

Гэтэл хөдөө орон нутгийн хүүхдүүдийг хэн хамгаалах вэ гэдэг асуулт урган гарч ирэв. Учир нь орон нутагт амьдарч байгаа хүүхдүүдийн эрх ноцтой зөрчигдөж, ухамсар дорой томчуудын гарын шүүс болж амиа алдсаар байгааг мартах учиргүй. Тухайлбал, өнгорсөн онд Хөвсгөл аймагт гурван жилийн турш дунд сургуулийн багш эмэгтэй талийгаач ахынхаа хүүг амбаартаа хорьж, хоолны үлдэгдлээр тэжээж байсан гэх санаанд багтамгүй хэрэг гарсан.

 

Мөн хэдхэн хоногийн өмнө Булган аймагт хүүхдүүдээ санаатайгаар шатааж, амийг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарлаа. Булган аймгийн Орхон сумын нэгдүгээр багт оршин суух иргэн Ё гэгч нь нэг болон таван настай хоёр хүүгээ автомашиндаа суулгаж байгаад шатаасан байгаа юм. Энэхүү хэргийг үйлдэх үедээ тухайн этгээд архидан согтуурсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Одоогоор шалгалтын ажил явагдаж буй. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ё гэгч этгээд өмнө нь архи уух болгондоо агсам тавьж, эхнэр хүүхдээ дарамтлан зовоодог байсан байна. Жишээ дурьдахад ийм л байна. Гэтэл хөдөө уулын аманд байгаа тэднийг эцэгтээ дарамтлуулан улмаар амиа алдах хүртэл хэн ч хамгаалж чадсангүй.

 

Хүүхдийг аливаа болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх хамгаалах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхээр ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд хаана байсан бэ. Үүнээс үзэхэд хүүхдийн бүхий л асуудлыг мэддэг, шийдэж болох сургууль цэцэрлэг, сум дүүрэг, хорооны нийгмийн ажилтны хэн нь ч хамгаалж чадсангүй. Хүүхдийг аливаа болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх хамгаалах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхээр ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд хаана байсан бэ. Үүнээс үзэхэд хүүхдийн бүхий л асуудлыг мэддэг, шийдэж болох сургууль цэцэрлэг, сум дүүрэг, хорооны нийгмийн ажилтны үүрэг, оролцоо муу байгааг энэ явдал гэрчилж байна.

Уг нь хүүхэд хамгаалал, ялангуяа хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн асуудлаар орон нутгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсүүд бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан багаар ажиллах ёстой. Хамтарсан багаар ажиллах журмыг аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар батлан мөрддөг. Хамтарсан багийн бүрэлдэхүүнд өрхийн эмч, цагдаа, байцаагч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид багтдаг юм билээ.

Тиймээс өмнө нь Ё гэгч этгээд архи ууж агсам тавьж хүүхдүүдээ дарамтлан зовоодог байсныг ямар нэгэн байдлаар мэдэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой гэсэн үг. Хамтарсан багийн бүрэлдэхүүнд багтаж байгаа өрхийн эмч, цагдаа нар алслагдсан айлуудаар явж ажил үүргээ биелүүлдэг л байлтай. Тэд “Бидэнд үйл ажиллагаандаа зарцуулах төсвийг баталж өгдөггүй. Хүртэж, амсуулах төдий төсөв бус асуудлыг шийдвэрлэдэг төсөвтэй болмоор байна” гэх мэтийн том зүйл төр засгаас шаардаад суух бус өнөөгийн байдалдаа тохирсон арга хэмжээг цаг алдалгүй авдаг болж яагаад чадахгүй байна вэ.

 

Тиймээс хөдөө орон нутагт эрх нь зөрчигдөж байгаа, харамсалтайгаар амиа алдсан хоёр хүү шиг эрсдэлд ойрхон байгаа хүүхдүүдийн асуудалд холбогдох байгууллагууд нь анхаарлаа хандуулах цаг нь болжээ.

Монголын мэдээ

Ж.Отгонмягмар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button