Н.Даваасүрэн: Даваасүрэн багшийн нэг оноо бол хамгийн үнэтэй оноо гэж ойлгодог болчихсон

Шинэчлэлийн Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг жигд хөгжүүлэх зорилт тавин ажиллаж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Тэгвэл энэхүү шинэчлэлийг гардан гүйцэтгэгч, боловсролын чанарт ахиц авч ирэх хамгийн чухал хүмүүс бол багш нар. Тиймээс бид өдөр тутмын ажлаа хийж яваа жирийн л нэгэн багш нартай уулзаж, үнэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой юу? Энэ шинэчлэлүүд үнэхээр үр дүнтэй байна уу үгүй юу гэдгийг асуун уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Бид энэ удаад 17 дугаар сургуулийн математикийн багш Н. Даваасүрэнтэй ярилцлаа.

-Та хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхдээ яаж ажилладаг вэ?

-Би улсын байгууллагад 25 жил багш мэргэжилээрээ ажиллаж байна. Сүүлийн хэдэн жил хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн төлөө гэсэн уриан дор ажиллаж байна. Миний хувьд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхдээ тухайн нэг цагийн хичээл дээр хүүхэд юу хийсэн байна. Юуг хийгээгүй байна гэдгийг нь салгаж зааглаж өгөхийг зорьдог. Хамгийн гол нь хүүхэд  миний заасан хичээлээр юу ойлгож цаашдаа ахиж ямар түвшинд хүрч байна гэсэн ахицыг нь л хардаг. Хичээл нэг бүр дээр хүүхдийг үнэлдэг. 40 минутын хичээл дээр 30 хүүхэдтэй ангийн хүүхдүүдийг үнэлэхдээ заавал би ганцаараа байх биш. Ангийнхаа сайн сурдаг 4 юмуу 5 хүүхдийг эхэлж өөрөө шалгачихаад дараа нь тэр 5 хүүхдээрээ үлдсэн хүүхдүүдээ шалгуулдаг. Хичээлийн төгсгөлд хэн яг юмаа хийж чадаж байна, оноогоо гүйцэд авч чадаж уу үгүй юу гэдгийг нягталдаг.  Жишээ нь Болд хийсэн зүйлээ огт үзүүлээгүй байх юм бол тэр өнөөдрийн хичээлээс юм ойлгоогүй  байна гэсэн үг.  Хүүхдийнхээ зорилгыг тодорхойлоод өгчих юм бол юу хийх ёстой гэдгээ мэдэж эхэлдэг. Зорилгогүй сурах ч юм шиг байх ч юм шиг байвал ерөөсөө ахиж дэвшихгүй. Хичнээн сайн хүүхэд байсан ч гэсэн орхигддог. Манай сургуулийнхан миний ангийн хүүхдүүдийг боломжийн сайн хүүхдүүд байдаг гэдгийг мэддэг. Зорилготой болчих юм бол хүүхэд ерөөсөө элдэв юманд орооцолдохгүй яг өөрийнхөө чиглэлээр яваад өгдөг. Зорилготой болгохын тулд маш бага юман дээр урамшуулж чаддаг юмыг заавал дөвийлгөж өгөх ёстой. Багаас нь чи ийм юм чаддаг юм байна. Энэ чинь чамд маш их түшиг болох юм байна гээд хүүхдийг магтаад өгчих юм бол хүүхэд өөрөө цаашаа төлөвшөөд явдаг. Буруу юм хийчихсэн байхад хүүхдэд ширүүхэн хандаж болохгүй.  “Чи тэгчихсэн юм уу, тэр чинь надад таалагдахгүй байна. Болохгүй байна” гээд хэлчих юм бол хүүхэд  урам нь  хугараад  өөртөө итгэлгүй болоод байдаг. Тэгэхээр хүүхдийн чадварыг жижиг гэлтгүй үнэлж урамшуулж байх хэрэгтэй.

-Хүүхэд бүрт тохирсон үнэлгээ өгөх амаргүй. Та хүүхдүүдээ хэрхэн үнэлдэг вэ ?

