Ш.Түвдэндорж чадвараа шалгуулав
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж өчигдөр “түргэн хэллэг” хэлж чадвараа гайхууллаа. Учир нь Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.
Энэ үеэр гишүүдийн байр суурь нэлээд зөрчилдөж, багагүй маргаан дэгдээж байлаа. Харин хамгийн сүүлд буюу санал хураалт явуулахын тулд Ш.Түвдэндорж гишүүн 400 орчим хуулийн нэрийг гишүүдэд нэг бүрчлэн уншиж, танилцуулах үүрэг хүлээсэн юм.
Учир нь дээрх хуулиудтай холбоотойгоор маш олон хуульд өөрчлөлт орох бөгөөд байнгын хорооны хуралдааны протокол үйлдэн, тэмдэглэж авдаг учраас ийнхүү зайлшгүй уншиж, түргэн хэллэгийн дасгал хийгээд авав.