И.Одончимэг: Залуу нас бол бурхнаас өгсөн бэлэг
“Утасны анд” Гавьяат жүжигчин И.Одончимэгтэй холбогдлоо. Тэрээр “Гэгээн муза-11” наадмаас “Сэрүүн хасын нууц” жүжгээрээ “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал авсан билээ.
–Сайн байна уу. Шилдэг эмэгтэй жүжигчин болсонд тань баяр хүргэе?
-Баярлалаа. Танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе.
–Шагнал авах үедээ юу бодож байв?
-Хамгийн эхэнд ээждээ л “баярлалаа” гэж хэлмээр санагдсан. Намайг юунд ч санаа зоволгүйгээр зөвхөн уран бүтээл хийх бололцоог өгсөн. Хэрэв тэр хүн байгаагүй бол би өдий зэрэгтэй амьдрахгүй байлаа. Мөн найруулагч Найдаадаа талархаж байлаа.
–Алаг нүдэн Одноо улам залуу эрч хүчтэй болсон шиг харагдсан шүү?
-Тийм бол үнэхээр сайхан байна. Залуу нас өөрөө дэндүү сайхан, бурхнаас өгсөн бэлэг юм. Бүсгүйчүүд минь цэцэг шиг эмзэг, турьхан ч гал цогтой, залуу насаараа өөрийгөө чимж яваарай. Мөн ганцхан олдох насаа хайрлаарай.
–Улаан хивсний ёслолын үеэр зарим хүмүүс таныг дэндүү даруухан сонголт хийж гэж байсан?
– Би өөртөө таалагдсан хувцсаа л өмсөх дуртай. Миний өмссөн хослол биед эвтэйхэн, аятайхан санагдсан. Заавал хүнд, урт даашинз өмсөх албагүй шүү дээ.
–Гэхдээ та үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан. Гоо сайхныхаа нууцаас хуваалцаач?
-Нууц байхгүй ээ. Өөрийнхөө арьсанд тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Амрах үедээ арьсаа эрүүл байлгаж, будагнаас татгалздаг. Мөн аль болох эрүүл хүнс хэрэглэхийг хүсдэг юм.
–Жингээ яаж барьдаг вэ?
-Үргэлж хөдөлгөөнтэй байхыг хүсдэг. Тэгээд ч жүжигчин гэдэг мэргэжил биднээс хөдөлгөөн, бэлтгэл шаарддаг учраас таргалалтаас айдаггүй. Хоолоо зохицуулаад сурчихвал бүр сайн юм билээ.
–Уран бүтээлийн хажуугаар бага охиндоо хэр зав гаргаж байна?
-Тоглолттой үед оройтож гэртээ харьдаг. Гэхдээ охин минь балчир байгаа учир аль болох хамт байхыг хүсч байна.
–Таны охин том болоод ээж, эгч шигээ жүжигчин болно гэвэл яах вэ?
-Үнэхээр хэлж мэдэхгүй юм. Тухайн үедээ л болох байх. Тэр бол охины минь хүсэл мөрөөдөл, хувь тавилан.
Ч.ГАНТУЛГА
ЗУУНЫ МЭДЭЭ