-Хүүхдүүдээ үйлдэл бүхнээр үнэлдэг. Жишээлбэл нэг бодлого бодуулахаар өгөхдөө тэр бодлогыг бодох үйлдэл бүрээр нь үнэлнэ. Үйлдэл бүрт тавьсан оноо маань нийлээд нэг оноо л болно. Тэгээд хүүхдүүд маань Даваасүрэн багшийн нэг оноо бол хамгийн үнэтэй оноо гэж ойлгодог болчихсон.  Яагаад гэвэл нэг үйлдэл дээрээ алдчихсан байвал тэр нэг онооноос 0.1 ч юмуу хасаад явчихдаг. Хичээлийн цаг  дээр 5 оноо авсан хүүхэд бол хичээлд хангалттай сайн оролцсон гэсэн үг. 5 оноо авч чадаагүй хүүхэд дунд нь алдаад байна гэсэн үг. Чи санамсаргүй алдаа гаргаж байна, хянамгай хийхгүй байна гэсэн жижиг жижиг үнэлгээ өгөөд явчихдаг. Миний үнэлгээний арга бол эхлээд сайн 5 хүүхдээ үнэлчихээд бусдыг нь үнэлүүлэх, эсвэл бодлогоо бодчихоод самбарт хариуг нь биччихнэ. Тэгээд хүүхдүүд харилцан дэвтэрээ солилцоод шалгуулж болно. Миний хичээл заадаг ангийн хүүхдүүд бүгд улаан балтай. Та бүхэн өөрсдөө багш шүү гээд хэлчихээр яг багш шиг хажуу талынхаа хүүхдийг засаад сурчихдаг. Тэгэхээр би 30, 40 хүүхдийн дундуур явах шаардлагагүй болчихдог. Зэрэг шалгаад явахаар хичээлдээ сул хүүхэд нь ч гэсэн бусадтайгаа хамт хөгжөөд явчихдаг.  Өөрөө хүүхэд засах гэж байгаа хүн чинь зөв юм хийх гэж эрмэлздэг.

-Багш бүрийн заах арга өөр өөр байдаг. Таны  хамгийн шилдэг арга зүй юу  вэ ?

Хамгийн гол нь би шинэ хичээлийнхээ сэдэлээ зөв тавьж чаддаг. Жишээ нь параволын график байгуулъя гэхэд параволтой холбоотой амьдралд байгаа бүх юмыг харуулдаг. Энүүгээрээ би хоёр удаа нийслэлийн багш нарын ур чадварын уралдаанд түрүүлж байсан. Улсад нэг удаа түрүүлж байсан. Дүүрэгт зургаан удаа түрүүлж байсан.  Хамгийн гол нь хүүхдэд энэ мэдлэгийг яаж хялбараар өгөх вэ, энэ мэдлэг бодит амьдрал дээр хаана хэрэг болж байна гэдгийг эрж хайдаг.  Амьдрал дээр байгаа юмыг нь үзүүлэхээр хүүхэд маш сайн ойлгодог.  Магадлалын бодлого гэхэд шагай 4 өөрөөр бууна гэдгийг бүгд мэдэж байгаа болохоор 4 өөр үзэгдэл гэхээр хүүхдүүд сонирхоод сайн ойлгож авдаг.  Шинэ хичээл дээр нээрээ ийм юм байна гээд гайхширтал нь сэдлийг маш сайн үүсгэж чаддаг.  Энэ л миний хамгийн гол арга.  Нэг ойлгочихсон юмаа буцаагаад их хурдан мартдаг хүүхэд байна. Удаан мартдаг эсвэл тухайн үедээ ойлгочихсон мөртлөө маргааш нь огт ойлгоогүй юм шиг сууж байдаг хүүхдүүд байна. Тийм болохоор маш сайн дадлага, давтлага хэрэгтэй.

-Хичээлээс хоцрогдсон, ойлгоогүй үлдсэн хүүхдүүдтэй хэрхэн ажилладаг вэ ?

