Монголын сэтгүүлчдийн эвлэлээс мэдэгдэл гаргалаа

Манай салбарын нэр хүндтэй холбоотой асуудал сүүлийн үед нэлээд яригдаж буйтай холбогдуулан Монголын Сэтгүүлчдийн Эвлэл мэдэгдэл хийх нь зүйтэй гэж үзлээ. УИХ-аар эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэх явцад “Хаалтын гэрээ”-ний тухай асуудал хүчтэй яригдаж, Монголын сэтгүүлзүй бүхэлдээ ийм асуудалд ороолдсон мэт ойлголтыг нийгэмд төрүүлснийг буруушааж байна. МСЭ сэтгүүлчдийн ёсзүйн асуудалтай холбоотой аливаа мэдээллийг нээлттэй хүлээн авч шийдвэрлэнэ гэдгээ албан ёсоор зарлаад хоёр жил гаруй болоход “Хаалтын” гэж  томъёолсон гэрээтэй холбоотой гомдол санал нэг ч удаа ирээгүй болно. МСЭ, эсвэл хууль хяналтын байгууллагад хандаагүй атлаа  ийм яриа цуу нийгэмд цацах нь  сэтгүүлзүйн салбарыг бүхэлд нь харлуулж нэр хүндийг нь унагах, үнэн үгийг үнэгүйдүүлэх, саармагжуулах зорилготой үйлдэл, эсвэл хэн нэгэн өөрийгөө баатар болгож харуулах гэсэн тоглолт гэж үзэж байна. 

Монголын хэвлэл мэдээллийн зах зээл нь ашиг багатай, эрсдэл ихтэй эмзэг салбар бөгөөд улс орон нийгмийн шинэ тогтолцоонд шилжсэн сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд энэ салбарын ачааны хүндийг хувийн хэвшлийнхэн үүрсээр ирсэн бөгөөд төрөөс тэднийг цогц бодлогоор дэмжиж чадахгүй байлаа гэхэд жам ёсны хөгжилд нь чөдөр тушаа болсон шийдвэр шийдлээр саад тээг тавихгүй байх нь чухлыг мөн сануулж байна.

Монголын сэтгүүлзүй бол сүүлийн хорин жилд хамгийн хурдтай хөгжсөн, эрчтэй тэлсэн салбарын нэг яалтгүй мөн. Ийм хөгжил хөдөлгөөнийг дагасан  гэрэл сүүдрийн аль аль нь манайд бий. Тэгээд ч салбарын онцлогоос болоод сэтгүүлзүйн алдаа оноо нь нийгэмд үргэлж ил тод, нээлттэй байдаг. Энэ нээлттэй байдал нь хэн дуртай нь сэтгүүлзүй рүү нулимах шалтаг болох ёсгүй. 

Манай салбарын онцлог нь нэг хэсэг асуудлыг хуулиар зохицуулдаг, нэг хэсэг асуудлыг ёсзүйгээр зохицуулдагт оршдог. Бид өөрсдийн алдаа оноог сайтар мэдэж байгаа бөгөөд сэтгүүлчдийн ёсзүйн асуудлыг шийдвэрлэх өөрийн зохицуулалтын оновчтой арга механизмыг сүүлийн үед идэвхтэй эрэлхийлж, зөв сайн эхлэлүүд нэгэнт тавигдаж байгааг тэмдэглэхийг хүсч байна. 

Манай салбартай холбоотой аливаа асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх, шийдвэр гаргахдаа МСЭ болон сэтгүүлзүйн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хөрөнгө оруулагчид, менежерүүд, ажилтан ажиллагсдын байр суурь, санал бодлыг ямагт харгалзан үзэж, хүндэтгэлтэй хандахыг уриалж байна. 

Бурууг бусад руу чихэхийн золиос нь Монголын сэтгүүлчид, сэтгүүлзүй болох ёсгүй бөгөөд ийм хандлагын эсрэг тууштай тэмцэж, мэргэжлийн болоод салбарын нэр хүндээ хамгаалах нь нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхэм үүрэг болоод байгааг сануулж, эв нэгдэлд уриалан дуудаж байна. 

 МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button