60 мянган төгрөгөөр хүүхдээ харуулаарай
Хичээлийн шинэ жил эхлэхээр эцэг эхчүүдэд хүүхдээ хаана ямар цэцэрлэг сургуульд өгөх вэ гэсэн асуудал тулгардаг. Дээр нь манай улс цөөхөн сургууль, цэцэрлэгтэйгээс бага насны хүүхдийн талаас илүүгүй хувь нь л цэцэрлэгт хамрагддаг. Мөн хувийнх нь төлбөр өндөр учраас амьдралын боломж тааруу айлын хүүхдүүд цэцэрлэгээр тэр бүр хүмүүжиж чаддаггүй.
Тэгвэл Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хүрээнд Хүүхэд харах үйлчилгээний загвар төвийг нээжээ. Баянхошууны эцэст байрлах тус төв нь энэ оны гуравдугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Өчигдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Уянга болон Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид Хүүхэд харах үйлчилгээний төвтэй танилцлаа.
Гаднаа тоглоомын талбайтай, дотроо унтлагын өрөө, чөлөөт цагаа өнгөрөөдөг заал, гал тогоо, угаалгын өрөөтэй энэхүү байшинг хувь хүнээс сарын 300 мянган төгрөгөөр түрээсэлдэг юм байна. Угаалгын өрөөндөө бойлууртай, хүүхэд тус бүр ариутгасан суултууртай юм. Харин гал тогооны өрөөнд өлзий зууханд гал түлж хүүхэд түлэгдэхээс хамгаалж өндөр модон хашлага хийжээ. Хүүхдүүдийн тоглож, хүүхэлдэйн кино үздэг өрөөнд төрөл бүрийн зөөлөн тоглоом ширээ сандал гээд их л тохилог юм.
Тоглоомын талбай болон дотоод тохижилт нь 20 сая төгрөгөнд багтсан байна. Энэ төвд өглөө 08:00 цагаас орой 18:00 цаг хүртэл мэргэжлийн гурван багш хүүхдүүдийг асарна. Эдгээр багш нар гэртээ ажилгүй байсныг сарын 400 мянган төгрөгөөр цалинжуулан хүүхэд харуулж байгаа гэнэ. Энэ нь бас ажлын байр бий болгож байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа. Хүүхэд харах төвд цэцэрлэгт хүүхдээ өгч чадахгүй байгаа буюу дунджаас доогуур амьдралтай айлуудын хүүхдүүдийг авсан байна.
Энэ төвд сард 60 мянган төгрөг төлөөд хүүхдээ харуулах боломжтой юм. Ер нь заавал амьдралын боломж харгалзахгүйгээр хүссэн хэн бүхний хүүхдийг харах боломжтой гэнэ. Хүүхэд харах үйлчилгээний төвд олон хүмүүс хандаж байгаа ч байрны хэмжээнээс хамаараад 15 хүүхэд л авчээ. 2-5 насны эдгээр хүүхдүүдэд шүлэг уншиж өгч, дүрс зуруулж, хүүхэлдэйн кино үзүүлдэг гэнэ.
Мэдээж өдөрт унтуулна, дасгал хийлгэнэ, гурван удаа хооллоно. Дүүргийнхээ өрхийн эмнэлэгтэйгээ гэрээтэй ажилладаг учраас хүүхэд өвдөх үед эмч ирж үздэг гэлээ. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хоол хүнсэнд хяналт тавихын тулд сард нэг удаа хамт явж хүнсийг нь цуглуулдаг юм байна. УИХ-ын гишүүн Г.Уянга “Өөрсдөө байшингаа бариад хүүхэд харья, байшингаа суллаад гэрт оръё гэсэн айлууд цөөнгүй байгаа. Хууль батлагдвал багш нарыг дахин сургалтад хамруулах, нэг дүүрэгт 10-20 ийм төв байгуулах боломжтой.
Бүх зардлыг улсаас гаргаад эцэг эхчүүдээс сарын төлбөрийг авахад л болно гэв. Бүх хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулья гэвэл ойрын 20 жилд төсөв хүрэхгүй” гэсэн юм. Мөн Хүүхдийн баяраар эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт явуулахын тулд жагсаал зохион байгуулах санааг ч албаны хүмүүс хэлж байв.
С.УЯНГА
ЗУУНЫ МЭДЭЭ