Иргэний харьяаллаа сэргээлгэхдээ тухайн улсынхаа харьяатаас гаргасан байх шаардлагатай

Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын иргэншлээ сэргээх хүсэлтийг гаргасан. Гэвч Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газраас Д.Мөнхбаярын хүсэлтэд татгалзсан хариу өгсөн байна. Тодруулбал, Д.Мөнхбаярыг ХБНГУ-ын иргэншлээс гарсан гэдгийг нотлох бичиг баримтыг ирүүлээгүй учраас Монгол Улсын Харьяатын тухай хуулийн дагуу хоёрдмол харьяаллыг хүлээн зөвшөөрдөггүй гэсэн хариуг өгчээ. Гэхдээ хуульд заасны дагуу татгалзсан хариу өгснөөс хойш 6 сарын дараа Монгол Улсын харьяатаа сэргээн тогтоолгох хүсэлтээ дахин илэрхийлэх боломжтой гэдгийг албаны хүн мэдэгдэж байна. Д.Мөнхбаяртай адилаар Монгол Улсын иргэн харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлтэй хүмүүс цөөнгүй байдаг болов уу. Тэгвэл тэдгээр хүмүүст зориулж дараах мэдээллийг бэлтгэлээ.

 

Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлтэй байгаа бол ямар материал бүрдүүлж, хаана хандах ёстой вэ?

 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр бичсэн өргөдөл, холбогдох баримт бичгийн хамтаар Гадаад иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт өгөх ёстой.

 

-Өргөдөл дээр юу, юу бичих шаардлагатай вэ?

 

-Өргөдөлд Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох болсон шалтгаан, аль улсад ямар хугацаагаар ажиллаж, амьдарч байсан, хэзээ, ямар хэргээр тус улсад ирсэн, эцэг, эх, эхнэр/нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат болох, өргөдөл гаргагч одоо аль улсад аж төрж байгаа зэрэг өөрийн болон ам бүлийнхээ байдлыг тодорхой тусгаж бичих юм. Үүний дараа өөрийн гурван үеийн намтарыг бичиж өөрийн гарын үсгээр баталгаажуулж, Монгол Улсын харьяат болох, иргэний харьяаллаа сэргээлгэхийг хүсэгчийн анкет бөглөнө.

-Тэгвэл холбогдох бичиг баримтад юуг бүрдүүлэх вэ?

 

-Бүрдүүлэх бичиг баримтад Төрсний гэрчилгээ болон тухайн улсынхаа паспортыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 16 хүртэл насны хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг орох юм. Харин 16-18 насны хүүхдийн хувьд тэд өөрсдөө бичгээр гаргаж гарын үсгийг нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл хэрэгтэй болно. Мөн тухайн улсынхаа харьяатаас гарсан байх шаардлагатай гэдгийг анхаарна уу. Гавьяат тамирчин Д.Мөнхбаярын гаргасан алдааг давтаж болохгүй гэсэн үг. Дээр нь гоц халдварт өвчингүй болохыг нотолсон эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт байх шаардлагатай. Эдгээрийг бүрдүүлсний дараа тэмдэгтийн хураамж 60.000 төгрөг, 3 хувь цээж зураг зэргийн хамтаар Гадаад иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт өгөхөд болно.

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын http://www.immigration.gov.mn цахим хуудаснаас авах боломжтой.

 

-Бүрдүүлэх материал дотор амжиргааны эх үүсвэрийн талаарх тодорхойлолт гэдэг хэсэг байна. Энэ иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргасан хүмүүст хамааралтай юу?

– Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан гадны болон харьяалалгүй хүмүүст хамааралтай. Түүнээс иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргасан хүмүүст шаардлагагүй. Тавигдах шаардлага дээр байдаг боловч иргэний харьяаллаа сэргээх хүсэлтэй хүмүүс үүнийг анхаарахгүй байж болно.

Дараагийн сэдэв Монгол Улсын харьяат болоход юу шаардагдах вэ …

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button