Өвчин намдаах тариа ашигтай бизнес болсон уу?
Эхчүүд хүүхдээ алах гэж арван cap тээдэггүй. Эмч хүн хүний орчлонд дөнгөж мэндэлж буй нярайг хорвоогоос буцаах гэж эх барихаар гараа тосдоггүй гэдэг. Гэтэл ор тасаг хүрэлцэхгүй байна гээд гэртээ төрж байгаа ээжүүд ганц нэгээр тоологдохгүй байна. "Эмч, эмнэлгийн бараа харсан ч эх, хүүхэд хоёрыг эсэн мэнд төрүүлэх эмч, сувилагч нь хүрэлцэхгүй олны дунд мал шиг мөлхөөд, зөнгөөрөө төрж байгаа ээжүүд бас цөөнгүй байна.
Энэ бүхний эцэст нийслэлд эхчүүд, хүүхдүүдийг эсэн мэнд төрүүлнэ гэсэн уриатай, хэтэвчнийх нь нимгэн зузааныг харж үйлчилдэг хувийн эмнэлгүүд шил шилээ даран гарч ирж байна. Хариуцлагатай нэг нь эхчүүд, хүүхдүүдийг эрсдэлгүй төрүүлж байна. Харин хариуцлага үүрэх чадваргүй нэг нь төрөх явцад хүндрэл үүссэн тохиолдолд Эх нялхсын эмнэлэг рүү ухаантай, ухаангүй шахам түрж ирдэг тохиолдол олшроод байна. Энэ тухай бид өмнө нь дэлгэрэнгүй нийтэлж байсан. Харин энэ удаа тоо нь хэтийдсэн төрөх эхчүүдээр төрөх эмнэлгийн эмч нар өөрсдөө бизнес хийж байгаа тухай өгүүлэх гэсэн юм.
Нийслэл хотод эх барихын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг нэлээд хэд бий. Боломж бололцоотой нэг нь 1,5 сая төгрөгөө төлөөд, тэдгээр хувийн эмнэлэгт амруугаа цай, шөлөө халбагдуулаад, тав тухтай төрдөг тогтолцоо манайд нэвтрээд удаж буй. Харин тоолдог хэд нь байсан ч улсын эмнэлгийн эмч нарыг арай илүү ур чадвартай гээд төрдөг эхчүүд манайд хэдэн мянгаараа тоологддог. Гэтэл сүүлийн үед улсын эмнэлэгт амаржихаар ирсэн ээжүүд өвчин намдаах тарианы тухай ам дамжин ярьдаг болоод удаж байна.
Учир нь төрөх үеийн өвдөлтөө тэсвэрлэж чадахгүй болсон ээжүүдэд өвдөлт намдаах тариаг өөрөөс нь асууж байгаад нуруу нугас руу нь шууд тарьчихдаг болсон гэнэ. Таньж мэдэх хүмүүс дунд маань тав, зургаа нь энэ тариаг хийлгэсэн гэж байна. Нугас руу тарьдаг энэ тариа өвчин намдаах үйлчлэлтэй бөгөөд хийсвэрээр төрж байгаа эхчүүдэд эмч, эмнэлэг хоёрын заалтаар үнэгүй хийж өгдөг юм байна.
Харин төрөх үеийн өвдөлтөө тэсвэрлэхгүй өөрийнхөө хүсэлтээр тариулж байгаа эхчүүдийн олонх нь энэ тариаг эмчийн халааснаас 75 мянган төгрөгөөр худалдаж аваад тариулсан гэх юм. Эсрэг заалт, элдэв сөрөг үйлчилгээг нь эмч нараас асуувал эх, хүүхдийн биед элдэв гаж нөлөөгүй гэх аж. Харин энэ тариаг хийлгэсэн бүсгүйчүүдийн олонх нь төрсний дараа нуруу өвдөж, хүйт даадаг болсон гэх юм. Мөн энэ тарианы үйлчлэлд бүсэлхийнээс доош ямарч мэдээгүй болдог учраас төрөх үеийн өвдөлт намждаг, зарим нь бүр яаж төрснөө ч мэдээгүй хэмээн ярих аж.
Ямартай ч эмнэлгийн заалтаар, хагалгааны аргаар төрөх зэрэг зайлшгүй шаардлагатай үед тарьдаг энэ тариаг хэн дуртай нь тариулдаг болсон нь эхчүүд, эмэгтэйчүүд эрх чөлөөгөө эдэлж байгаа хэрэг үү эсвэл эмч нарын бизнес цэцэглээд эх захаа алдсаных уу. Төрөх эхчүүд олширч, төрүүлэх эмнэлэг цөөдөхийн хэрээр эмч нарын дунд бас эм тарианы бизнес газар авах хандлагатай байна.
Б.БЭРЦЭЦЭГ
ЗУУНЫ МЭДЭЭ