Үдээс хойшхи хуралдаан өндөрлөв

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар төсвийн тодотголд туссан зарим барилга, обьектыг барих төсөвт өртгийг нэмж оруулж ирж байгааг гишүүд  шүүмжилж, ямар үндэслэлээр нэмэгдсэн талаар тодорхой хариулт авахыг хүссэн юм. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Болор өгсөн хариултдаа, Ажлын хэсгийнхэн дураараа төсөв нэмсэн асуудал байхгүй. Үндэсний Аудитын газрын дүгнэлт, яамдаас ирүүлсэн санал болон гаргасан зураг төслийг үндэслэн хөрөнгө мөнгийг тавьсан. Харамсалтай нь сөрөг хүчний зүгээс шүүмжлэл тавьж, мөн яамдаас өгч байгаа хариулт хангалтгүй байгаа тул төсвийн тодотголын зарчмын зөрүүтэй саналын томьёоллоос 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 15 дахь санал буюу нийт 9 саналыг татаж авч байгаагаа мэдэгдлээ.

Ингэхдээ төсвийн тодотголд тухайн обьектуудыг барихаар Засгийн газраас төсөвлөн оруулж ирсэн анхны төсөвт өртөг хэвээр үлдэж энэ хүрээнд тухайн обьектуудын ажил хийгдээд явна гэдгийг тэрээр тодотгосон юм.

Ингээд Ажлын хэсгээс татаж авсан саналуудаас бусад зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт үргэлжлэв. Хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоос 4, 5 , 21 дүгээр саналуудыг Ажлын хэсэг мөн татаж авлаа.

Ингээд Төсвийн байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дууссаны дараа дэмжигдээгүй санал хураалтыг маргаашийн чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн явуулахаар болов.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button