Хоёр дахь Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан хэрэгтэй юу
Манай улс сүүлийн жилүүдэд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэдгээрийг дэмжих тал дээр ихээхэн анхаарч, Хөдөлмөрийн харъяа Жижиг дунд үйлдвэрлэлийн газрыг байгуулж, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих” хөтөлбөр гээчийг хэрэгжүүлэх болсон. Үүний үр дүнд хөдөө орон нутгуудад тусгай нэгж байхгүй ч аймгуудын хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд Жижиг дунд үйлдвэрлэлийн газрыг төлөөлөн ажиллаж байгаа.
Мөн нийслэлийн хэмжээнд дүүрэг бүрт Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төв ажиллаж, ЖДҮ эрхлэгчдэд анхан шатны зөвлөгөө мэдээлэл хүргэх, төрөөс явуулж буй энэ талын үйл хэргийг таниулан, дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулж байна .
Мөн нийслэл Улаанбаатар хотноо төвтэй Хөдөлмөрийн харъяа Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг байгуулагдаж, ЖДҮ эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлж, үйлдвэрлэгчдийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор ажиллаж байгаа.
Энэхүү сангийн үйл ажиллагаа нийслэлийн иргэд ч бай орон нутгийнх ч бай тэдэнд адил шалгуураар хүрч үйлчилж буй. Өөрөөр хэлбэл,
- ЖДҮ эрхлэгчдэд зориулж урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох;
- Ажлын байр шинээр бий болгосон ажил олгогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
- ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн түрээс /лизинг/-ээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авч ашиглахад дэмжлэг үзүүлэх;
- Төслийн гүйцэтгэл дээр хяналт тавих;
- Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор санхүүжилт, дүрэм журмыг бий болгож дотоодын болон гадаад улсын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах;
- ЖДҮ-лэл эрхлэгчдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх;
- Зээлийн батлан даалтын үйлчилгээ гэсэн үйлчилгээнүүдийг үзүүлдэг.
Гэтэл үүнтэй зэрэгцээд Нийслэлийн удирдлагын зөвлөл ээлжит хуралдаанаараа “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журмын төсөл”-ийг боловсруулсанаа хэлэлцэж, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан байгуулахаар болжээ.
Тэгэхдээ Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу 2014 оны зорилтын хүрээнд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамуулан жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт олгох боломжийг нэмэгдүүлэх, Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжихээр хөнгөлттэй зээл олгох, батлан даалтын үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Хөнгөлттэй зээл олгох, батлан даалтын үйлчилгээг цаашид “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаар дамжуулан хийгдэх гэнэ. Гэтэл манайд нийслэл хотноо тус сангаас гадна Зээлийн батлан даалтын сан гэх байгууллага бий. Эдгээр сангууд нь бүгд Нийслэлээс байгуулах гээд байгаа ЖДҮХС-ийн үйл ажиллагааг явуулдаг.
Ийм атал Нийслэл ижил төрлийн үйдлчилгээтэй ЖДҮХС байгуулж, данхагар бүтцээ улам томруулж, зардлыг өсгөх шаардлага байна уу.
Г.Аянга
оллоо.мн