Ц.Баярсайхан: Төсөвт өртгийн үнэ цаашдаа ч өснө

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг өнөөдрийн чуулганы үдээс өмнө, хойшхи хуралдаанаар үргэлжүүлэн хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөөр царцаасан объектоос эхний ээлжинд 140-ийг нь 130 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх асуудлыг хэлэлцэхэд маргаан дагуулав.

УИХ-ын гишүүн Б.Болор “Ажлын хэсгийнхэн дураараа ямар нэгэн байдлаар төсөв нэмээгүй. Төсөвт өртөг нэмэгдсэн обьектуудаа аудитын  болон холбогдох газрынхныг байлцуулан байж танилцуулах нь зүйтэй гэж үзээд тодорхой саналуудаа хэлэлцүүлгээс түр татан авч байна” гэлээ. Ийнхүү царцаасан барилгуудаас төсөвт өртөг нь нэмэгдсэн 9  обьектыг нэмэгдсэн байдлаар биш анх оруулж ирсэн байдлаараа батлагдахаар болж уг асуудлыг төсвийн тодотголыг хэлэлцэх хүртэл нь хойшлуулахаар болсон байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Ц.Баярсайхан “Төсөвт өртгийн үнэ цаашдаа ч өснө. Он дамжиж байгаа арга хэмжээнүүд 2006-2007 оны арга хэмжээ дөрөв, 2012 оны хүртэлх нь 40 хувийг эзэлж байгаа. Энэ нь зураг төсөвгүйгээр оруулчихдаг. Тиймээс үүнийг гүйцээх хэрэгтэй. Би ажлын хэсгийг үүн дээр ойлголцсон гэж бодсон. Тендэрийн хуулиас шалтгаалсан зүйл байна. Нэг маргаан гарвал ес сарын хугацаанд маргаан шийдвэрлэгддэг. Энэ нь он дамжаад явахад хүрч байгаа юм.  Цаашдаа тогтсон журамтай байх хэрэгтэй” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Эмнэлгийн барилгууд хасагдаж байгаад харамсаж байна. Үл ойлголцол нь ЭЗХЯ-наас хийсэн жишиг зурагнаас хамаараад байна. Одоо 13 объект царцаад үлдэх нь. Энэ объектуудын заримынх нь ажил эхэлчихсэн байгаа” гэсэн байр суурийг илэрхийлэв.

Ийнхүү холбогдуулан орон нутгаас сонгогдсон гишүүдийн тойрогт хийгдэх барилгын ажлуудын хөрөнгө оруулалтыг нэмсэн, хассан гэдгээс болж гишүүд багагүй санал зөрөлдлөө.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотгол дахь  зарчмын зөрүүтэй саналыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button