АТГ-Алтанхуягийг тарчлаах газар

Ачааны хүнд, амьдралын хэцүүг үүрч яваа Н.Алтанхуягийн Засгийн газрыг ганхуулах талаарард түмэн үг дуугарч, үзэл бодлоо илэрхийлсэн нь үгүй. Учир нь Ерөнхий сайдын авчирсан олон шинэчлэл, тэр дундаа үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн цогц бодлого МАН-ын Засгийн газрын үед төрийн дарамт, бизнесийн шахаанд удсан жижиг дунд бизнес эрхлэгчдийг баярлуулж буй билээ.Гэвч Засгийн газрын орших, эс орших нь АН-ын зарим эрх мэдэл бүхий нөхдийн хувьд зүйрлэшгүй чухал асуудал болж өдгөө тогоон доторхтүжигнээн нь савнаасаа хальж Н.Алтанхуяг төдийгүй түүний ойр дотны хүмүүсийг ч нэрвэж эхлээд чамгүй хугацаа өнгөрлөө. Чухам хэн, яагаад, яах гээд байгааг “Хуучин бууны хугархай”-нууд бол гадарлаж буй.

Байгуулагдсанаасаа хойш хорин жилийн турш үе үеийн дарга нартаа халгаатай, дотоод зөрчил, амбицаа дарж чадалгүй хоорондоо алалцаж, хагаран бутарч, улмаар МАХН-ын идэш болж байсан АН үнэн хэрэгтээ Н.Алтанхуягийн үед тогтворжсон байдаг. Үүнийг хэнбугай ч хэлнэ.

Хагалан бутаргагч гэсэн этгээд имиджээрээ тухайн үед намынхныгаа гонсойлгож байсан Ц.Элбэгдоржоос АН-ын даргын суудлыг чөлөөт сонгуулиар, олонхийн саналаар гуядаж авсан Н.Алтанхуяг тэр үеэс л эрхэм Ерөнхийлөгчийн гол дайсан болсон билээ. Ямартаа Ц.Элбэгдоржийн мөнхийн дагуул болох З.Энхболд Н.Алтанхуягийг намын дарга болсных нь төлөө шаралхаж, Ардчилсан хүчний холбоо хэмээгчийг байгуулсан түүхтэй. Түүний удирдсан Ардчилсан хүчний холбоо АН-ыг талцуулан хувааж, нам доторх намын үүрэг гүйцэтгэн тусдаа Их хурал хүртэл зарлан хуралдуулж байсныг өдгөө олон хүн санаж байгаа. Гэвч Н.Алтанхуяг даргадаа халгаатай, эвлэрэл хэмээгчийг мартсан, хурал болгоны үеэр хаалга савж, ханаа цөм өшиглөдөг АН-ынхныг эв нэгдлийн дор зангидан төлөвшүүлж чадсан байдаг. Чухам энэ эв нэгдэл нь 2012 оны УИХ-ын сонгуулийн шийдвэртэй ялалтыг АН-д авчирч, энэ нам анх удаа төрийн гурван өндөрлөгийг эзлэх эрхтэй болсон. Харамсалтай нь өдгөө Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газрыг түлхэн унагах оролдлого АН-ын зарим нөхдийн зүгээс удаа дараа гарч, ханилж яваад нөхрөө хадрах хандлага ажиглагдах болов.

Монгол улсын Ерөнхийлөгчийн шууд удирдлаганд АТГ ажилладгийг бүгд мэднэ.Ц.Элбэгдорж дахин сонгогдохынхоо өмнө буюу 2013 оны ¬Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан АТГ-аар дамжуулан МАХН болон МАН-ыг дарамт шахалтанд оруулж, Н.Энхбаярт ял сонсгосноороо гол өрсөлдөгчөө дарж авсан нь өдгөө нэгэнт тодорхой болсон. Тэр үед намаасаа дэмжлэг хүлээхийн тулд Н.Алтанхуягтай муудалцах нь түүнд ашиггүй байв. Гэвч  2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа маргааш өдрөөс эхлэн аашаа хувиргаж, Н.Алтанхуяг болон түүний гэр бүл, Шинэчлэлийн Засгийн газрын сайд нарыг АТГ-аар шалгуулах кампанит ажлыг эхлүүлсэн нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Үүний хамгийн сүүлийн жишээ гэвэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг өөрийн баруун гар болох З.Энхболдоор намнуулах гэсэн оролдлого юм.

