Хүний эрхийг хамгаалахад хуулиас гадна хөрөнгө чухал
Хүний эрхийн зөрчилгүй улс орон гэж байдаггүй. Хаа ч гэсэн хүний эрхийг их, бага хэмжээгээр зөрчиж байдаг. Гагцхүү хүний эрх зөрчигдсөн тохиолдолд хамгаалах механизм байна уу, үгүй юу гэдэг нь чухал байдаг гэнэ. Энэ механизм нь сайн байвал хүний эрх нь зөрчигдлөө ч хамгаалагдаад явах бүрэн боломжтой байдаг байна. Харамсалтай нь Монгол Улсад хүний эрхийг хамгаалах тогтолцоо нь жинхэнэ утгаараа хэрэгжиж, бүрэн дүүрэн ажиллаж чадахгүй байгааг иргэний нийгмийн төлөөллүүд санал нэгтэйгээр хэлсэн юм. Үүнийгээ манай улс хүний эрхийн асуудалд зарим талаараа урагштай бас ухралттай байгаагаар тайлбарлаж байв.
Монгол Улсад эрүүдэн шүүх механизмыг үгүй болгох зорилгоор Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протокол болон галт зэвсгийг худалдаалах асуудлаар хийсэн гэрээнд нэгдэж чадсан нь чамгүй амжилттай байгаагийн илрэл гэнэ. Мөн зарим талаараа ухарсан байна. Үүний нэг жишээ нь Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгасан явдал аж.
Төрийн албан хаагчийн зүгээс хүчирхийлэл үйлдэж хэн нэгэнд эрүү шүүлт тулгах, зүй бус харьцсан хэргийг хараат бусаар мөрдөн шалгадаг байгууллагагүй болсон байна. Уг нь энэ байгууллага хамгийн хараат бус байгууллага байжээ. Эрүүдэн шүүх элементүүдийг таслан зогсоох үйл ажиллагаа явуулдаг, жинхэнэ утгаараа ажиллаж байсан институт байсан гэнэ.
Өөрөөр хэлбэл, хараат, ашиг сонирхлын зөрчилтэй цагдаагийн байгууллага эсвэл Авлигатай тэмцэх газарт буцаад хуваарилж өгсөн нь эргээд ухралт болсон хэмээн Хүний эрхийн үндэсний комисс болон иргэний нийгмийн байгууллагууд санал нэгтэй байсан юм. Чухам энэ ахиц, амжилт бас учир дутагдалтай асуудлаас үүдэн дөрвөн бүлэг асуудлыг хөндөж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зургаан зөвлөмж гарган УИХ-д хүргүүлж байгаа юм байна.
Тухайлбал, Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Хорих болон цэргийн анги дахь албадан хөдөлмөр, Гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй, эмэгтэйчүүдийн эрх, Эрүү шүүлтээс ангид байж эрхийн хэрэгжилт, хохирол нөхөн төлүүлэх эрх, Хөдөлмөрийн харилцаан дахь жендерийн ялгаварлан гадуурхалт, ажлын байран дахь бэлхийн дарамт гэсэн сэдвийн хүрээнд илтгэлийг боловсруулжээ.
Үүн дундаас манайд барилга, худалдаа болон төрийн байгууллагын салбарт хүний эрх түгээмэл зөрчигдөж байгаа судалгааны дүн ч гарч. Мөн хууль зүйн салбарт хүний эрх хэрхэн зөрчигдөж байгааг Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан харамсалтайгаар нас барсан жишээг хэлсэн юм. Энэ нь хүний эрхийн маш том зөрчил гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж онцолсон. УИХ шийдвэр гаргах төвшинд чухам ямар зүйлд анхаарах хэрэгтэй талаар иргэний эрхийн талаар үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл саналаа хэлснийг тоймлон хүргэе.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат:
-Сүүлийн үед барилгын салбарт хүний эрх их зөрчигдөж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах гэдэг асуудлаар алив нэг осол гарсны дараа анхаарал хандуулдаг. УИХ өөрөө Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дагуу ажил үйлчилгээний зардлыг нь 0.3 хувь болгон тусгайлан төсөвлөх ёстой. Жилийн жилд энэ асуудал яригдаад л өнгөрдөг.
Нэгэнт төсөвт мөнгө суулгаагүй учир тухайн барилгын компани, аж ахуйн нэгж ярих төдий байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал зөвхөн барилга биш бүх салбарт бий. Олон байгууллагаас энэ санал орж ирдэг. Улсын төсвийн хөрөнгөд багтаан суулгаж өгөх асуудлыг УИХ анхаарах хэрэгтэй. Хуулийн дагуу гарах зардал гэдэг утгаар нь хандаасай. Үүнтэй холбоотой аж ахуйн нэгжийг ч хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудалд татан оролцуулах ёстой. Урьдчилан сэргийлэх, хамгаалах, тодорхой бодлого болгох нь чухал.
“Оюу толгой хяналт” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Сүхгэрэл:
-Компаниуд, аж ахуйн нэгжүүд аюулгүй байдлаа хангаагүйн улмаас ажилтан гэмтдэг. Энэ асуудлыг тухайн компани, байгууллага өөрөө хариуцдаг. Өөрөөр хэлбэл, ийм тохиолдолд асуудлыг шийдэх эрх зүйн зохицуулалт байхгүйн улмаас нэгэнт гэмтсэн хүнээ компаниуд л хариуцдаг. Гэтэл нийгмийн халамжийг татвар төлөгчид санхүүжүүлж байна. Үүний оронд компаниуд өөрсдөө хувийн даатгалаараа тухайн ажилтнаа даатгаад явбал хавьгүй дээр.
Мөн ажлын байрны аюулгүй байдлыг төсөв санхүүгээрээ зохицуулж байж хүний эрхийг хамгаалах асуудалд ахиц гарна. Эхлээд хамгаалалтаа бий болгоод урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Ер нь хүний эрхийг хамгаалсан ямар ч хууль гарсан түүнийгээ дагасан төсөв байх ёстой. Төсөвтэй байж хүний эрх хамгаалагдана.
“Монголын Эмнести Интернэшнл”-ийн захирал Б.Алтантуяа:
-Нэг эрх зөрчигдөхөд бусад эрх нь ар араасаа зөрчигддөг жамтай. Тиймээс төр засаг Хүний эрхийн үндэсний комисс болон иргэний нийгмийн байгууллагын дуу хоолойг анхааралтай сонсч байгаасай. Хүний эрхийн талаарх илтгэлүүдийг УИХ хууль, тогтоомждоо хэдий сайн тусгана төдий чинээ хүний эрхийг хамгаалахад чиглэсэн бодит хууль дүрэм гарах юм. УИХ, Засгийн газар, Хүний эрхийн үндэсний комисс болон иргэний нийгмийн байгууллагууд салшгүй уялдаа холбоотой ажиллах ёстой.
Д.ЦЭЦЭГ
ЗУУНЫ МЭДЭЭ