Оюутанд ч Сургуульд ч хоёуланд нь асуудал бий

Өчигдөр буюу 2014 оны тавдугаар сарын 21-ний өдөр МУИС-ын оюутнууд тайван жагсаал хийсэн байна. Энэхүү жагсаал бүтцийн өөрчлөлт болон МУИС-ын захиргаанаас шийдэж чадахгүй байгаа асуудлуудыг шийдэхэд анхаарсан жагсаал болсон юм.

Жил бүр оюутан нэгж бүрээс авдаг суурь хураамж хаана, хэрхэн зарцуулагддаг, ашиглалтын хугацаа хэтрэсэн дотуур байрны төлбөр, номын сангийн ажилчдын хүнд суртал гээд нөгөө л жилээс жилд яригдаж байдаг, асуудлууд энэ удаа ч дахин хөндөгдлөө.

Гэхдээ өнгөрч буй хичээлийн улирлаас эхлэсэн бүтцийн өөрчлөлтийн талаар оюутнуудын үзэл бодлоо илэрхийлсэн, анхны жагсаал болсон гэхэд хилсдэхгүй ээ. Бүтцийн өөрчлөлтийг мөнгө шулах шинэ механизм гэж харж байгаа хэсэг бүлэг хүмүүс байхад оюутнуудын мэргэжил сонголт, сэтгэл ханамжийн баталгааг гаргаж өгөх шилдэг арга хэмээн үзэх хэсэг хүмүүс ч МУИС-аар тааралдаж байна.

Мэдээж улсын сургууль бизнесийн ашиг, хонжоо хайх байгууллага мэдээж биш. Энэхүү жагсаалын санаачлагч болох төгсөх курсын кредитний зөрүү төлөх оюутнуудаас ядаж нэг ангиас энэ жагсаалд бүтэн ирж оролцсон, жагссан анги байсангүй ээ.

Түүнчлэн аль хэдийн төгссөн байх ёстой МУИСОХ, ОЗ гэх оюутны нэгдлийн төлөөлөгчид энэхүү жагсаалыг ерөнхийлөн удирдсан нь сонирхолтой юм. МУИС-ын удирдлагыг л зөвхөн оюутнууд шүүмжилдэггүй ээ, тэд ОЗ хэмээх оюутны эрх ашгийг хамгаалагах, дуу хоолой нь болох залуусыг ч ихээр шүүмжилдэг.

Амбиц хөөсөн залуус ОЗ-оор дамжуулж, оюутнуудад МУИС-аас төсөвлөдөг жилийн орлогын 2%-ын төсвийг шамшигдуулдаг гэх мэт олон асуудлуудыг ОЗ, Оюутны Конгресс араасаа дагуулж явдаг нь нууц биш. Төгсөх курс нь өнгөрчөөд байхад хүртэл ОЗ, Оюутны Конгресс, КЗ-тэй зууралдаад явдаг хэсэг залуус ч энэ жагсаалыг толгойлж байгаа харагдсан.

Учир нь бүтцийн өөрчлөлтөөс болж, КЗ, ОЗ, Оюутны Конгресс зэрэг оюутны нэгдэлийн дотоод үйл ажиллагаанд МУИС-ын захиргаа шууд оролцох болсонтой холбоотой юм. Оюутанд үйлчлэх төв нь Оюутны зөвлөл болон сургалтын албыг нэгтгэсэн үйлчилгээ болох төлөвлөгөөтэй байгаа.

Ингээд оюутандаа хүрч ажилладаггүй, төсвийн мөнгийг иддэг хэсэг бүлэг амбицлаг залуус эрх мэдлээ амарч өгөхгүй дүр зураг, бодит амьдрал дээр байтугай сошиал ертөнцөд илэрхий харагдаж байна. МУИС-аас кредитний зөрүү зөвхөн энэ жилийн төгсөгчидөд учирж буй асуудал гэдгийг мэдэгдсээр байхад 1,2-аар курсын дүү нараа ах нар нь жагсаалд тархийн угаагаад оролцуулж байгаа харагдсан.

Кредитний зөрүүнээс болж, өрөнд орсон төгсөх курсын оюутнууд энэ жагсаалын олонх хувийг ч бүрдүүлж чадаагүйгээс үзэхэд жагсаал оюутнуудын бодол санаатай яг цав нийцэхгүй байгаа гэхэд хилсдэхгүй ээ. 200-н хүн хүрэхгүй үгүй энэ жагсаалыг 22,000 мянган оюутантай МУИС-ын удирдлагууд авч хэлэлцэхгүй нь ч жагсаалын явцад харагдсан.

Үнэхээр асуудал байгаа ч тэрний төлөө эвлэлдэн нэгдэж, хэн нэгний ятгалгаар бус өөрсдийн хүсэл сонирхолоор МУИС-ын бүхий л сургуулиадаас залуус нэгдэж, цуглаан хийж чадсангүй. Олонх жагссан оюутнуудыг МУИС-ын 2-р байрны оюутнууд бүрдүүлж, Хууль, Эдийн засгийн сургуулиадаас төлөөлөл хангалттай хэмжээнд байгаагүй юм.

МУИС-ын оюутнууд үзэл бодол, сэтгэлгээгээрээ ижилсэж чадаагүй цомхон жагсаал болж өнгөрсөнг онцлох хэрэгтэй. Мөн МУИС-ын захиргаанд хүргүүлсэн шаардлагаас "МУИС-ийн бүтцийн өөрчлөлт шилжилтийн үед одоо суралцаж байгаа оюутнуудыг хохироохгүй, ирээдүйд чанартай боловсон хүчинг бэлтгэж Монголын тэргүүн их сургууль болж чадна гэдгийг тодорхой үндэслэлтэйгээр гаргасан нотолгоог гаргаж өгөх" зэрэг боломжгүй шаардлагууд хүргүүлснээс үзэхэд яарч хөдлөсөн, дутуу дулимаг жагсаал зохион байгуулж байгаа нь анзаарагдаж байна.

Гэвч МУИС-ын захиргаа хийх, өөрчлөх, засах зүйлс олон байгааг энэ жагсаал харуулсан ч нөгөө талаар амбицлаг залуусын явууллага, ятгалга, массыг хамарч чадахгүй гэдгийг оюутан залуус маань харлаа.

Б.Оюунсайтар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button