Үүнээс гадна Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гэр бүл, үр хүүхдийн дунд АТГ-т шалгуулаагүй хүн үлдэхгүй бололтой. Өөрөөр хэлбэл, АН-ыг эв нэгдэлд уриалан дуудаж, дараалсан гурван ч сонгуульд ялалт  байгуулахад зүг чиг нь болж, Шинэчлэлийн Засгийн газрыг удирдаж байгаагийнхаа төлөө  Н.Алтанхуяг Ц.Элбэгдоржийн хамгийн том дайсан болж хувирчээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн дүү болох Г.Дэнзэн эхний золиос байлаа. ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн мэдлэг боловсролтой залуу хүний хувьд төрд хүчээ өгч, улмаар АН-ын зөвлөлд багтан уул уурхай, тэр дундаа Оюутолгойн асуудлаар судалгаа хийж эхэлжээ. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх зорилгоор тооцоо судалгаа хийж, АН-ын “Монгол хүн-2020” хөтөлбөрт ажиллан, 2012 оны сонгуулийн үеэр намынхаа шуурхай албаны даргын ажлыг хариуцаж байжээ.

Энэ залуугийн улс төрийн карьер мухардалд орох болсон шалтгаан нь өнөөх л Н.Алтанхуяг. Ерөнхий сайдын хүргэн дүү байсан нь түүний гэр бүлийг Тавантолгойн тендертэй холбоотой гэх 17 тэрбумын хэрэгт хутгаж, бас болоогүй, АТГ-ын хаалгыг татан, улмаар олон нийтэд өгөөжөө өгч эхлээд байсан ажлаасаа татгалзахад хүргэсэн билээ.”Эрдэнэс Тавантолгой” компанид шигдсэн хувалзнуудыг илчлэн бодит үр ашгийн тооцоог шударгаар хийж дэлгэн харуулсан нь эрх мэдэлтнүүдийн эрх ашгийг хөндөж, Г.Дэнзэнг золиослох шалтгаан болсон гэлцдэг.

Гэвч үүнээс том шалтгаан байсан нь Н.Алтанхуягийн ойрын хүн гэдэг тодотгол нь Г.Дэнзэнг энэ бүх гүтгэлгийн золиос болгожээ. АТГ-ын дараагийн бай нь мөн л Г.Алтанхуягийн ойрын хүн болох, охин А.Саранзаяа болов. Нялх хүүхдээ асран гэртээ сууж буй энэ гэмгүй бүсгүйг АТГ “Цэвэр агаар” сангийн хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа. Нэгэнт шүүх байгууллагаар шийдэгдсэн хэргийг сөхөж, Н.Алтанхуягийн охин болж төрснийх нь төлөө А.Саранзаяаг буруутган шалгах улс төрийн сонирхол АТГ-т байна уу, эсвэл энэ байгууллагыг шууд удирддаг Ц.Элбэгдоржид байна уу?

Өдгөө АТГ Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх, С.Батмөнх нарыг мөн шалгаж эхлээд байна. Ийнхүү Н.Алтанхуяг болон түүний ойрын хүмүүсийг боргох болсны учир нь АН-ын дотоодод өрнөж буй дараагийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын суудлын төлөөх мөрөөдөл юм. Ялангуяа улс төрийн карьер нь 2017 оноор эцэслэж буй Ц.Элбэгдоржийн хувьд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын суудалд олон жилээр Н.Энхбаярын адил халаа сэлгээгүй тухлах гэсэн том мөрөөдлөө ажил хэрэг болгож эхэлж буй бололтой. Дэлхий даяараа эдийн засгийн хямралд автан, монгол түмэн ч бас түүний зах зухыг чадан ядан туулж явахад АН ийнхүү 2016, 2017 оны УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа нэгнийгээ намнах, Н.Алтанхуягийг татаж унагах, намаа хагаралдуулах зарчмаар эхлүүлээд байгаа нь үнэхээр ичгүүртэй. Бас анх байгуулагдсан үеийнхээ нэр хүндийг аль хэдий алдаж намаг балчигт хутгалдсан АТГ чухамдаа Алтанхуягийг тарчлаах газар болон хувирсан юм бус уу, одоо.

Д.Удвал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button