Төсөвт өртөг нэмэгдэн орж ирж ирсэн учрыг тайлбарлахыг хүсэв
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
Төсвийн тодотголын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулав.
Мөн төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар уншиж сонсгосны дараа гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.
Ингээд Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж эхэлсэн юм.
Энэ үеэр Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд зарим төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдэн орж ирж ирсэн учрыг тайлбарлахыг хүссэн. Тэд үнэхээр зарим арга төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдэхээр байгаа бол уг төслийг боловсруулан оруулж ирсэн Засгийн газарт нь буцаах хэрэгтэй гэсэн саналтай байлаа.
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн тайлбарласнаар, төсвийн тодотголд тусгагдсан 160 обьектоос 10 гаруй обьектынх нь тухай жилийн санхүүжилтийг тодотголд тусгаад төсөвт өртгийг нь орхигдуулсан байсан аж. Энэ алдааг засахдаа аудитын дүгнэлтийг үндэслэсэн гэдгийг мөн нэмж хэлсэн юм.
Ийнхүү санал хураалт эхэлсэн ч төсөвт өртөг нь нэмэгдсэн эмнэлгийн барилгын асуудлыг Эрүүл мэндийн сайдаас, Аудитын газраас тодруулах шаардлагатай гэж гишүүд үзсэн учир үдээс өмнөх хуралдааныг завсарлуулан үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтлоо.
П.УНДРАМ
Оллоо.мн