-Хичээл хоцорсон тохиолдолд дандаа хүүхдүүдийг бие биеэнд нь туслуулдаг. Ойлгосон 10 хүүхэд нь ойлгоогүй 10 хүүхдэдээ заана. Бүр ойлгохгүй юм бол би өөрөө тэр хүүхдүүдтэйгээ ажиллана. Үнэнийг хэлэхэд захын хорооллын хүүхдүүдэд эцэг эхийн тавих анхаарал сул байдаг. Тийм учраас 37 хүүхэдтэй ангийн нэг улиралын дүн гарахад 20 нь A, B аваад байдаг. Цаана нь 17 хүүхдийн дүн сул гарна.  Тэгээд л дараагийн улиралд тэр 17 хүүхдээс 3, 4 –ийнх нь дүнг дээш нь ахиулахын тулд ажилладаг.   Цөөн цөөнөөр нь ажилладаг. Хоёр ээлжээр хичээллэдэг учраас  17– ууланг нь аваад ажиллах цаг, анги олддоггүй,. Ангийнхаа онц сурлагатангуудтай хамтарч хүүхдүүдээ ахиулж явдаг. Ерөнхийдөө бол ангийн хүүхдүүд массаараа сайн байхад л анхаардаг.

-Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүйг хэрэглэснээр ямар ахиц өөрчлөлт гарч байна ?

-Өмнө нь би зөвхөн математикаа заагаад хүүхдүүд ойлгоод явбал болоо гэж боддог байлаа. Одоо хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүйг хэрэглэснээр хүүхэд миний хичээлээр хөгжинө дээрээс нь даасан ангийнхаа үйл ажиллагаа, бусад хичээлээс гадуурх үйл ажиллагааг зүй зохистой байлгах, бие дааж ажиллах чадвар, нийгмийн оролцоо нь хэр байна гээд олон талыг анхаарч ажиллах шаардлагатай болсон.  Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхэд эрс өөр болж байгаа. Янз бүрийн юманд оролцож нийгмийн идэвх нь сайжирч байгаа. Авъяас, ном хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа ажлууд бол хүүхдийг маш мундаг болгож өөрийн гэсэн байр суурьтай болгож байгаа. Хамгийн гол хүүхэд өөрөө сэтгээд , хүч хөдөлмөр гаргаад хийчихсэн юмандаа их дуртай байдаг.  Хүүхэд багшийгаа их дуурайдаг.   Нямбай бай, нямбай бай гээд хэлэхээр зэрэг хүүхэд маш их хөдөлмөр орж хийсэн юмандаа  дуртай байдаг.  Хүн чинь ер нь магтаал сонсож байж л хөгждөг юм билээ. Муу хэлүүлсэн хүн улам муу болоод байдаг. Тэртэй  тэргүй чадахгүй юм чинь гээд хойш суугаад байдаг. Бүх талын юманд хүүхдийг оролцуулж байх хэрэгтэй.

-Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүйг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй тал юу байна ?

-Нэг их хүндрэлтэй зүйл байхгүй. Яахав бага ангийн хувьд хүүхдээ зүгшүүрлэх гээд хүндрэлтэй л байдаг байх.  Би ахлах анги учраас нэг их хүндрэл гараагүй.  Өөрсдөө биеэ даачихсан байдаг. Одоо энэ манай ангид байгаа номын санг хүүхдүүд маань өөрсдөө хийсэн.

-Хүүхэд бүр хөгжих боломж байна уу ?

-Бүх хүүхэд зэрэг хөгжихгүй л дээ. Гэхдээ ангийн хүүхдүүдийн 70 хувь нь хөгжөөд ирэхээр бусад нь тэднийгээ дагаад хойш суухаа болиод идэвхитэй болчихдог. Дуурайгаад муу ч гэсэн, муухай ч гэсэн юм хийж л байдаг.  Манлайлагч 10 хүүхэд байхад ангийнхан тэр 10 хүүхдээ дагаад л явчихна. Багаар ажиллахад хүн л болсон хойно заавал нэг тус дэм байдаг. Ядаж нэг цаас эвтэйхэн наачихдаг ч юм уу.  Багш хүүхэдтэй нэг түвшинд харьцаж чадвал бусдыгаа дагаад зугуухан хөгжиж л байдаг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button