Далайд гарцгүй орнуудын уулзалт Монголд болно
НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн албатай Гадаад харилцааны яам хамтран “ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: ДГХБО-дад үзүүлэх нөлөөлөл”сэдэвт олон улсын хурлыг ирэх зургаадугаар сарын 2-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэж байгаа ажээ .
ДГХБО-дын бүлгийн 32 улс, хандивлагч болон дамжин өнгөрөх улсуудын төлөөлөл оролцох энэхүү хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орны асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Г.Ч.Ачариа, Замби Улсын Худалдаа, үйлдвэрийн сайд Роберт Сичинга, Болив Улсын Гадаад худалдааны дэд сайд Уолтер Эндара Вера, ДГХБО-дын бүлгийн дарга, Замби Улсын Элчин сайд Муаба Бота, ДГХБО-дын бүлгийн зохицуулагч НҮБ-ын Женев дэх төвд суугаа Элчин сайд Хуан Мартинез нар оролцохоо мэдэгдээд байна.
Мөн хуралд Дэлхийн Гаалийн Байгууллага, Дэлхийн Худалдааны Байгууллага, НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал, Олон улсын худалдааны төв зэрэг олон улсын 10 шахам байгууллага, зарим орны худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөл, манай улсаас худалдааг хөнгөвчлөх чиглэлээр ажилладаг төр, засгийн газрын байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцоно.
Улаанбаатар хотноо байгуулагдсан Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Олон улсын судалгааны төв “Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: ДГХБО-дад үзүүлэх нөлөөлөл” зэрэг судалгааны дүнг далайд гарцгүй орнуудад танилцуулах, ирэх оны 11 дүгээр сард болох НҮБ-ын ДГХБО-дын II Бага хуралд бэлтгэх, 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтод ДГХБО-дын хөгжлийн сорилтуудыг тусгахад ач холбогдолтой арга хэмжээ болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Г.Уянга
оллоо.мн