"Мансууралгүй ирээдүй" аян эхэллээ
Өсвөр үе, залуучуудыг архи, тамхи, мансууруулах бодист автахаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа болон хорт зуршлын талаархи мэдлэг, мэдээллийг түгээх нөлөөллийн ажил зохион байгуулах шаардлага тулгараад байгаа. Иймд нийслэлийн Баянзүрх дүүргийн ЗДТГ, Нийгмийн хөгжлийн хэлтсээс санаачлан “Мансууралгүй ирээдүй” аяныг эхлүүлжээ. ЕБС-ийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнууд болон асрамж халамжийн төвүүдэд хүмүүжиж байгаа хүүхдүүдийг уг аянд хамруулж байгаа аж.
Харин аяны гол зорилго нь өсвөр үеийнхэнд архи, тамхи, мансууруулах бодис, хорт зуршлын талаархи мэдлэгийг өгч, танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулж, залуучуудын хандлагыг өөрчлөхөд оршиж байгаа юм. “Мансууралгүй ирээдүй” аяны хүрээнд архи тамхи хэрэглэдэг хүүхдүүдийг олж илрүүлэн түүний хор уршгийн талаархи мэдээллийг өгч байна. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад “Их хотын залуусын зөв сонголт” сэдэвт уран илтгэлийн болон “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Мөн аяны хүрээнд залуусын дунд гар болон фото зургийн уралдааныг зарласан бөгөөд “Эрүүл спортлог гэр бүл” нийтийн гүйлтийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Монголын мэдээ